dobu.mndobu

А.Ариунзаяа МАН-ын хандивлагч, тендерчин ахан дүүсийнхээ захиалгаар улайрч байна уу

А.Ариунзаяа МАН-ын хандивлагч, тендерчин ахан дүүсийнхээ захиалгаар улайрч байна уу

 

Засгийн газрыг унагаах, УИХ-ын даргыг огцруулах акц өрнөж, Төрийн ордон дотор хэн нь хэнийхээ эсрэг явааг ч мэдэхээ болтол “нүдэлдэж” байна. Засгийн газрыг унагаах талд тодорхой хэдэн нөхөд юу ч хамаагүй бурж байгаагийн нэг нь А.Ариунзаяа гэх гишүүн. Түүний өдөр шөнөгүй аманд орсноо ярьж, улайрч байгаагаас харвал засгийн эсрэг гал нээсэн нөхөр сайдын суудал амласан бололтой. Өөр ч том асуудал байж болох юм. Энгийн үед ч бодлогогүй ярьдаг хүн үймээн дунд улайрчхаад улам л бодлогогүй тэнэгдүү болж харагдах нь гачлантай. Арга ч үгүй. Өвөөгийнхөө нэрээр сайдын суудал амталж үзсэн хүн урдах замаа харахгүй болтлоо улайрч байгаа нь ойлгомжтой.

“Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иддэг” гэдэг дээ. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн П.Жасрай гуайн ач охин гэх А.Ариунзаяа МАН-ын бүтцэд данстай хэн ч биш байхдаа “Манай өвөөгийн ажиллаж байсан газар учраас би Статистикийн газрын дарга болно” гээд дайрчихсан юм гэсэн. МАН-ын удирдлагууд “Зөв харан инээж, буруу харан уйлж” байгаад арга буюу өвөөг нь бодон, Статистикийн газрын аргаар томилчихсон гэдэг.

Ийнхүү Статистикийн газрын даргын суудлаас ихэс дээдсийн захиалсан тоог гаргаж өгсөөр дөрвөн оны нүүр үзсэн хүн. П.Жасрай гэх нэр л надад хэрэгтэй гэдгийг сайтар ойлгосон тэрбээр ‘Пунцагийн Жасрай Миний өвөө’ ном хэвлүүлж бариад ахиад намынхаа удирдлагууд руу дайрчихсан чинь 2020 оны сонгуульд нэр дэвших эрхийн мандат аваад явсан ч өвдөглөчихсөн. Гэхдээ дөрвөн жил МАН-ын Засгийн газрын хүссэн тоог эвлүүлж өгсөн Статистикийн газрын даргын хувиар шангаа хүртсэн байх. Тиймээс засаг бүрдэх үед ахиад өвөөгөө яриад дайрчихсан, МАН-ынхан аанай л “Зөв харан инээж, буруу харан уйлж” байгаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад томилсон юм даг. Мэдээж хэрэг, МАН-ын хандивлагч ахан дүүс, том тендерчид нь харж үзээ биз. Энэ тухай хойш өгүүлнэ. 

Түүнийг сайд болоод манарч явтал Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарч УИХ-ын гишүүд давхар дээлтэй байж болох зохицуулалт үйлчилснээр сайдын албанаас салбарын бүү хэл сайд гэх албан тушаалынхаа ч учрыг ололгүй бууж, Ерөнхий сайдын Ахлах зөвлөх болж, өвөөгийнхөө нэрийг барин дайрч байж Намын жагсаалтад багтсан нь энэ.

Тиймдээ ч тэр ард түмнээс сонгогдоогүй учраас олны эсрэг гэмээр байр суурийг илэрхийлж, төр засгийн тогтвортой байдалд нөлөөлөхүйц зүйлийг байнга ярьж ирсэн. Одоо ч бүр сайдын суудал амлуулчихсан учраас улайрч байх шиг. Арга ч үгүй сайдын суудал дээрээс төрд төрлийн хэлхээ бий болгон үргэлжлүүлж яваа хүн. Одоо ч жагсаалтаар орж ирсэн УИХ-ын сул гишүүнээс өөр эрх мэдэлгүй учраас дээлээ давхарлаж байгаад төрлийнхөө хэлхээг үргэлжлүүлэхгүй бол тасарчих гээд байгаа болов уу. Юуны учир ийн дурдах болов оо гэхээр “Ergelt.mn” сайтаас эрхлэн гаргасан “Оюунлаг ирээдүйн төлөө” уриа бүхий “126” сэтгүүлд үүний ахан дүүс, ураг төрлийн хэлхээг ийн дурджээ.

Тэр сайд болсон даруйд хувийн хэвшилд ажиллаж байсан төрсөн дүү А.Ариунболдыг Гадаад харилцааны яаманд мэргэжилтнээр дамжуулан, ОХУ-д Монгол Улсаас суух Элчин сайдын яаманд дипломат ажилтан болгочихсон. Мөн өөрийн үеэл Ж.Хичээнгүйг ШӨХТГ-т Эрх зүй, дотоод хяналтын газрын даргаар дамжуулан ТОСК-ийн даргаар өгсүүлэн, өдгөө Эрчим хүчний яамны Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байна. Өөрийн үеэл Ж.Мөнх-Очирын эхнэр О.Саранчулуун нь МАН-ын жагсаалтад багтаан, УИХ-ын гишүүн болгочихсон. Энэ мэт ургийн мод нь ургахаа больж, төрд шургуулсан төрлийн хэлхээ нь тасрах гээд байгаа учраас амь тавин зүтгээд байгаа хэрэг.  Гэхдээ түүний төрд шургуулсан төрлийн хэлхээгээ тасрах аргагүй юм билээ.

Олны харж байгаа шиг дэмий балай зүйл яриад яваагийн цаана асар том хүч байдаг аж. Тухайлбал, Хотгор шанагын уурхайн анхны эзэн нь А.Ариунзаяагийн аав Д.Аюушийн төрсөн дүү Д.Наранцэцэгийн нөхөр Улсын Бага Хурлын гишүүн П.Улаанхүү аж. Тэрбээр Хотгор шанагын уурхайг зарж байсан байна. Ингэж Хотгор шанагын уурхайг солонгосчуудад дамлах эхлэлийг тавьсан хүргэн ах П.Улаанхүүгийн нөлөө ч байдаг бололтой. Тэр МАН-ын томоохон хандивлагчдын нэг.

Ургийн мод, төрлийн хэлхээ эндээс бас задарна. А.Ариунзаяагийн хүргэн ахын хүү У.Дөлгөөн нь “Жем интернэшнл”-ийн эзэн Ц.Цэрэнпунцагтай хэтэвч нэг, МАН-ын хандивлагчдын нэг. Тэр 2008 оноос хойш Ц.Цэрэнпунцагтай “Жемнет” компанийг хамтран эзэмшиж иржээ. Ингээд зогсохгүй У.Дөлгөөн нь “Петровис”-ийн эзэн, гишүүн асан О.Содбилэгтэй 2014 оноос хойш “Дижиком” компанийг хамтран эзэмшдэг бөгөөд мөн “Эрдэнэс Тавантолгой” компаниас 2.4 их наядын тендер аваад байгаа зайтай эр.  

Үүнээс харахад А.Ариунзаяа гэх эмэгтэйг өвөө П.Жасрайн нэр нүүрээс гадна МАН-ын томоохон хандивлагчид, том гарын тендерчид ч харж үзэж явдаг нь тус номноос тодорхой харагдана. Тиймээс тэр үхэн хатан зүтгэж, өндөр эрх мэдэлд очихгүй бол болохгүй. Зүгээр нэг сул гишүүн тэдэндээ тендер залгуулахад нь тусалж чадахгүй, томоохон луйварт нь тус дэм болж чадахгүй байх. Тиймдээ л төрийн тогтвортой байдал, ард түмний амьдрал ахуй хамаагүй хаа сайгүй бурдаг байж болох юм. Магадгүй, МАН-д хандивлагч, томоохон тендерчин ахан дүүсийн захиалгаар ч ийн явдаг гэж хардаж болохоор харагдана. 

Их Мэдэгч

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.