dobu.mndobu

М.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар 779 хүний амиар туршилт хийсэн, Ц.Эрдэнэбаяр хэдэн хүний амиар туршилт хийх вэ

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-13

М.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар 779 хүний амиар туршилт хийсэн, Ц.Эрдэнэбаяр хэдэн хүний амиар туршилт хийх вэ

Улс төр хэмээн хөлгүй хөлөглөж, айсуй өвөл, утаагаа мартсан бололтой. Энэ бол олон хүний эрүүл мэнд, амь насаар хэмжигдэх мартаж болохгүй зүйл. 

Улаанбаатарыг утаанаас салгахаар 2017 онд “Тавантолгой түлш” компанийг байгуулж, М.Ганбаатарыг захирлаар тавьж байсан цагаас хойш найман жилийн нүүр үзжээ. Үүний дараа Ц.Даваацэрэн томилогдон ажиллаж байв. Анх байгуулагдаж байхдаа Улаанбаатарын утаа эрс багассан гэдгийг иргэд ч хэлж байв, мэргэжлийн баг ч тодорхойлж байв.

Харин байгуулагдсан цагаасаа хойш жилээс жилд угаарын хий ихсэж, бохирдлын хэмжээ нэмэгдсээр өнөөдөртэй золгосон. Эрхэм хоёр захирал жилийн жилд л сайжруулсан түлшний орц найрлагад өөрчлөлт оруулж, зарим бодис байхгүй үед гурил хүртэл орлуулж, янз бүрийн аргаар туршилт хийсэн тухай мэдээлж байв. Ингэж л өнгөрсөн хугацаанд түлш, түлшний технологийн алдаанаас үүдэлтэй 779 хүн нас барсан статистик үзүүлэлт бий.   

Тэгвэл 2024 оны аудитын байгууллагын тайлан мэдээгээр “Тавантолгой түлш” ХХК-ийн өр 1.5 их наядад хүрсэн. Тиймээс татан буулгах эсэхдээ тулж байгаад Хотын дарга Х.Нямбаатар өөрийн мэдэлд авчирч, Гүйцэтгэх захирлаар Ц.Эрдэнэбаяр хэмээх нөхрийг томилсон. Энэ жил 227 тэрбум төгрөгөөр хятадаас хагас коксжуулсан нүүрс авчирч түлнэ. Тэгэхээр Ц.Эрдэнэбаяр чухам хэдэн хүний амиар туршилт хийхийг таах аргагүй.

Чухам хаана ямар алба хашиж байсныг мэдэхгүй. Ц.Эрдэнэбаяр хэмээх нөхрийг Хотын дарга Х.Нямбаатар томилсон. Олны ярьж байгаагаар ажил хийж үзээгүй цагаан гартан бололтой юм. Тэгэхээр нөхөр энэ өвөл хэдэн хүний амиар туршилт хийхийг таах аргагүй. Уг нь түүний оронд ажил хийж үзсэн догь толгой баймаар газар бол “Тавантолгой түлш” юм.

Анх Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Яармаг хавьд туршилт хийж үзнэ хэмээн мулгуудаж байсан бол Хотын дарга Х.Нямбаатар шуудхан бүхэлд нь туршилт хийхээр болж, тендерийг нь зарлан, хятад компанийг ялуулсан байдаг.

Ийн нийслэлчүүдээ түлшний туршилтад оруулахаар “зориг”-той хөдөлсөн Х.Нямбаатарын тавиул Ц.Эрдэнэбаяр ч бас л “зориг”-той эр байж таарна. Чухам яах бол доо.

Өнгөрөгч амралтын өдрүүдээр Хотын дарга Х.Нямбаатар өрх айлуудаар зочилж, өөрөө гал түлж, иргэдээс түлшний чанарын талаар асууж явна лээ. Хотын даргын нүүрийг харсан иргэд “Таны оруулж ирсэн түлш маш муу” гээд яаран хэлчихгүй. Нөгөө талаар өвөл яагаа ч үгүй, түлш түлэх оргил цаг эхлээгүй байна. Ингэхэд ”Тавантолгой түлш” компанийн захирал Ц.Эрдэнэбаяр гэж нөхөр нь яачихсан болоод Хотын даргаа зарж, айл өрхөөр гал түлүүлж, үнс нурам бужигнуулаад байдаг юм.  

Их Мэдэгч  

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.