dobu.mndobu

Засаг ноён С.Мөнхчулуунд АТГ анхаарах уу, Ах намынхан анхаарах уу

0

НийтлэлчAdmin

Огноо2025-11-24

Засаг ноён С.Мөнхчулуунд АТГ анхаарах уу, Ах намынхан анхаарах уу

Нийслэлд “гишгэх” газаргүй болж, Дундговь аймгийн Засаг даргаар төв намаас өргүүлэн, чирүүлэн байж очсон С.Мөнхчулууны хэрээс хэтэрсэн үйлдэлд нутгийнхан ихээхэн дургүй байна. Тиймээс дундговьчууд түүний төсөвт үрэлгэн хандаж, улмаар орон нутагт бус зөвхөн өөрийнхөө хувь улс төрийн карьерт анхаарч ажилладаг гэдгийг дуулгалаа.  

 

Хамгийн энгийн жишээ гэхэд аймгийн 2025 оны төсөвт Засаг даргын үйл ажиллагааг сурталчлах нэрээр 200 сая төгрөг суулгаж, төвийн 20 орчим хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээ хийсэн. Гэрээ байгуулсан хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээллийн агуулга шүүхэд аймаг, орон нутгийн бус зөвхөн С.Мөнхчулуун хэмээх хувь улстөрчийн пиар цацагддаг нь төвөөс очсон Засаг дарга аймаг орон нутгийн төлөө бус айсуй 2028 оны УИХ-ын сонгуульд орон нутгийн төсвийн мөнгөөр бэлтгэх гэж очсон нь илт харагдана. Анх томилогдон очихдоо л хотоос өөрийн гэсэн дагуулуудтай очиж, тэднийхээ ая тухыг хангах гэж төсвөөс 100 гаруй сая төгрөг гаргуулжээ.

 

Мөн хамгийн анхны ажлуудынх нь нэг бол дэргэдээ зураглаач, зурагчин, сэтгүүлчдээс бүрдсэн Хэвлэлийн алба байгуулж, “Дундговь ТВ” нэртэй пэйж хуудас нээн, ширхэг бүр нь 13 сая төгрөгийн үнэтэй apple брэндийн компьютер, тоног төхөөрөмж худалдан авах, өрөөний засвар, цалин хөлсийг төсвөөс гаргажээ. Уг нь аймгуудын Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст Хэвлэл мэдээлэл хариуцсан нэг л мэргэжилтэн ажилладаг. Гэтэл Дундговь аймгийн Тамгын газар Засгийн газрын хэвлэлийн албаны бүтэц лугаа адил алба байгуулсан юм байх.

 

Мэдээж хэрэг Хэвлэлийн албаны ажил үүрэг бол С.Мөнхчулууныг магтах, түүний сонгуулийн сурталчилгааны хэлбэртэй бичлэг, шторкуудыг бэлдэж цацах. Нэгэнт л хувь улстөрчийнхөө карьерыг өсгөх зорилготой Дундговийг зорьсон тэрбээр аймгийн Засаг даргын тамгын газрын үйлчилгээний ажилтнуудын орон тоог хууль зөрчин өсгөсөн. Ингэж байж таалагдахаа тэр бас мэднэ.

 

Түүний пиар технологи аймагт урьд өмнө байгаагүйгээр өрнөн, Бөхийн өргөөнд зохион байгуулсан золголтод 300 сая төгрөг төсвөөс зарцуулж, 16-хан азарга уралдсан аймгийн наадамд 700 сая төгрөг зарцуулж, үүгээр дамжуулан засаг ноён өөрийгөө сурталчилсан гэж үзэж байгаа аж. Уг нь өмнөх жилийнх нь аймгийн наадамд 60 орчим сая төгрөг зарцуулжээ. Тэгээд ч аймгууд Улаанбаатарт зохион байгуулж байгаа нутгийн золголтод төсвөөс мөнгө зарцуулдаггүй. Нутгийн бизнесменүүдийн хүч, хандиваар зохион байгуулдаг тогтсон жишигтэй.

 

Тэдний хэлж байгаагаар С.Мөнхчулууны төсвийн мөнгөөр гараа угааж буй төсөл хөтөлбөрүүдийнх нь төсөвт өртөг 20 орчим тэрбум төгрөгт хүрснээс 10 тэрбум төгрөг нь Хог шатааж дулаан гаргах үйлдвэрт зарцуулагдсан. Хамгийн гол нь үйлдвэр нь эдийн засгийн үр ашгийн тооцоогүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгээгүй, тэр ч бүү хэл зураг төсөвгүй ажилд 10 тэрбум төгрөг зарцуулахаар 2025 оны төсөвт суулгасан аж.

 

Тэрбээр үйлдвэр барих газрынхаа асуудлыг шийдээгүй байхдаа барилгын зураг төсвийн ажлыг хийлгэж, газар болон зураг төсөв, эдийн засгийн үр ашгийн тооцоо, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгээгүй байхдаа 10 тэрбумын тендер зарлаж шалгаруулсан нь бүхэлдээ хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм.

 

Дундговь аймаг бол хил залгаа Өмнөговь аймаг биш, тарчигхан төсөвтэй учраас гол бодлого нь ажлын байрыг нэмэгдүүлэхэд байгаа ч С.Мөнхчулуун төсвийн мөнгөөр зөвхөн хувь улстөрчийн тоглолт хийж байна. Үнэн хэрэгтээ орон нутагт С.Мөнхчулуун гэж нэг лайвчин байна, Улаанбаатарт Д.Мөнх-Эрдэнэ гэж нэг лайвчин байна. Ийм л өндөр технологи бүхий лайвчин засаг ноён Дундговь аймгийг самарч байна гэхэд болно.

 

С.Мөнхчулуун дээрх хэдхэн үйлдлээр гэхэд л маш олон хууль тогтоомж зөрчиж байгааг харж байна. Тэгэхээр тарчигхан төсөвтэй аймгийн хөрөнгийг хувь улстөрчийнхөө айсуй сонгуульд бэлтгэх замаар зарцуулж, хууль зөрчиж байгаа С.Мөнхчулуунд АТГ-ынхан анхаарах уу, эсвэл өргөж тэтгэсэн Ах намынхан анхаарах уу гэдэг нь чухал боллоо. Уг нь бол Ах намынхан ч анхаарах хэрэгтэй. АТГ ч анхаарах хэрэгтэй. Албан бус эх сурвалжийн мэдээллээс харвал түүнийг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх.

 

Ер нь төвөөс, Ах намаас өргүүлж тэтгүүлж очсон аймгийн Засаг дарга нарын хууль бус үйлдэл хэрээс хэтэрдэг. Аймаг орон нутгийн хөгжилд бус хувь улстөрчийнхөө пиарт анхаарч ажилладаг, хууль зөрчдөг. Аймгийн Засаг даргын албыг УИХ-д орж ирэх нэгэн гишгүүр шатаа болгодог. Хамгийн тод жишээ бол Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Болормаа. Ховд аймгийн хөгжил дэвшилд нэг ч цучил нэмээгүй Э.Болормаа өнөөдөр УИХ-д орж ирэхдээ хууль зөрчсөн асуудал нь шалгагдаж байх жишээтэй.

 

Ядахад л энэ мэт Засаг дарга нар орон нутагт МАН-ыг муухай харагдуулдаг, сонгуульд тухайн бүс нутагт хасах оноо авчирдаг гэдгийг анхаарч, энэ Засаг даргаа эргүүлэн татаач, Ерөнхий сайд Г.Занданшатарт энэ эрх нь дүүрэн бий. Тэгээд ч С.Мөнхчулууныг Г.Занданшатар батламжлаагүй, Л.Оюун-Эрдэнэ батламжилсан.  

Үргэлжлэл бий ....

 

Их Мэдэгч

 

 

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.