dobu.mndobu

Тамгатайгаа байгаа ч Тамтаггүй болсон Төр

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-13

Тамгатайгаа байгаа ч Тамтаггүй болсон Төр

Их Монголын тулгар төрийн түүхэнд сайн муу олон үйл явц өрнөж ирсэн ч өдгөө бидэнд бүтэн өвлөгдөн иржээ. Харин он цагийн тэртээхийг цагаан цааснаа буулгасан ч шарласан шастираас харсан ч өнөөдрийнх шиг утгаа алдаж, тамтгаа алдсан төр байгаагүйг сүүлийн өдрүүдэд өрнөж буй улс төрийн үйл явцаас тодорхой харагдана. Монголчууд төрийнхөө тамгыг ч алдаж л байсан, тамгаа аваад зугтааж ч байсан түүхтэй улс. Гагцхүү тамгатай байж тамтаггүй явж ирсэн төрийн буруутай үйлийг үүрсэн ард түмэн сөхөрч байна.

Ардчиллын гэх малгай дор гуч гаруй жил завхарсан энэ алдаа, бузар луйвраа далдлахын тулд “нууцын зэрэгт” гэх ангилалд багтаан, хөшиг татчихаад хэдхэн хүн ард түмний боломжийг хулгайлж, улсын тусгаар тогтнолд заналхийлж суудаг нь нэгэнт ил боллоо. Энэхүү нууцалсан байдлаас харахад Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол алдагдах аюулын босгон дээр ирчихсэн хаалга тогшиж байгааг харж болно.

Ууган намын даргын төлөөх зодоон нь бид бүхэнд үүнийг ил болгож өгч байгаа нь сайн хэрэг ч үүнээс болж төрийн бүхий л шатанд ажил гацаж, амьдрал уруудсан. Мөнгөний ханш шалан дээр унаж, инфляц өслөө. Төсөв хэлэлцэж байх ёстой УИХ-ын үйл ажиллагаа ч доголдлоо. Их бүтээн байгуулалтаас эхлээд эгэл амьдрал хүртэл ажил хөглөрүүлж байх ёстой Засгийн газрын үйл ажиллагаа ч зодоон руу шилжээд тамтгаа алдлаа, энэ төр.  

Гэхдээ энэ нь зөвхөн нэг намын даргын төлөөх зодоон биш, төрийг тамтаггүй болгож байгаа эдийн засгийн хоёр том бүлэглэлийн зодоон өрнөж байгааг ч нэгэнт өөрсдөө ил болгож өгөв. Бидний итгэл хүлээлгэн сонгоод байгаа нөхөд энэ төрийг удирддаггүй юм байна гэдгийг сайтар ойлгож авав. Тэд биш “Эм Си Эс”, “Бодь интернэйшнл” группүүд удирддаг юм байна. Тэд л засгийн эрхийг авахаар зодолдож байгааг ард түмэн мэдэх болов. Худалдаа хөгжлийн банк тэргүүтэй эдийн засгийн бүлэглэлүүдийн эрх ашиг ч өндөрт ноёлж байдгийг мэдэв. “Эм Си Эс” группээс мөнгөний дэмжлэг аваагүй улстөрч парламентад маш цөөн байгааг баримтаар дэлгэн харуулсан. Тэгэхээр сонгогч олон итгэлээ өгч гаргаад өөрсдийгөө удирдуулаад байгаа нөхөд чинь эдийн засгийн бүлэглэлээс мөнгө авчхаад бидний боломжийг булаан авч тэдэнд өгөөд сууж байдгийг харлаа.

Тэгээд тун мэдэгдэж болохгүй зүйлээ “оффтейк гэрээ” гэх гоё нэр хэлж, хөшиг татчихаад бүлэглэлдээ бидний баялгийг цутгаж суудаг нь нэгэнт ил боллоо. Эргүүлээд өөрсдөө мөнгөнд цутгуулдаг ийм л төрийг тамтаггүй гэхээс өөр хэлэх үг олдохгүй. Тэднийхээ төлөө үхэн хатан тэмцэлдэж байгааг харахад ой гутмаар. “Бодь” групп гэхэд 40 шахам нүүрсний нууц гэрээ байгуулчихсан байгааг ил болгов. Ихэс дээдэс, тэдний хамаарал бүхий нөхөд хулгай хийх болохоороо “оффтейк гэрээ” гэгчийг байгуулдаг нь ойлгомжтой боллоо. Төрийн нууц гэдэг хэдэн тонн нүүрс хулгайлснаа нуухыг хэлэхгүй л болов уу. Геополитик, бодлогын өндөр түвшинд авч үзэх ёстой зүйлийг л нууцад авах байх.

Энэ улсад уг нь шалгаж байх ёстой зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, шүүх, прокурор гэх мэт хүчний байгууллагууд бий. Энд мэргэжлийн чадварлаг боловсон хүчин, мэргэшсэн баг тангаргаа өргөөд ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Гэвч тэдний томилгоог Ерөнхийлөгч, Гүйцэтгэх засаглалын тэргүүн, УИХ гэх гурван өндөрлөгөөс хийдэг. Тиймээс тангараг өргөсөн нөхөд ажлаа хийх гэхээр дээрээс үүрэгдэж, тэдний ажлыг хийлгэдэггүй нь эндээс харагдана. Ингэхээр талх хулгайлснаа хүртэл нууцын зэрэгт хамааруулж байгаа юм.

Сүүлдээ Ерөнхий сайдаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ ахынхаа төсөлд төрөөс гулсуулсан мөнгөө хүртэл нууцад авсныг баримтаар гаргаж ирэв. Тухайлбал, найруулагч Д.Баатарын  “Монгол хан“ жүжиг болон гадаад сурталчилгааг хийлгэхээр гаднын пиар компанитай хийсэн гэрээг нууцад авчхаж. Үүний санхүүжилт болох долоон тэрбум төгрөгийг төрийн өмчит “Эрдэнэс Оюутолгой“ компаниас гаргажээ.

Ерөнхий сайд нь ахдаа төсвөөс мөнгө хулгайлж өгөх болохоор төрийн нууцад авч байгаад өгчхөж байна. Үүнтэй харгалдан Ерөнхий сайдынхаа шахалтаар ССАЖЗ-ын сайд нь мөн л ихээхэн хэмжээний мөнгөөр тус төслийг санхүүжүүлж байсан нь харагдана.  Энэ бол зөвхөн зах зухаас нь ил гарч байгаа нь энэ. Өөрөөр хэлбэл мөсөн уулын орой л цухуйж байна гэсэн үг. Бүлэглэлийн зодоон цааш үргэлжилбэл зах замбараагүй зүйлс дэлгэгдэж монголчууд чухам ямар төртэй ард түмэн бэ гэдгээ мэдэж улам гутрах болно.

Тамгаа алдаагүй бидэнд хүлээлгэж өгсөн дээдсийн төрийг тамтаггүй болгож байгаа нь эцэстээ тусгаар тогтнолгүй болгох вий.

Их мэдэгч  

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.