dobu.mndobu

АН-ын дарга О.Цогтгэрэл зоостой ч зангаргагүй юм

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-01

АН-ын дарга О.Цогтгэрэл зоостой ч зангаргагүй юм

Уг нь МАН-ын рейтинг жилээс жилд унаж байсан бол одоо өдрөөс өдөрт унаж, айсуй 2028 оны сонгуульд ялагдах магадлал өндөр болчихлоо. Ийм цаг үеийг АН алдаж болохгүй ч “Сүргийн эзэн” нь зоостой хэдий ч зангаргагүй юм. Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Х.Баттулга нарын олон өвгөд нь тарааж орхисон АН-ыг Л.Гантөмөр эвлүүлж, “Тэсо” О.Цогтгэрэл хэмээх мөнгөлөг нөхөрт УИХ-д 42 суудалтай хүлээлгэж өгсөн. Удаан хугацаанд ялагдлын ёроолд тамга тэмдгийн хэрүүлтэй арван зүгтээ харчихсан үзэж байсан намыг эвлүүлж өгнө гэдэг амар зүйл биш. Ийнхүү О.Цогтгэрэл УИХ-д 42 суудалтай хэл зүгээ олчихсон бэлэн нам хүлээж авсан ч нэг л биш. Түүнд мөнгө байдаг ч мөнчигөр алга. Нөгөө талаар болж өгвөл эрх баригчдын халаасанд орчих гээд намынхнаа зовоож байгаа юм байх.

 

Уг нь тэр зөвхөн өнөөдөр дарга болчихсон юм биш, 2021 онд хоёр хуваагдсан АН-ын нэг жигүүрийнх нь буюу Х.Баттулгын талаас маргаантай ч гэсэн дарга болж ажилласан ч намаа  өөрийн болгож чадаагүй. Тэр ч бүү хэл албан бус сэтэртэй АН-ыг улам нурааснаар өөрөө хаяад зугтаасан байх. Харин сүүлээ хавчаад зугтаж байсан нөхөр өнөөдөр эвлүүлж, ялалтын босгон дээр авчирсан нам авчхаад сууж байгаа ч ирээдүй харагдахгүй байна.   

 

Сүүлчийн жишээ гэхэд О.Цогтгэрэл хамгийн номхон улстөрч гэгдэх Г.Занданшатарт тонгоруулчих юм. Тодотговол, МАН-ын энэ намрын үймээний үеэр Г.Занданшатар түүнд хандан “Өрсөлдөгчдөө намнахад тусал, хариуд нь Засгийн газарт хамтран ажиллая” гэсэн санал тавьсан дагуу “Тэсо” намаараа зүтгэсэн ч эцэст нь засаг ч үгүй, засаа ч үгүй үлдлээ. Г.Занданшатарт тонгоруулдаг намын дарга бүү хэл захын улстөрч гэж үгүй. Зөвхөн эндээс харахад “Тэсо” намын дарга бүү хэл улстөрч болоход хол байна.

 

АН-ын гишүүдийн ярьж байгаагаас тандахад “Манай дарга улс төрийн намыг компани шиг удирдаж байна. Компанийн засаглалын загвараар яваад байна” гэх. “Олны үг ортой” гэдэг. Хэрвээ О.Цогтгэрэл Монголын улс төрийн зүүн жигүүр болсон том намыг дахин унагаавал эргэн босоход бас л цаг хугацаа орно гэдгийг санах хэрэгтэй. Өнгөрөгч 2014 оноос “гэдэс гэдсэндээ хөлөө хийж” хэдэн зүгтээ харсан АН арван жилийн дараа арай гэж нэгэн зүгт харан, ялалтын босгон дээр тулж ирээд байгааг мартаж болохгүй. Одоо энэ намыг тэргүүлж байгаа хүн тэр босгон дээгүүр алхуулах ёстой. Үүдэн дээрээс буцах юм бол эргэж босгон дээр ирэх гэвэл О.Цогтгэрэлийн нас ч хүрэхгүй биз ээ.

 

Д.Дорлигжавын тордож зүлгэж өөд нь татсан О.Цогтгэрэл гэх нөхөр чамгүй сайн бизнесмен болохоос огт улстөрч биш гэдгээ алхам тутамдаа харуулах болсон жишээ олон бий. Өргөж тэтгэсэн Д.Дорлигжав ч өөдтэй улстөрч байгаагүй. АН-ын даргаар ч ажиллаж л байсан ялагдал хүлээж байснаас өөд нар харж байгаагүй. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн дарга, Ерөнхий прокурор, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд Шадар сайд, Хууль зүйн сайд гэх мэт өндөр дээд алба хашиж байсан ч салбараа өөд нар харуулж үзээгүй ийм л улстөрч. Тэгэхээр О.Цогтгэрэлийн хувьд “Эх нь булингартай бол адаг нь..” гэдэг болж байгааг өнөөдрийн улс төрийн үйл ажиллагаанаас нь харж болно.

 

Их Мэдэгч

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.