dobu.mndobu

Өнөөдөр олон улсын цоохор ирвэсийн өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын цоохор ирвэсийн өдөр тохиож байна

Жил бүрийн аравдугаар сарын 23-ны өдөр олон улсын цоохор ирвэсийн өдөр болдог билээ. Цоохор ирвэс дэлхий дээр Азийн 12 улс буюу Афгинастан, Бутан, Хятад, Энэтхэг, Казахстан, Бүгд Найрамдах Киргиз, Монгол, Непал, Пакистан, Орос, Тажикстан, Узбекистанд тархсан. 

Ирвэсийн тоогоор Монгол улс дэлхийд хоёрдугаарт эрэмблэгддэг. Судлаач Даш 1970-аад оны үед 700 гаруй цоохор ирвэс буйг тогтоосон бол 2021 оны судалгаагаар 1127 орчим ирвэс бүртгэгджээ.

Цоохор ирвэсийн эрийг гэнд, эмийг нь гинс, төлийг нь гүем гэдэг. Ирвэс ихэнхдээ 2-3 гүем, зарим тохиолдолд 4 гүем төрүүлдэг. Хоёр жилд нэг удаа төрдөг тул тоо толгой нь тийм ч их өсдөггүй. Тэд дунджаар 12-18 насалдаг ч 15-18 хүртэл наслах боломжтой. Сүүлний урт 92-102 см, сүүл нь өндөр цавчим ууланд харайж, мацахад тэнцвэржүүлэгч болдог. Жин нь 33-55 кг, биеийн урт 112-120 см. 

Цоохор ирвэс нь: 

Ирвэс нь манай орны Алтай нуруу, түүний салбар уулсаар, Соёны нуруу, Хорьдол сарьдаг, Улаан тайга, Хангайн нурууны баруун болон өвөр хэсгийн нам уулс, төв хасгийн өндөр уулс Хан хөхийн нуруунд тархан амьдардаг. Нийт 10 аймгийн 149 сумын нутагт тархсан.

Цоохор ирвэс гол төлөв бүрэнхий шөнийн идэвхтэй, сэм явдалтай нуугдмал амьдралтай. Эзэмшил нутагтаа ганц, нэгээр амьдардаг. Тарвага, туулай, огдой зэрэг хөхтөн амьтнаар хооллодог, идэш тэжээлийнх нь 65-70 гаруй хувийг янгир эзэлдэг. Ороо нийллэг хавар 1-2 дугаар сард хагас сар орчим үргэлжилдэг. 

Ирвэс устаж үгүй болвол юу болох вэ 

Ирвэсийг хамгаалах нь зэрлэг амьтдын амьдарч буй орчны экосистемийг хамгаалах ач холбогдолтой. Цоохор ирвэс өвсөн тэжээлтэн амьтдын тоо толгойг хэт олшрохоос сэргийлж экологийн тэнцвэрийг хадгалдаг. Ургамлын төрөл зүйлийг багасах, хөрсний элэгдэл үүсэх, усны эх үүсвэр багасах, бэлчээрийн экосистем доройтох, мал амьтны халдварт өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлдгээр байгальд онцгой үүрэгтэй амьтан юм. 

Гэвч сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хууль бус агнуур, амьдрах орчны доройтлоос үүдэн ирвэсийн амьдрах орчин хумигдах болжээ. Өвсөн тэжээлтнүүд хэт олширч, өвс, мод ургах орчин багасаж, хөрсний доройтол нэмэгдэх учир цоохор ирвэсийг хамгаалах нь байгаль экологийн чухал ач холбогдолтой ажил юм.

Монгол Улсад цоохор ирвэс нь дархан цаазтай, устах аюултай ан амьтан юм. Тиймээс энэ амьтныг агнах, гэмтээх, барих, арьс, эрхтэн эдийг худалдах зэрэг үйлдэл нь хууль зөрчсөн, эрүүгийн гэмт хэрэг гэж тооцогддог.

 Хууль зүйн үндэслэл:

“Амьтны аймгийн тухай хууль”, мөн “Монгол Улсын Эрүүгийн хууль”-ийн 24.6 дугаар зүйл (2022 оны нэмэлт, өөрчлөлттэй хувилбар)–д зааснаар:

24.6 дугаар зүйл. Дархан цаазат амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай зүйлийг хууль бусаар ашиглах

Дархан цаазат амьтан агнах, барих, устгах, гэмтээх, эсвэл гаралтай зүйлсийг нь худалдах, тээвэрлэх, хадгалахыг хориглоно.

Хэрэв ийм үйлдэл хийсэн бол

Хувь хүнд: 5,400,000 төгрөгөөс 27,000,000 төгрөг хүртэл торгууль, эсвэл 1-5 жил хүртэл хорих ял онооно.

Хуулийн этгээдэд: 54,000,000 төгрөгөөс 135,000,000 төгрөг хүртэл торгууль ногдуулна.

Мөн Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх журамд зааснаар:

Цоохор ирвэсийг агнасан тохиолдолд байгаль орчинд учруулсан хохирлын төлбөр нь
120 сая төгрөг (ойролцоогоор) байдаг юм. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.