0
Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Арабын Нэгдсэн Эмират Улсын Байгаль орчны сайд, хатагтай Амна Ал Дахак-тай ВИП Мажлис танхимд хоёр талт уулзалт хийж Байгаль орчны хоёр талт хамтын ажиллагаа болон Монгол Улсад зохион байгуулагдах СОР17 бага хуралд АНЭУ-ын дэмжлэгийн талаар яриа өрнүүллээ. Хурлыг зохион байгуулах хорооны дарга Амна Ал Дахак сайд Б.Батбаатарын уламжилсныг бодитой хүлээн авч, талуудын ажлын хэсгүүдийг идэвхжүүлж, мөнгө санхүүгийн дэмжлэгийг судлан үзэж, албан ёсны хариу өгөхөө мэдэгдлээ.
Түүнчлэн Олон улсын байгаль хамгаалах холбооны удирдлагын сонгуульд дэмжлэг хүссэнийг сайд Б.Батбаатар хүлээн авч, мөн түүний уламжилсан сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтарч ажиллах саналыг бодит болгоход идэвхтэй байх чиглэлийг баримтлав.
Сайдын уулзалтад Монгол Улсаас АНЭУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар, СОР17 бага хурлыг зохион байгуулах Ажлын албаны дарга Д.Батмөнх, БОУАӨЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Бат-Өлзий, БОУАӨЯ-ны сайдын зөвлөх С.Энхболд, СОР17 Ажлын албаны Бодлого төлөвлөлтийн дарга Д.Ариунтуяа болон Б.Билгүүн, А.Нарангаравуу зэрэг албаны хүмүүс байлцлаа.
Үүний дараа үргэлжлүүлэн БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, Швейцарын Хөгжлийн хамтын ажиллагаа, Байгаль орчны асуудал хариуцсан дарга Шантал Фелдертэй хоёр талт уулзалт хийж, Байгаль орчин болон СОР17 бага хурлын талаар бүтээлч санал солилцов. Энэ хүрээнд хоёр талын өмнө нь хэрэгжүүлсэн төслүүдийг дүгнэлээ. Цаашид төслүүдэд уламжлалт байдлаараа хамтарч, үр дүнг бодитоор дэвшитгэн, бүтээлчээр хэрэгжүүлэхэд идэвх санаачлагатай ажиллах чиглэлийг баримталж байгаагаа сайд Б.Батбаатар онцлов. Түүнчлэн СОP17 бага хурлын үйл ажиллагаа, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, санаачлагатай оролцоогоор хангах бодлогын агуулга баримтлахаа хатагтай Шантал Фелдер тэмдэглэсэн нь чухал байлаа.
Мөн Монгол улсын сурталчилгааны танхимд тус өдрийн 10:30-11:30 цагийн хооронд IUCN-ийн Улаан жагсаалтад бүртгэлтэй Их говийн зургаан амьтныг хамгаалах талаар танилцуулга хэлэлцүүлэг боллоо. Тахь, хулан, мазаалай, хар сүүлт, бөхөн, хавтгай зэрэг нэн ховордсон Монгол улсын уугуул язгуурын амьтад багтдаг бөгөөд хэлэлцүүлэг бүтээлч агуулгаар дүүрэн болсон юм.
Тус өдрийн 11:30-12:30 цагийн хооронд БОУАӨЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Бат-Өлзий, СОР17 ажлын албаны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Ариунтуяа, БОУАӨЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах шинжээч А.Нарангаравуу зэрэг төлөөлөгчид “Нэг эрүүл мэнд: Хүн, амьтан, экосистемийн цорын ганц эрүүл ирээдүй” арга хэмжээнд оролцлоо.
12:00 -12:30 цагийн хооронд 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах СОР17-ын талаар Монгол Улсын сурталчилгааны танхимд СОP17 Ажлын албаны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн шинжээч С.Тамир танилцуулга хийв. Танилцуулга, хэлэлцүүлэг сонирхолтой болов.
Дэлхийн 35 улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн сайд тэргүүтэй 10,000 хүн оролцож байгаа хурлын гуравдугаар өдрийн 13:30-14:00 цагийн хооронд Монгол Улсын БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар “Дэлхийн газрын хэтийн төлөв: Холболт ба газрыг нөхөн сэргээх сэдэвчилсэн тайлан” хэлэлцүүлэгт оролцож санал солилцлоо.
14:00–14:30 цагт БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар албаны бусад хүмүүсийн хамт "Зэрлэг амьтны нүүдэллэдэг зүйлсийг хамгаалах тухай" конвенцын Гүйцэтгэх захирал Ами Фраклинтай уулзалт хийн санал солилцлоо. Хатагтай Ами Фраклин сайд Б.Батбаатарын өгүүлсэн “Дэлхий бол хэдхэн цаг ч амьдардаг бай, амьд болгонд зориулагдсан бүтээл. Тиймээс тэдгээр бүхний амьдрал, энэ нь Монголын ногоон соёл иргэншлийн уламжлалд үнэтэй байр эзэлдэг тухай агуулга хөндсөнийг сайшааж, Монголын говийн их дархан цаазат газар дахь, тодруулбал Нарансэвстэйн боомт нээх асуудлаархи байгаль, зэрлэг амьтанд эрсдэл учруулах хандлагыг сөхөгдсөн зэрэгт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад зохих зөв чиглэл баримталсанд эерэг үнэлгээ илэрхийлэв. Тэрбээр СОP 17 бага хурлын агуулгыг бүрнээ дэмжин оролцох, үйл ажиллагааны идэвхжлийн тохиолуудад санаачлагатай, үр бүтээлтэй ажиллагаагаар дэмжихээ тодотгов.
Энэ өдөр Монгол улсыг сурталчилах танхимын орон зайд олон орны зочид төлөөлөгчид ирж сонирхон олон асуудлууд дээр санал солилцсон бөгөөд Монголын талаас СОР17 бага хурал зохион байгуулах талаар мэдээлэл, сурталчилгааг амжилттай таниулан сурталчилав.
ЭХ СУРВАЛЖ: COP17 ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРОО
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.