0
УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.
Тэрбээр "Маргааш МАН-ын Бага хурал хуралдана. Дүрмийн дагуу намын даргаа сонгох сонгууль болно. Үүнтэй холбоотойгоор мэдээлэл өгөх ёстой гэж бодлоо. Өнгөрсөн хугацаанд юу болж өнгөрсөн, яасан талаар бүх зүйлийг яръя.
Одоогийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын дунд өрсөлдөөн болно. УИХ, Засгийн газар хоёр хоорондоо өрсөлдөж байгаа юм шиг байдал ажиглагдаж байна. Би хувьдаа намын дотоод асуудлыг нам дотроо ярих ёстой гэсэн байр суурьтай байдаг. Гэтэл тийм биш болчихлоо. Тийм учраас олон нийтэд үнэнийг ярих ёстой гэж бодсон юм.
Д.Амарбаясгалан гэж хүн УИХ-ын дарга болохоосоо өмнө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг найман жил хийсэн. Найман жил гэдэг бол урт хугацаа. Тэр яагаад энэ олон жил энэ суудлаас холдоогүй вэ. Учир нь, энэ бол ХОМ мэдүүлдэггүй мөртлөө төр засгийн шийдвэрт шууд оролцдог албан тушаал. Тэр бүх тендерт, бүх томилгоонд оролцож байсан. Тухайн үеийн сайд нар үүнийг баталж ярих ёстой. Би УИХ-ын гишүүн байхдаа их хэлдэг байсан. ХОМ мэдүүлэхгүй байна гэдэг бол хууль хяналтын бүх зүйлээс холуур гар хөлөө гургуулж оролцоно гэсэн үг. Ийм л байсан. Тийм ч учраас тэр найман жил энэ суудалд байсан. Өнөөдөр тэр шунал нь хэтрээд Ерөнхий сайд, МАН-ын дарга болно гэж явж байна.
Монгол Улс хөгжих ёстой, 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэж зарласан. Гэтэл энэ мега төсөл нь 14 мега хулгай болчхоод байна. Хил холболтын төмөр замаа хар. Бөөн хулгай ярьж байна. Нүүрс боловсруулах үйлдвэрийн төслөө хар. Бас л хулгай. 2.2 сая иргэний хувьцааг нь эзэмшиж байгаа Тавантолгойн ордын нэг хэсгийг нь "Админерал" компани газартай юутай нь өөрийн эзэмшилд шилжүүлээд авч болох уу. 750 гаруй төгрөгийн хөрөнгийн тендерт ялангуутаа нүүрсийг нь хилээр гаргачихсан байж болох уу. Үүнийг хулгай гэхгүй юу гэх юм бэ. Бүх монголчуудын хувьцаа үүнд байгаа. Монголчууд бүгд ашиг хүртэх ёстой. Гэтэл нэг хэсэг болох "Бор тээг"-ийн ордыг тэр чигт нь нэг компани авчихсан. Хувьцаа эзэмшигчдээс асуух ёстой ч асуугаагүй. УИХ-ын түвшинд шийдэх ёстой асуудлыг тийм шийдвэр гаргахгүйгээр явсан.
Хулгайтай холбоогүй л гээд байх юм. Би тухайн үед "Нүүрсний хулгайг Төрийн ордон дотор хийнэ. Ордноос зохион байгуулна гэж хэлж байсан. Тэр үед энэ хүн ЗГХЭГ-ын дарга байсан. Хэдэн өрсөлдөгч нараа бүгдийг нь нүүрсний хулгайч гэж зарлуулаад, УИХ-ын 17 гишүүнийг жагсаалтаас гаргасан. Ингэж ашиг сонирхолд нь саад болсон бүх хүнийг зайлуулсан. Бүгдэд нь нэр хоч өгч хөөж явуулсан. Айлгаж сүрдүүлсэн. Үүнийхээ горыг өнөөдөр өөрөө амсаж байна. Намайг бол өөрийнхөө зөвлөхөөр бичиг хүргүүлж байгаад шалгуулсан. Миний эргэн тойрны бүх хүнийг шалгаад, холбож болох бүх юмаар бичиж байсан. Тэгчхээд өнөөдөр Ерөнхий сайд болно гээд дайрч байна. Нүүрсний жинхэнэ хулгайч чинь энэ. Тэр үед нүүрсний хулгайч гэж зарлуулсан хүмүүс бүгд маргааш Бага хурлын үеэр гарч ирж үгээ хэлнэ.
Маргаашийн сонгууль бол МАН хулгайчдаасаа салах сонголт. Хууль засаглах уу, хулгайч засаглах уу гэдэг сонголт. Хэрвээ маргааш Д.Амарбаясгалан ялж, түүнийг намын дарга болговол МАН нүүрсний хулгайчдын нам болно.
Юу үнэн бэ гэвэл, энэ үнэн. Бага хурлын гишүүд хулгайчийг сонгох уу, намаа сонгох уу гэдэг чухал сонголтын өмнө ирсэн байна" хэмээн ярилаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.