 dobu
dobu0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярын хамт “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэгч “Дархан нэхий” ХК-ийн үйлдвэрт ажиллав.
“Дархан нэхий” ХК Ерөнхийлөгчийн санаачилсан малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрийг нэмэгдүүлэх “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнд нэгдэж арилжааны банкнаас хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн зээл авчээ. Уг хөрөнгөөр шахмал /техникийн/ эсгий, ширмэл дотор болон монгол малын арьсаар хийсэн цэвэр арьсан гутал үйлдвэрлэхэд шаардагдах тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэлээ өргөжүүлсэн байна. Ийнхүү шинэ технологи нэвтрүүлэх, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, түүхий эдийн боловсруулалтын түвшинг сайжруулах төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн талаар тус компанийн ТУЗ-ийн дарга Э.Батсайхан танилцуулав.
Өнөөдрийн байдлаар нийт 250 хүнийг ажлын байраар хангаж, нэхий дээл, гутал, нэхий бүтээгдэхүүн, савхин дээл болон ширэн гутал, эсгий, эсгий бүтээгдэхүүн, ажлын гутал хувцас бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн худалдаалж байна. Итали, Испани, Тайланд улс руу хагас боловсруулсан үхэр, сарлагийн шир болон хонь ямааны арьс экспортолдог. Жилд 300 мянган ширхэг бодын шир боловсруулах, 1.5 сая ширхэг богийн арьс боловсруулах хүчин чадалтай болжээ.
Энэ нь “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн бөгөөд малын гаралтай түүхий эдийн боловсруулалтын түвшинг сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх зорилтод нийцэж буй.
“Цагаан алт” хөтөлбөр хэрэгжсэнээр дотоодын арьс шир боловсруулах үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож, арьс ширний гүн боловсруулах хүчин чадлыг нийт 500 мянган ширхгээр нэмэгдүүлжээ. Тухайлбал, үйлдвэрлэлийн хүчин чадал 550 мянган хос гутлаар нэмэгдсэн үр дүнтэй байна.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.