0
Улс төрийн тулхтай, туршлагатай хэмээх МАН-ынхан хоёр гурав талцан, төр, нийгмийн ажлыг гацаан тулхаа алдаж байна. Энэ нь Төрийн бүх шатанд нөлөөлж байгаад иргэд олон нийт шүүмжлэлтэй хандах болов. Намын даргын төлөө өрсөлдөж болох ч улс даяар нь талцуулан, ажил гацааж байгааг харсан хэний ч тэвчээр барагдах биз ээ. Тиймдээ ч Ерөнхийлөгчийг гарч ирээд таслан зогсоох байх гэсэн найдлага байгаа ч тэр хараахан гарч ирээгүй байна. Харин өнөөдөр (2025.10.07) УИХ, Засгийн газрын түвшнээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг бүрэн эрхээ түдгэлзүүлж байгаад хууль хяналтын байгууллагаар шалгуулж, улс төр, нийгэмд үүсээд байгаа талцлыг нэг талд нь гаргахыг мэдэгдсэн нь өнөөдрийн онцлох үйл явдал байв.
Өрсөлдөгчид бие биенээ ил далд хэмлээд байгаагаас Засгийн газрын болон өндөр дээд түвшинд албан ёсоор ийн байр сууриа илэрхийлсэн нь үгүй. УИХ-ын даргын хувьд өнөөдөр маш олон асуудлаар түмний өмнө сэжиглэгдэж байгаа хүн. Тиймээс Ж.Энхбаяр сайдын хэлснээр “Бүрэн эрхээ түдгэлзүүлж байгаад шалгуулчих” хэрэгтэй. Үнэхээр олны шуугиж байгаа шиг хэрэг өдүүлээгүй бол нэрээ цэвэрлээд нүүр бардам суудалдаа ирэхэд ямар ч саадгүй. Эс тэгвэл улс төрийн хүрээнд, нам эвслүүдийн дунд төдийгүй ард түмний дунд талцал бий болж, улмаар Монгол Улсын хэмжээнд ажил төрөл ч явахаа больсон.
УИХ-ын гишүүн, сайд Ж.Энхбаяр ийнхүү манлайлал үзүүлж, ард түмний төлөөллийн үүргээ харуулж байхад бусад гишүүд, сайд нар ч шахаж шаардаад явахгүй бол нөхцөл байдал улам дордоно. Манай өндөр дээдэс нэг нэгнээ хаацайлж, бөөцийлөх биш хэлэх ёстой үгээ хэлж, үүсээд байгаа нөхцөлд бодит дүгнэлт хийж байх нь зөв. Тэр тусмаа УИХ-ын дарга гээд үгээ хэлэхгүй байж болохгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гээд үгээ залгиад байх нь утгагүй. Яагаад гэхээр Та бүхэн чинь ард түмнээс амлалт авч, тэдний итгэлээр төрд сонгогдсон тэдний үйлчлэгч шүү дээ. Ж.Энхбаяр шиг энэ үүргээ биелүүлэх шаардлагатай.
Яахав, нөгөө талаар стратегийн гол салбар болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хувьд ч ид ажлын үеэр бүхий л ажил нь гацаж таарна. Өнөөх л мал сүрэг, өвөлжилтийн бэлтгэл ажил, хадлан тариа, ургац хураалт, бусад хүнсний хангамж гээд бүхий л асуудал энэ яамтай салшгүй холбоотой учраас Ж.Энхбаяр сайд бусдаас илүү мэдэрч, УИХ-ын даргад ийн хандсан болов уу. Тэр арав гаруй жилийн өмнө өөрөө сууж байгаа парламентаа чадамжгүй байна, тарцгаая хэмээн уриалж байсан нөхөр.
Тэгээд ч манай парламентын түүхэнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бүрэн эрхээ түдгэлзүүлж шалгуулаад эргээд ирж л байсан, саяхан гэхэд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бүрэн эрхээ түдгэлзүүлэн шалгуулж л байсан. Одоо УИХ-д ажиллаж л байна.
Мэдээж хэрэг улс төрийн үймээнтэй, нам бүлэглэлийн дунд бөмбөг ч болж мэдэхээр байгаа учраас Д.Амарбаясгалан дарга эргэлзэж, хаширлаад байж болох юм. Тиймээс УИХ, Засгийн газрын түвшинд ажиллаж байгаа нөхөд даргынхаа эргэлзээг тайлж шахаж шаардахгүй бол нөхцөл байдал улам хүндэрч байгааг анзаарч байгаа биз ээ.
Их Мэдэгч
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.