dobu.mndobu

Д.Амарбаясгалан, Г.Занданшатарын зодоон дунд Л.Оюун-Эрдэнэ хожив

Д.Амарбаясгалан, Г.Занданшатарын зодоон дунд Л.Оюун-Эрдэнэ хожив

Эрх баригчид өнгөрөгч амралтын өдөр намын даргаа сонгох сунгаагаа хийлээ. МАН-ын Бага хурлын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар нэр дэвшив. Бага хуралд оролцсон 422 төлөөлөгчдийн дунд санал хураалт явуулахад Ерөнхий сайд Г.Занданшатар 44 хувь, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 56.0 хувийн санал авч хэн нь ч 2/3-ын санал аваагүй тул Их хурлаараа намын даргын асуудлаа шийдэх ёстой гэдэг санал гарсан ч Д.Амарбаясгалангийн талынхан Бага хурлаараа асуудлаа шийднэ гэв. Харин Г.Занданшатарыг дэмжигчид өглөө хурлаа үргэлжлүүлье хэмээн хурлын байрыг орхин гарчээ.

Гэсэн ч үлдсэн хэсэг нь 321 гишүүдийнхээ дунд нууц санал хураалт явуулж 85.6 хувь нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг дэмжсэн гэх мэдээлэл бий. Тиймээс МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгаланд тамгаа шилжүүлэн өгсөн. Ингэснээр МАН шинэ даргатай болчихлоо гэж ойлгож болохгүй юм. МАН-ын Бага хурлын гишүүдийн эхний ирцээрээ 2/3-ын босго даваагүй тул үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа аж.

МАН-ын шинэ даргыг Улсын дээд шүүх бүртгэх эсэх асуудал нь эргэлзээ дагуулж байна. Өмнөх Ардчилсан намын жишгийг харвал “Намын дотоод асуудлаа шийдээд ир. Бид улс төрийн намын дотоод асуудалд оролцохгүй” гэдэг байр суурь илэрхийлж магадгүй юм. Өмнө нь Ц.Туваан, Х.Баттулга, М.Тулгатаас эхлээд АН-ын дарга болсон хэн нь ч Улсын дээд шүүхэд бүртгүүлж чадаагүй гашуун сургамж бий. Тиймээс МАН дээр энэ процесс өрнөхийг үгүйсгэхгүй.

Энэ удаагийн МАН-ын Бага хурал ус тосоороо ялгарч, 8 жил намынхаа гал тогтоог базсан Д.Амарбаясгалан нөлөөллөө тогтоосон гэдэг нь харагдав. Харин Их Хурлынхаа 2000 төлөөлөгчөөс намын даргаа сонгосон бол эсрэгээрээ Г.Занданшатарт илүү давуу боломж үүсэх байсан ч үүнээс нь өрсөж Бага хурлаараа асуудлаа шийдэх гэж зүтгэсэн нь энэ.

МАН гэх байгууллагын даргын төлөөх сандал суудлын тэмцэл энэ хүрэв. Эргэж эвлэрэх орон зайгүй болтлоо талцал хуваагдал нь дээд цэгтээ тулсан юм. Товчхондоо Улсын дээд шүүх бүртгэх хүртэл тус намын дарга албан ёсоор Л.Оюун-Эрдэнэ байна. Гартаа тамгатай Д.Амарбаясгалангийн дүрэмгүй ялалт, Ерөнхий сайдын сэнтийтэй Г.Занданшатарын өрсөлдөөн намаа дотроо хувааснаас өөр зүйлгүй юм. Харин цаана нь хагаралдаан дундаас Л.Оюун-Эрдэнэ хожоод үлдлээ.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.