dobu.mndobu

Малчдын НДШ-ийг яагаад бид төлөх ёстой юм

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-22

Малчдын НДШ-ийг яагаад бид төлөх ёстой юм

Яагаад нүүдэлчдийн жамаар мал сүргээ адуулж, түүнийхээ үр шимийг зах зээлийн тулсан ханшаар хэний ч хараат бус борлуулан ашиг хүртэж байгаа малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг өдөр шөнөгүй хүний амь нас, эрүүл мэндийн төлөө зүтгэх эмч нар төлөх ёстой юм.

 

Яагаад орчин цагийн үнэтэй тэрэг хөлөглөн, хэдэн зуун сая төгрөгийн үнэтэй адуу ачин давхилдаж байгаа малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нэг сая гаруйхан төгрөгийн цалинтай багш нар төлөх ёстой юм.

 

Үндсэн хуульд “Мал сүрэг нь үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж зааснаас малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг бусад татвар төлөгчид төлнө гэсэн заалт байхгүй.

 

Энэ Намрын чуулганы хугацаанд Нийгмийн даатгалын багц хуулиас энэхүү заалтыг авч хүчингүй болгох шаардлага бий. Нэр бүхий УИХ-ын гишүүд ч энэ талаар шүүмжлэлтэй хандах болсон нь сайн хэрэг. Тэгэхээр малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс …гэх заалт яагаад ороод ирэв.   

 

Сонгууль ч дөхөж байсан 2023 оны сүүлчээр УИХ-ын хэсэг гишүүд гэнэт малчдадаа хайр зарлан, "Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг өргөн мэдүүлэх үеэр “Малчдын нийгмийн даатгалын 50 хувийг төр төлөх” заалтыг хамт шургуулан, УИХ-аар батлуулж авсан.

 

Ийнхүү хууль нэгэнт батлагдсан учраас 2024 оны төсөвт 25 тэрбум төгрөг суулгаж, төлсөн. Энэ жил ч адилхан төлж байгаа гэхээр 50 орчим тэрбум төгрөг болно. Хуульд даатгал төлөх хугацааг “Таван жилээс ихгүй байна” гэж заасан учраас нийт 548 тэрбум төгрөг төлөх тооцоо гаргасан. Хууль батлагдах үед улсын хэмжээнд 300 мянга орчим малчин байгаагаас 220 гаруй мянган нийгмийн даатгалын шимтгэл төлөх насны малчид бий. Үүнээс 25 хувь нь шимтгэл төлдөг, 75 хувь нь шимтгэл төлдөггүй юм байна. Энэ шударга бус зохицуулалт. Тухайлбал, малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс төлөхөд ажил эрхэлж байгаа бусад татвар төлөгчдийн нуруун дээрх ачаа л нэмэгдэнэ. Ажил эрхэлж байгаа хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл 12 хувь, ХАОАТ 10 хувь, НӨАТ-ын 10 хувь, ажил олгогч 14 хувь гээд нийт 45 хувийн шимтгэл төлдөг. Гэтэл эдгээр хүнээс дахиж шимтгэл, татвар авч нийгмийн нөгөө хэсгийн шимтгэлийг төлөх нь буруу гэж үзэж байсан ч ихэнх нь орон нутгаас сонгогддог УИХ-ын гишүүд дайрч байгаад батлуулчихсан.

 

Малчдын нийгмийн даатгалыг төр төлөх ямар ч шаардлага байхгүй. Төр ч юу байхав, шударгаар хөдөлмөрлөн, татвараа төлж байгаа иргэдийн халааснаас хумсалж байна гэсэн үг. Энэ бол шударга бус харилцааны зохицуулалт.

 

Хуулийн зохицуулалтаар бол ямар ч малгүй иргэнийг малчин гэхгүй байх. Тэгэхээр 100 малтай ч, 1000 малтай ч 10.000 малтай ч тэд өөрсдөө татвараа төлөөд явах бүрэн боломжтой. Нэг малчин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөгөөр тооцож, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд 70 орчим мянган төгрөг болно. Үүнийг 100 малтай өрх ч төлчихнө, 1000 малтай өрх ч төлчихнө. Тэд хувийнхаа хөдлөх хөрөнгийг өөрсдөө хамгаалж, ашиг шимийг нь өөрсдөө хүртэж явна. Харин ч ган зуд болоход төрөөс болон түмэн олноос хангалттай дэмжлэг авдаг ганц талбар бол малчид.

 

Тиймээс малчдын даатгалын шимтгэлийн 50 хувийг төр төлж байгаа нь буруу гэж үзэж байгаа УИХ-ын гишүүд цөөнгүй байгаа учраас Нийгмийн даатгалын багц хуулиас энэ заалтыг авч хаях хэрэгтэй.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.