dobu.mndobu

Төрөөсөө том “Эрдэнэс Монгол”-ын С.Наранцогтыг дийлэхээ болилоо

0

НийтлэлчAdmin

Огноо2025-11-10

Төрөөсөө том “Эрдэнэс Монгол”-ын С.Наранцогтыг дийлэхээ болилоо

Би хэлээгүй шүү. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Монгол Улс “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” гэсэн хоёр уул уурхайн яамтай болоод удаж байна” хэмээсэн нь арга тасарсан сайд дуу алдана лээ. Төрийнхөө сайдын дээр сандайлсан компанийн захирал байна гэсэн үг. Тэр тусмаа уул уурхайн 31 компаниас татаас авч суудаг “Эрдэнэс Монгол”, түүний захирал С.Наранцогтын эрх мэдэл хэрээс хэтэрсэн. Түүний баг хамт олны хууль бус үйлдэл ч шил давж одсон. Нөхцөл байдлаас харахад энэ Төр нэг компанийн захирлаа дийлэхээ больж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаа шинээр томилж байгаад жараахайнуудтай биш УИХ-ын даргаас эхлээд шалгаж эхлэв. Ингэж л дээрээс нь эхлэхгүй бол төрд нүүрлэсэн авлига, хулгай илаарьшихгүй. Одоо сайдаас ч “том” Төрийн өмчит компанийн захирлуудыг шалгаж, хариуцлага тооцох хэрэгтэй. Өдгөө гэхэд л “Эрдэнэс Монгол”-ыг тойрсон тендер, мөнгөний будилаанд анхаарлаа хандуулах шаардлагатай. Гүйцэтгэх засаглалын тэргүүн үнэхээр Төр, төрийн өмчит компанид нүүрлэсэн авлига хулгайтай тэмцэх гэж байгаа бол С.Наранцогт захирал түүний багт хариуцлага тооцохоос эхэлж байж олон нийтэд итгэл үнэмшил төрнө. Тиймээс энд “Эрдэнэс Монгол” компанид байж болзошгүй хууль бус зүйлийн талаар дурдах гээд үзье.

“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫН ХУРГАН ДАРГА НАР ХУУЛЬ БУС ТЕНДЕР ЗАРЛАЖ, ТАНИЛ КОМПАНИА ШАЛГАРУУЛСАН УУ

“Эрдэнэс Монгол” компанийн Дэд бүтэц, ложистикийн газрын дарга Л.Нямбаяр, “Гашуун сухайт автозам” компанийн Гүйцэтгэх захирал З.Амарсанаа, Санхүүгийн Ахлах менежер, Гашуун сухайт автозам компанийн ТУЗ-ийн дарга Б.Батбаяр нар замын тендер болон бусад зүйлийг будилуулдаг гэх хардлага хаа хаанаа бий. Эх сурвалжийн хэлж байгаагаар эдгээр нөхөд нь хууль бус тендер шалгаруулдаг. Өөрсдөд нь ашиггүй бол дахин зарлуулдаг гээд хууль бус зүйл байдаг бололтой. Ганцхан жишээ дурдахад 2024 оны ээлжит зам засварын ажлын гуравдугаар багц /ПК120-ПК180/, дөрөвдүгээр багц /ПК180-ПК237/-ын ажлыг “Мэндсуурь” гэх “Замын тендерийн бурхад”-ын хамаарал бүхий компани гүйцэтгэсэн. Гэтэл “Мэндсуурь” компанийн гүйцэтгэсэн гэх дөрөвдүгээр багцын ПК191-Пк237 хооронд машины ачаатай талд зам дээр дугуйн мөрний ховил үүссэн байна. Ийнхүү “Гашуунсухайт” авто зам компани хамаарал бүхий компаниа тендерт ялуулсан учраас яаран “Одоо энэ ажил 70 хувьтай яваа” хэмээн яаран сандран мэдэгдэл хийж уучлал гуйсны цаана тендерийн будилаан байгааг нуух юун. Уг нь “Гашуун сухайт автозам” компанийн Гүйцэтгэх захирал З.Амарсанаа, Санхүүгийн Ахлах менежер, “Гашуун сухайт автозам” компанийн ТУЗ-ийн дарга Б.Батбаяр нарын хамаарал бүхий “Мэндсуурь” компани нь дөрөвдүгээр багцын тендерт ороод ялагдсан ч дахин тендер зарлуулж, Тендерийн хорооны зарим гишүүд байхгүй хойгуур шалгаруулсан болж, энэхүү ажлыг авсан гэх дотоодын эх сурвалжийн мэдээлэл бий. Үүнийг хууль ёсны дагуу шалгаж, мэдээллийн эх сурвалж болсон тус компанийн алба хаагчдын эрхийг ч хамгаалах үүрэгтэй.

“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ООС БАЙНГА МӨНГӨ ШИЛЖҮҮЛДЭГ КОМПАНИУДЫН НЭРС

“Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр”, “Гэрээний дагуу үйлчилгээний төлбөр”, “Урсгал засварын ажил”, “Хэвлэх” гэх мэт нэрээр тодорхой нэр бүхий компаниудад удаа дараа мөнгө шилжүүлсэн баримт байна. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу тус компани нь хаанахын ямар ч компанитай хамтарч ажиллаж болох хийгээд ажлын төлбөрөө шилжүүлэх нь тэдний эрх. Гагцхүү “байнга” гэсэн эх сурвалжийн мэдээлэл нь шалгуулах шалтгаан болж байна. Өөрөөр хэлбэл танил талынхаа компанийн дансаар мөнгө “гулсуулдаг” байх магадлалтай гэсэн хардлага бий. Тухайлбал, “Вайлд Резорт”, “Анади”, “Чөлөөт хэвлэл сан”, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, “Түрүү гарав”, “Би Би Девелопмент” зэрэг компаниудын дансанд байнга мөнгө шилждэг гэдгийг хэлж байна. С.Наранцогтын бүлэглэл “Чөлөөт хэвлэл сан”-гийн дансанд байнга мөнгө шилжүүлдэг гэдгийг ч хэлсэн. Ганцхан баримт сөхөхөд 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр “Хас” банкны 500 159 1175 тоот дансаар 13.400.000.00 төгрөг шилжүүлсэн бол “Элит” барилгын засварын үлэгдэл гэх 319.104.432.70 төгрөгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр “Хас” банкны 500 159 1175 тоот дансаар “Түрүү гарав” компанид шилжүүлжээ. Энэ компанид мөн олон удаа мөнгө шилжүүлсэн байдаг. Мөн баримтаас харахад байнга мөнгө шилжүүлдэг “Номэн дэлгэрэх” гэх компани бас байдаг аж. Энд зөвхөн нэг удаагийн гүйлгээг дурдахад 2024 оны гуравдугаар сарын 21-ний өдөр “Хас” банкны 500 159 1175 тоот дансаар 13.889.568.00 төгрөгийг гэрээний урьдчилгаа нэрээр шилжүүлжээ. Энэ компани руу байнга мөнгө шилждэг гэдгийг эх сурвалж хэлсэн. С.Наранцогтын хамтарч байгаа компаниуд нь ч өөрсдөө удаа дараа хууль зөрчсөн байх жишээтэй. Тухайлбал, “Түрүү гарав” компани нь “Голомт” банкны тендерийн баталгааг хуурамчаар үйлдсэн учраас нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас гурван жилийн хугацаагаар худалдан авах ажиллагаанд оролцуулахгүй гэдгээ мэдэгдэж байв. Энэ мэт компаниуд руу мөнгө байнга шилжүүлдэг нь мөнгө угаах нэгэн арга байж болзошгүй гэх хардлага тус компанийн алба хаагчид, ажилчдын дунд байна

С.НАРАНЦОГТ ЗАХИРАЛД Ч БУС БАГААР НЬ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ

С.Наранцогтын багт улстөрчдийн шахааны нөхөд ч байдаг байх, өөрөө багаа бүрдүүлэх зорилгоор авчирсан нөхөд ч байдаг байх. Яагаад гэхээр С.Наранцогт захирал тендер будилуулж хууль зөрчсөн хурган дарга нартаа хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлж чаддаггүй учраас ийн дүгнэхэд хүргэж байна. Тэгвэл түүний багт байгаа Л.Нямбаяр нь урьд өмнө “Хөтөл цемент шохой” Төрийн өмчит компанид Бизнес хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан нөхөр. Тэрбээр ийн ажиллахдаа сарын 8.000.000 төгрөгийн цалинтай ч цалингаасаа цай, шатахуунаа гаргадаггүй, цайны мөнгөнд 2,3 сая төгрөг, шатахууны зардалд 2,2 сая төгрөгийг “Хөтөлийн цемент шохой” компаниас гаргуулаад зогсохгүй тус компанийг Улаанбаатар хотын төвд түрээсийн оффистой болгож, түүнийхээ түрээсэнд хэдэн зуун сая төгрөг зарцуулсан зэрэг нь ч дуулиан болж байлаа. Энэ баримтууд хэвлэлийн архивд бий. Харин өдгөө “Эрдэнэс Монгол” компанийн мөнгөнд шунаж яваагийн цаана хэн хэн байна вэ гэдгийг ч тодруулах цаг нь болсон. “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Гашуунсухайт автозам”-ын захирлаар ажиллаж байсан Ж.Баянмөнх нь давуу эрхээ ашиглан, “Чингис хаан” банканд асар их хэмжээний мөнгө удаа дараа байршуулж байсан нь тогтоогдон, АТГ-т шалгагдан, хэрэг нь прокурорт шилжсэн аж. Тиймээс түүнийг ажлаас нь чөлөөлж, З.Амарсанаа гэгч нөхрийг томилсон нь Л.Нямбаяртай гар сэтгэл нийлэх томоохон шалтгаан болсон байж болох юм. З.Амарсанаа нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг, нүүрс тээврээс эхлээд хаанаас хэрхэн мөнгө олох аргаа мэддэг болов уу.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ТОЙРСОН БУДИЛААН ДУУСАХГҮЙ

“Гашуун сухайт автозам” компанийн замаар өдөртөө 1400 гаруй автомашин дамжин өнгөрч байгаагийн дийлэнх нь буюу 98.5 хувь нь чиргүүлтэй буюу даац хэтэрсэн байдгийг С.Наранцогт захирал өөрөө мэдээлж байсан. Харин нэг хоёр тэвшнээсээ хамаарч нэг машинаас 250-500 хүртэлх мянган төгрөг авдаг байна. Үүнээс харахад өдөртөө 700 гаруй сая төгрөг болж байгаа бөгөөд үүнийг “Гашуунсухайт автозам” компанийн бүлэглэл дарга нартайгаа нийлэн халаасалдаг гэх хардлага хаа сайгүй болжээ. Учир нь ийм хэмжээний мөнгө олж байж замаа засахгүй байгаа нь ихээхэн хардлага дагуулж байгаа хэрэг. Өдөртөө 700 гаруй сая төгрөг олж байгаа энэ замаас сардаа дунджаар 20 орчим, жилдээ 200 гаруй тэрбум төгрөг олж байна гэсэн үг. Харин замаас олж байгаа их мөнгө хаашаа ороод байгааг шалгах цаг нь болсон. Яагаад гэхээр замын байдал огт дээрдсэн зүйлгүй, машин техник эвдэрч, хүний амь эрсэдсээр байгааг дуулгаж байна. Энэхүү автозамаас олон жил мөнгө “сааж” байгаа ч замаа засварлаж чаддаггүй, эрдэнэт хүний амь эрсэдсээр байна. 

 

Их Мэдэгч

 

 

 

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.