dobu.mndobu

Л.Мөнхбаясгалан: МАН татан буугд, эсвэл дахиад эхнээс нь тоглоомын дүрмээ эхэлье

Л.Мөнхбаясгалан: МАН татан буугд, эсвэл дахиад эхнээс нь тоглоомын дүрмээ эхэлье

Өнөөдөр /2025.09.26/ УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн микрофоныг хаасан юм. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Гишүүн бол өөрийнхөө минутын яаж л бол яаж ашиглаж болдог. Миний хамгийн сүүлийн хэлэх үг бол Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой үг байсан. Үг эхлэх үед Х.Булгантуяа дарга миний микрофоныг хаасан.

МАН 126 гишүүний 68-ыг нь бүрдүүлж байгаа. Сүүлийн есөн жил Монгол Улсын төрийн эрхийг барьж засаглаж байгаа. Ер нь 1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш ихэвчлэн засаглаж байсан. Энэ нам ерөөсөө улс төрийн институт болоогүй байна. Сандал ширээний булаацалдаан болохоороо хэн нэгнээ барьж авч хорьдог юм байна. Гэмт хэрэгт хутгах хүмүүсийнхээ нэрсийн жагсаалтыг аргаад АТГ-т өгчихсөн байдаг юм байна.

Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн нь тухайн үед шалгах ёстой байсан хэргээ олон жилийн дараа намын даргын асуудал гараад ирэхэд гаргаж тавьж байна. Энэ бол эс үйлдэхүй.

Өнөөдөр гишүүн байсан Ш.Раднаасэд хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ хүн бас Хууль зүйн байнгын хорооны дарга байсан. Тухайн үед яагаад асуудлыг шалгуулаагүй юм. Сүүлд нь манай УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэвлэлийн бага хурал хийлээ. Бас л баахан гэмт хэрэг ярьлаа. Энийгээ мөн л нуун дарагдуулж байсан байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ эс үйлдэхүйг бид шалгах ёстой. Энэ нам цэвэршээгүй тохиолдолд 1937 онд хийж байсан хэлмэгдүүлэлтээ дахиад хийдэг юм байна.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг та бүхэн мэднэ. Би хэвлэл мэдээллийн салбараас гарсан УИХ-ын гишүүн нэг сэтгүүлчийг хорих эсэхээ МАН-ын том дарга нар яриад сууж байдаг юм байна. Тэгээд үүрэг өгдөг юм байна. Шүүх тэр талаар нь шийддэг юм байна. Дараа нь тэрийгээ өс хонзон болгоод нэгнийгээ ялладаг юм байна. МАН даргаа сонгох гэж энэ олон хэргүүдийг гаргаж ирж байгаа юм чинь эднийд өшөө бугшсан маш их гэмт хэрэг байгаа. Энийг улс төрийн институт гэж болохгүй. Өнөөдөр Д.Амарбаясгалан даргад эрх мэдэл нь байна. УИХ дээр Хянан шалгах түр хороо байгуулж болно шүү дээ. Эсвэл ажлын хэсэг байгуулж болно. Бид тэрийг нь шалгаад өгье л дөө. Хэрэв ингэж чадахгүй бол УИХ тарах хэрэгтэй. Би тийм саналыг гаргана гэж бодож байна. Ийм УИХ байгаад яах юм. Хэн нэгнийгээ дарга болгоно, болгохгүй гэж гаргаж ирж ялладаг, АТГ-ыг гар хөлийнхөө үзүүрээр хөдөлгөдөг, шүүхээс тэр хүссэн ялыг нь өгдөг, хууль биш хүн засагладаг энэ намын бузар булай гараад ирлээ.

Монголын нийгэм есөн жил ийм намаар удирдуулж байна. Бид цаашаа гурван жил энийг хүлээж тэвчих үү. Би лав ийм юмыг тэвчихгүй гэсэн мөрөөдөлтэйгөөр УИХ-ын гишүүн болсон. Тиймээс үнэхээр гутарч байна.

2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших магадлалтай АН-ын 50-аас дээш насныханд бүгдэд нь эрүүгийн хэрэг үүсгэнэ гээд эхнээсээ УИХ руу оруулна гээд бөөн дуулиан шуугиан болж байна. Надад барьж хорих 20 хүний нэр гаргасан гэдэг бол аймшигтай санагдсан. Энэ нам яасан коминтерн угшлаасаа салдаггүй нам бэ. Монголын ард түмнийг үеийн үед нус нулимстай нь хутгаж байх ёстой юм уу. Тийм учраас энэ нам буцаад татан буугд, эсвэл УИХ тараад дахиад эхнээс нь тоглоомын дүрмээ эхэлье. Тэгэхээр би энэ үгийг л хэлэх гэж байсан юм. Харамсалтай нь энэ үгийг хэлүүлсэнгүй" гэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.