dobu.mndobu

Ийм нөхцөлд Ерөнхийлөгчийн үг үгүйлэгдэнэ

Ийм нөхцөлд Ерөнхийлөгчийн үг үгүйлэгдэнэ

Улс төрийн ууган хүчинд үүсээд байгаа нөхцөл байдал савнаасаа хальж, улсын хэмжээнд хаяа хүрээгээ нэгэнт тэлжээ. Үүндээ улс төрийн зүүн жигүүр болсон АН-ыг ч татан оролцуулах болов. АН ч өөрөө татагдан орсон байж болно. Ямартай ч энэ асуудал нь үндэстний хэмжээнд өрнөж байна. Сүүлдээ Байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдааныг бойкот хийх боллоо. УИХ-ын нэр бүхий гишүүд МАН-аас гарах тухай мэдэгдэхээс эхлээд олон үйл явдал өрнөж байна. Үндсэндээ төрийн ажлыг гацааж, түмэн олны нуруун дээр зовлон үүрүүлэх замдаа шуударлаа. Хүйтний ам нааш харж байгаа энэ үед манай эдийн засаг юу билээ, эрчим хүч ямар билээ, тариа будаа юу билээ, мод түлш хаана билээ. Эднийг хариуцан ажиллаж байгаа сайд нар нь хэн билээ гээд бодохоор бүгд асуудалтай.

Тиймээс МАН доторх бүлэглэлүүд ширээ тойрч суугаад зөвлөлдөх шаардлагатай байна. Ерөнхий сайд асан С.Баяр хүртэл ярилцаж эвлэрэх хэрэгтэйг сануулсан байсан.

Энд одоо Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн байр суурь тун чухал болжээ. Ерөнхийлөгч Та Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Ерөнхийлөгчийн хувиар МАН-д үүсээд байгаа асуудлыг нэг талд нь гаргахад нөлөөлөхгүй бол Монгол Улсын асуудал болчихлоо. Ерөнхийлөгч өөрөө асуудал үүсгээд байгаа намын бүхий л шатанд ажиллаж, энэ намыг удирдаж явсан хүн. Хуваагдлын схемээ ч сайтар харж байгаа байх. Чухам ямар учраас, хэнээс болов гэдгийг ч алган дээрээ тавьсан юм шиг харж байгаа байх. Ийм нөхцөлд Төрийн тэргүүний зангаргатай байр суурь яах аргагүй үгүйлэгдэж байна.

Ерөнхийлөгчийн хувьд үүсээд байгаа нөхцөлийг сайтар ойлгохоос гадна аль нэг талыг нь дэмжиж байгаа гэдгийг нуух хэрэггүй. Тэгэхээр үндэстний өмнө тулгараад байгаа энэ асуудалд аль нэг нам, хэн нэгэн бүлэглэл бус Ерөнхийлөгчийн зүгээс хандах байх. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрөө энэ мэт олон асуудлын өмнө гарч аль нэг талыг барилгүй шийдвэрт хүргэж байсан удаа цөөнгүй бий.

Их Мэдэгч

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.