0
Сонгуулийн нэрсийн жагсаалтад эрэмбэ дээгүүр нам худалдаж аваад эвсэл байгуулан, улмаар УИХ-д дөрвөн суудалтай болсон Н.Номтойбаяр Засгийн газарт хамтрах саналыг хүлээж авахгүй даналзаж байсан бол өнөөдөр Засгийн газарт орохоо мэдэгдлээ. Тэр үнэхээр Засгийн газарт ид хаваа үзүүлэн ажиллахаар шийдэв үү, хэн нэгний урхинд оров уу, эсвэл өлсөөд эхлэв үү. Магадгүй өлссөн байх. Хэдийгээр уул уурхайн магнат, баян хүн гэлээ ч бүхэл бүтэн эвсэл тэжээнэ гэдэг төсвийн мөнгөнөөс хол байхад хэцүү.
Ямартай ч “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан мэдээлэл хийсэн. “Үндэсний эвсэл” УИХ-ын тогтоолын хоёр чухал төсөлд нэгдсэн шийдэлд хүрч гарын үсэг зурснаа дуулгасан.
Тэд нэгдүгээрт, хамгийн сүүлд төрийн нууцын зэрэгт авсан нүүрсний 32 гэрээг бүгдийг нь нууцаас гаргаж, УИХ-аас Хянан шалгах түр хороо байгуулаад шалгая хэмээн байр сууриа илэрхийлж байсан учраас нүүрсний хулгайг шалгах тогтоолын төсөлд гарын үсэг зуржээ.
Хоёрдугаарт, Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөлд гарын үсэг зурж, огцруулах дөрвөн шалтгаан байгааг дурдсан юм.
Нэгдүгээрт, МАН-ынхан дотоод асуудлаа шийдэж чадахгүй намын зовлонг төрийн зовлон болгож, одоо улсын, төсвийн зовлон болгосон.
Хоёрдугаарт, Хуул зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар “Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн сайдаасаа хууль бус зүйл хийхийг шаардаж”, зөвшөөрөөгүй учраас өөрт нь хэлэлгүй огцруулж дараагийн сайдыг нийтэд зарласан гэх ноцтой мэдээлэл гарсан.
Гуравдугаарт, нийгэм, эдийн засгийн үзүүлэлт унаж, туйлдсан. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, мөнгөний ханш унасан гэх мэт шалтгаан бий. Нөгөө талаар Засгийн газар үйл ажиллагаа явуулаад 100 хоног болчихсон, ямар ч үр дүн гараагүй. Горьдлого ч алга. Эхний 30 хоногт үр дүн гарч, цаашид болох болохгүй нь мэдэгддэг.
Дөрөвдүгээрт, Энэ Засгийн газрын бүрэлдэхүүн үнэхээр чадамжгүй байна. Тэгэхээр бид, “Үндэсний эвсэл” Засгийн газарт орж ажиллахаар шийдсэн хэмээн мэдэгдлээ.
Н.Номтойбаярын ярьж байгаагаар Засгийн газар юу юугүй унах юм байна. Дараагийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ч зурагдсан бололтой. Хамгийн гол нь Монгол Улсын уул уурхайн магнат тэрбумтны өв залгамжлагч өлсөж байгааг бодоход улс төр гэдэг хатуухан тоглоом бололтой. Тиймдээ ч Н.Номтойбаяр төсвийн мөнгөнд дөхөж очихоор шийдсэн байх.
Их Мэдэгч
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.