МАН-ын шинэхэн дарга Н.Учрал “Ард түмний нам ард түмэндээ ирнэ” хэмээсэн нь ард түмнээс олонтоо санал авсан Ардын нам ард түмний дунд лав байгаагүй гэдгийг хэлчихнэ лээ. Нас нь ч залуу юм, гэнэдээ биз. Баярласан ч байх, бахираа биз.
Залуу даргын хэлсэн үнэн л дээ. Өнгөрөгч 2016 оноос хойш гурван сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН одоогийн байдлаар есөн жил Төрийн эрх мэдлийг атгахад энэ улс орон, ард түмний амьдралд ямар өөрчлөлт гарав гэдэг асуулт зүй ёсоор нэхэгдэх болсон. Айсуй сонгуулиар ч ямар дүн авах нь тодорхой болжээ. Арван жил хийгээгүй ажлыг үлдээд байгаа хоёрхон жилд буян амлаж, бурхан бүтээсэн ч үгүй биз. Ер нь чөлөөт нийгмийн 35 жилийн бараг хориод жилд нь Төр барьсан ч хийгээгүй л дээ.
Олон жилийн балмад үйлдлийг нь сөхөж цаг гарздаад яахав. “Хошууны бузрыг ухвал далай далай” гэдэг шиг МАН-ын булхай луйврыг ухвал нэгэн нас чамлагдана. Зөвхөн энэ намрын саруудын үйл явцыг харахад л тэд зөвхөн эрх мэдэл, албан тушаалын төлөө, хулгай дээрмээ нууж үлдэхийн төлөө нам хэмээх айлд байдгаа тов тодорхой харуулсан. Зөвхөн үүнийхээ төлөө л зодолдсон.
Хаана, хэзээ ямар гишүүн “Ганц үйлдвэр бариад өгөөч” гээд бүлэг фракц байгуулаад хэвлэл мэдээллийн байгууллагуудыг мөнгөөр угжаад, энд тэндгүй халаглаж уйлагнаад байсан юм. Хаана хэзээ ямар гишүүн “Ард түмний амьдрал хэцүү байна. Цалин нэмээд, аж ахуйн нэгжүүдийг дэмжээд өгөөч” гээд Төрийн ордонд өдөр шөнөгүй хуралдаж, ирцээ хүргэх гэж нойргүй хонож байсан юм. Үгүй л дээ.
“Намайг сайд болгоод өгөөч” хэмээн бүлэглэж, хэвлэл мэдээллээр өндөр шөнөгүй сайхан зүйл л ярьсан. Нэгийгээ Ерөнхий сайд болгохын тулд бага үдэд эхэлсэн чуулганы хуралдааны ирцийг хүргэх гэж шөнөжин нойргүй сууж өглөөний нар л үзсэн. Нөгөө талд нь нэгнийхээ хулгайг нууж үлдэхийн тулд нойр хоолоо умартсан.
Хэн хэзээ хаана ажлын байр нэмэгдүүлье гээд Үндсэн хууль зөрчин хуралдаан хийж байсан юм. Гэтэл тэд эрх ашгийнхаа төлөө Үндсэн хууль зөрчөөд шөнөжин сууж байна. Ийм л нам.
Жаахан цаашлуулаад харахаар эрх мэдэлд гарангуутаа хэн хэзээ хаана бичил бизнес эрхлэгчдээ дэмжинэ хэмээн хуйвалдаан зохион байгуулж байсан юм. Түүний оронд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санг бүлэглэж байгаад тононо. Ер нь бүх санг бүлэглэн тононо.
Цаашилбал, хаана хэзээ ямар гишүүн экспортын бүтээгдэхүүнээ ахиухан гаргаад улс орныхоо эдийн засгийн эргэх цусыг сэлбэчих юм сан хэмээн нэг нэгэндээ уриалж байсан юм. Үүний оронд нүүрсийг бүлэглэн тононо. Тэдэнд хулгайлахгүй юм гэж үгүй. Нийтийн тээвэрт шинэчлэл хийх нэрээр хэдэн арван хуучин автобус оруулж ирээд шинэ хэмээн шахчихна. Өнөөх алдарт “Ногоон автобус” шүү дээ.
Хөгжлийн банкнаас эхлээд бүх банкнуудыг дээрэмдэнэ. Одоо бүр Эрүүл мэндийн даатгалын сангаа тоночихсон, эмнэлгүүдэд ямар ч эм тарианы мөнгө байхгүй. Иргэн та мөнгөгүй л бол амь насаа алдахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсчихсэн байна. Элдэв өвчин зовлон тохиолдоход далимдуулаад хулгайлна. Ган зуд болоход хандив нэрээр дээрэм хийнэ. Гамшгаас хамгаална гээд төсөв тононо. Сүүлдээ хулгай дээрэм нь баригдаад байхаар нам эвслүүдийг Засгийн газартаа оруулж ирж байгаад хамтран тононо. Цаадуул нь ч бүлэглээд дээрэм хийнэ. Хэдэн арван төсөл хөтөлбөр ярьж, түмний тархи угаан, шав тавина. Бүтэж боссон зүйл нэгээхэн ч үгүй. Төсөл хөтөлбөрөө цаасан дээр байхад нь тоночихоор хаана юу бүтэж босох юм. Тэдэнд тонохгүй зүйл гэж нэгээхэн ч үгүй.
Шинэ залуу дарга хэлсэн нь үнэн ч одоо нэгэнт оройтсон. Ард түмэн дүнгээ тавихаар заналхийлж байна. Нийт есөн удаагийн сонгуулиар хулхидуулсан ард түмэн одоо арай ч өөрөөр харах нь лавтай. Тэгэхээр оройтсон ч гэсэн шинэ залуу даргын хэлсэнчлэн “Гурий гурий гурий Ардын нам Ард түмэндээ гүйгээд ир” гэхээс дээ. Ямар нам эвсэл ялагдаж байж л ард түмнийхээ дунд очдог юм шүү дээ.
Их Мэдэгч