dobu.mndobu

Х.Нямбаатар эрхэлсэн тодорхой ажилгүй дугаар хорооны иргэн боллоо, одоо яах вэ

Х.Нямбаатар эрхэлсэн тодорхой ажилгүй дугаар хорооны иргэн боллоо, одоо яах вэ

 

Ах намын үймээн дундаас хожих нь ч бий, хохирох нь ч бий. Харин хамгийн их хохирох хүн бол эрхэлсэн тодорхой ажилгүй дугаар хорооны иргэн болж үлдэх Х.Нямбаатар.

Яагаад гэхээр, үймээний эцэст Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрын аль нь ч МАН-ын дарга болсон Хотын дарга, нийслэлийн МАН-аа түүнээс авч, өөрийн хүнээ тавих нь ойлгомжтой. Бүр гуравдагч этгээд намын дарга болсон ч ийм замаар явна. Нийслэлийн МАН хэмээх их айлаа авалгүй цааш явах ямар ч дарга үгүй.

Ингээд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын өндөр сэнтий дээрээс үеэлийнхээ хүсэлтээр бууж, нийслэл хэмээх их айлыг тэргүүлэх болсон Х.Нямбаатар өөдтэй нэр зүүлгүй дугаар хорооны иргэн болно.

Нөгөө талаар дэмжиж тулж ирсэн үеэл Л.Оюун-Эрдэнэ нь цагаан тугаа өргөж, өрнөж буй тулаанаас татгалзсан гэх мэдээлэл бий. Тэгээд ч Хотын дарга цагийн цагт хэзээ л сайн нэртэй байлаа. Уг нь албан өрөөндөө хүн загнаж суудаггүй, халуун цэг дээр авгай хүүхнүүдтэй хэрүүл хийгээд явж байгааг нь харахад яах аргагүй ажилсаг дарга. Гэтэл нийслэлчүүд нэг ч чихэнд чимэгтэй үг унагаахгүй юм. Хятад компаниудыг мөнгөөр усалдаг, гаднын компаниудад тендер өгдөг, бродюрын наймаа хийдэг. “Тавантолгой” түлшийг өөр дээрээ авч түлшний бизнест оролцлоо л гэнэ. Уг нь хэдэн замын уулзвар, дахин төлөвлөлт гээд хийж байгаа зүйл нь чамгүй л нүдэн дээр өрнөх юм.

Нийгэм, эдийн засгийн байдал таагүй, төсөв ч хүндхэн үед нийслэл анх удаа дотоодын зах зээл дээрээс 500 тэрбум төгрөгийн бонд босгож, үүнээс 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад 50 тэрбум төгрөгийг Төв цэвэрлэх байгууламжид, 150 тэрбум төгрөгийг авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлтийн ажилд тус тус зарцуулахаар болсон. Мэдээж хэрэг, цахилгаан станцын төслийг хэрэгжүүлж байгаа “Голомт”-ынхон 300 тэрбумаа аваад алга болсон байх. Энэ зунжин олны хэлдгээр “бродюрын наймаа” хийх буюу бродюр солиход 150 тэрбум төгрөг нь урсаад гарчихсан байх. Одоо ч бродюртай ноцолдож байгаа чадвар муутай компани, чанар муухан баг бригадууд ирэх хаврын бороонд урсахаар зүйл хийсэн болж байгаагийн цаана өнөөх наймаа л бий. Үүнээс харж байхад бондын мөнгө ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн босгосон “Чингис” бонд шиг эхнээсээ нохойн замаар орчихсон байх.

Гэтэл нийслэлээс энэ онд багтаан, 500 ая ам.долларын бонд босгох тухай яриа хэлэлцээр явж эхэлсэн. Үүнийг Сэлбэ дэд бүтэц буюу орон сууцны хороололд зарцуулах юм байна. Үүний тендерт хятадын компаниуд шалгараад ороод ирчихсэн. Эхнийхээ бондын үр дүнг ч үзээгүй байж ахиад бонд босгох гэж байгаа нь буруу хэмээн шүүмжилж, бондын мөнгө бродюрын наймаанд зарцуулсан шиг нэг хэсэг нь гараад явчих болов уу гэж хардаж байна.

Нөгөө талд нийслэлийг хөгжүүлэх 24 мега төсөл хэмээн гаргаж ирээд нэг нь ч урагшаа яваагүй. Мега төсөл бол зүгээр л мөнгө завших нэг хэрэгсэл шахуу зүйл гэдгийг хаа хаанаа ярих болсон. Түүний үеэл Л.Оюун-Эрдэнэ 14 мега төсөл хэмээн хөл хөөр болсон ч нэгийг ч хэрэгжүүлээгүй засгаас явсан. Одоо үүнийгээ ухуулж эхэлсэн. Нийслэлийн 24 мега төсөл ч ийм замаар нэг л өдөр ухуулна. Үүний цаана ихээхэн мөнгө угаалт байдаг гэдгийг ч шүүмжлэх болов.

Одоо хүйтний ам наашилж байна, МАН-ын Их хурлын маргааш гэхэд нэгэнт утаа, түлшний асуудал утгаараа нөмөрнө. Шинэ туршилтаар түлш хэрэглэнэ гэхээр хэдэн ч хүний амь нас, эрүүл мэндэд заналхийлэхийг мэдэхгүй.

Энэ бүгд тохироо бүрдэж Х.Нямбаатар утааны цагаар утаан дундаа замхрах нь тодорхой болж байна. Ингээд дугаар хорооны эрхэлсэн тодорхой ажилгүй Х.Нямбаатар юу хийх вэ гэхээр хэлэх үг алга.

Тендерээс, бондоос, бродюрын наймаанаас хүртсэн хэдэн “бор юм” амьдралд нь элбэг хүрэлцэх байх. Гэхдээ л юу хийх вэ.

Ядахад юу ч үл хөндөх УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй суудлаа өөрийн хүсэлтээр өгч 2024 оны сонгууль өнжсөн нөхөрт улс төрийн карьер үлдсэн үү гэхэд ихээхэн эргэлзээтэй. Мэдээж хэрэг Хотын дарга байсан хүн олны нүдэн дээр байсан учраас мартагдаагүй гэх байх. Харин ч энэ нь эсрэгээрээ түүнд гай болно уу гэхээс тус болохгүй байх.

Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатар ирэх 2028 оны сонгуульд орж чадах уу, чадлаа ч ялалт байна уу гэх зэрэг олон асуултын өмнө ямар ч хариултгүй элгээ эвхэн суухаас өөр аргагүй боллоо. Эмх замбараагүй бондын мөнгө, зам гүүр, түлш, бродюрын наймаа нь өөр зүйл дуулгачихгүй бол хэмээн залбирахаас өөр аргагүй. Монгол Улсын хүн амын тал хувь нь аж төрдөг нийслэл хэмээх айл бол үнэхээр том сав. Тэр хэрээр том том асуудалтай цаг тутамд нүүр тулж явсан Х.Нямбаатарт алдаа олон бий. Тэгэхээр энэ удаад түр орхин, нийслэлд цэцэглэсэн шинэ цагийн “наймаа” болон алдаа оноог цэгнэн дурдах болно.

Их Мэдэгч

Үргэлжлэл бий...
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.