Малчид маань урин дулаан цагт өвөлжилтийн бэлтгэлээ дутуу базаан цас орох, хүйтрэх үеэр гэнэт санадаг тал бий. Бултаараа тийм биш ч ихэнхдээ тохиолддог зүйл. Нөгөө талаар тусгайлан хуульчилсан Малын индексжүүлсэн даатгал байхад цаг хугацаанд нь даатгалаа хийлгэхгүй байсаар эрсдэл үүрдэг. Тэгэхээр бид өвөл, зун жилийн дөрвөн улиралд даатгалын үр шимийг таниулж, малчид маань ч энэ тал дээр мэдлэг мэдээлэлтэй болох нь чухал болоод байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд ган зудын давтамж ойртсон энэ үед эрсдэл нэмэгдсэн учраас та бүхэнд энэ талын мэдээллийг хүргэх нь зүйн хэрэг.
Тэгвэл Үндэсний давхар даатгал компанийг байгуулаад чамгүй хугацаа өнгөрчээ. Тэр тусмаа Малын индексжүүлсэн даатгал нь малчдад ихээхэн чухал зүйл гэдгийг зудын хөлд нэрвэгдсэн малчид ойлгох болжээ. Тиймдээ ч өнгөрөгч нэгдүгээр сард Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, цаг үе, нөхцөл байдалтай уялдуулсан нь нүдээ олсон зүйл болов. Хууль хэлэлцэх үеэр албаныхан даатгал нэвтэрснээс хойш давхардсан тоогоор нийт 267 мянган малчин өрх болон мал бүхий иргэний 59.4 сая толгой малыг индексжүүлсэн даатгалд хамруулж, 65 мянган өрхөд 26.1 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосныг дурдаж байсан. Гэхдээ энэ нь 2014 оноос хойших үзүүлэлт юм. Ийнхүү эрх зүйн хувьд олон талаас судалж, хууль нэмэлт өөрчлөлт оруулж сайжруулж байгаа ч жилд дунджаар малчин өрхийн 11-18 хувь, малын 7-10 хувь л даатгалд хамрагдаж байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.
Өнгөрөгч 2023-2024 онд ихэнх аймгийг хамарсан зуд болж, зарим аймгийн сумд малгүй болсон. Эдгээр иргэд хэрвээ даатгалтай байсан бол хуулийн дагуу өөрт оногдох нөхөн төлбөрөө авч болох байсан ч даатгалд хамрагдсан нь тун цөөн учраас малгүй болсон иргэд сум суурин, аймаг орон бараадсанаар өнөөх ажилгүй иргэдийн тоо өсөж, ядуурал нэмэгдэж байгааг ч статистикаас харж болно.
Харин болж өнгөрсөн зудаас сургамж авсан малчид даатгалын ашиг тусыг мэдэж, бага ч болтугай даатгалд хамрагдах болжээ. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын малчин О.Энхбаяр 2023-2024 оны зуднаар хохирол амссан учраас Үндэсний давхар даатгалаас 83 сая төгрөгийн нөхөн олговор авч байв. Тэрбээр “Малын индексжүүлсэн даатгал маш чухал зүйл. Бид таван хошуу малаа даатгаж чадахгүй байгаа бол аль эрсдэлтэй гэснээ даатгуулаад явахад бас болж байна. Манайх сүүлийн хэдэн жил гол төлөв үхэр сүргээ 300-500 мянган төгрөгөөр даатгуулж ирсэн.
Тиймээс энэ жил Үндэсний давхар даатгалаас төлөөлөл ирж, 83 сая төгрөг олголоо” хэмээж байна. Хэрвээ малчин О.Энхбаяр даатгалгүй байсан бол ажилгүйчүүдийн эгнээнд элсэж, амьжиргааны эх үүсвэрээсээ нэг мөр салах байсан гэдгээ дуулгаад даатгалын ашиг тусыг хүртэж суугаагаа бусад малчдадаа уриалж байсан юм. Тухайн жил өвөл хаврын байгалийн гамшигт үзэгдэл байнгын давтамжтай тохиолддог Сүхбаатар аймгийн хувьд гэхэд 4.1 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр авсан байна.
Ерөөсөө аливаа улс орны даатгалын салбар нь хүчирхэг байж гэмээнэ нийгмийн салбар, аж ахуйн нэгжүүдээс эхлээд өрх гэр, иргэдийг дарамтгүй ажиллаж амьдрах амин чухал үндэс болдог. Аж ахуйн нэгж, нийгмийн салбарууд нь эрсдэлээс хамгаалагдсан тохиолдолд иргэн хүний амин зуулгын баталгаа оршиж буй. Энэ хэрээр иргэн, аж ахуйн нэгжүүд нь эрсдэлээс хамгаалагдсан байхад улс орны эдийн засаг ч тэр хэрээр чадавхтай байдаг.
Тэгэхээр малын индексжүүлсэн даатгал гэж юу юм бэ гэдгийг тодорхой тайлбарлах хэрэгтэй болж байна. Малын индексжүүлсэн даатгал /МИД/ нь малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл болон гэнэтийн гамшгаас үүдэлтэй ихээхэн хэмжээний хохирлоос урьдчилан сэргийлэх даатгал юм. МИД нь нэг малчны хотонд гарсан хохиролд биш тухайн сумын хэмжээнд гарсан малын хорогдлын хувиар босго үзүүлэлт буюу индекс тогтоож, түүнээс давсан хувиар мал хорогдсон тохиолдолд тухайн сумын малаа даатгуулсан даатгуулагчдад нөхөн төлбөр олгодог. Тиймээс МИД-д малаа даатгуулсан малчид нь зуд болон байгалийн бусад төрлийн давагдашгүй хүчнээс үүдэж сумын хэмжээгээр хохирол амссан тохиолдолд л нөхөн төлбөр авна гэж ойлгох хэрэгтэй. Малчны даатгуулсан малын төрлийн хорогдлын хэмжээ нь сумын нийт тухайн төрлийн мал сүргийн таван хувь эсвэл зургаан хувь давсан тохиолдолд малчинд нөхөн төлбөр олгож эхлэх юм.
Энэ нь төрөөс бодлого, хууль болоод гарчихсан цогц зүйл. Тиймээс малчид маань ган зудын эрсдэл давтамжтай нүүрлэх болсон өнөө үед амьжиргааныхаа эх үүсвэрийг бодитоор хамгаалж, өөрсдийнхөө амьдрал ахуй төдийгүй үр хүүхдийнхээ ирээдүйд ч хөрөнгө оруулж байгаагаа ойлгох хэрэгтэй. Тэгэхээр малчид маань малын индексжүүлсэн даатгалын үр шимийг цаг ямагт санах хэрэгтэй.