0

Өнгөрөгч 2024 оны сонгуулийн үр дүнд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар дахин томилогдож, түүний Засгийн газраа амь бөх, урт настай байлгах гэсэн айдас нь Төрийн бүтцийг хэтэрхий данхайлгаж орхисон. Гэвч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрөгч зургаадугаар сард унасан ч энэхүү данхар бүтэц нь хэвээрээ байна.
Тэр тусмаа АН Засгийн газраас гараад хагас жил шахам болж байхад АН-аас томилогдсон зарим агентлагийн дарга нар албаа хашсаар. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хамтрагчдаа тал засан гаргаж ирсэн Бүтээмжийн менежер гэх ямар ч хэрэггүй орон тоо хэвээрээ л байна. Бүтээмжийн менежер гэх орон тоог зөвхөн АН-аас ч томилоогүй МАН болон Засгийн газарт багтаж байгаа ХҮН намаас ч томилсон. Өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийн данхар бүтцийг хумих төдийгүй байнгын болон урсгал зардлыг танан багш, эмч нарын цалин нэмэгдүүлэх арга зам хайж байгаа. Нөгөө талаар Төрийн өмчит үйлдвэрт үүрлэсэн хулгайг зогсоож, алдагдалтай ажилласан үйлдвэр, компаниудын захирлуудад хариуцлага тооцож эхэлсэн.
Гэтэл энэ Төрд хамгийн хэрэггүй Бүтээмжийн менежер гэх орон тоо хэвээр хадгалагдан байгааг ойлгох юм алга. Яагаад татан буулгахгүй байгаа юм. Хэмнэж байгаа бол жинхэнэ хэмнэх ёстой орон тоо энд л байна. Тэгээд ч энэ орон тоон дээр мэргэжлийн хүмүүс очоогүй. Хаа хамаагүй хүн томилж цалингийн бөглөө болж байна гэсэн үг.
Тухайлбал, “Эрдэнэс алт ресурс” компанийн Бүтээмжийн менежер Г.Аззаяа гэх Ахлагчийн сургууль төгсөөд энхийг сахиулах мэтээр цэргийн албанд ажиллаж байсан нөхрийг томилчихсон. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид “номхон, бос, суу” командаас өөр зүйл мэдэхгүй Ахлагч юу ч хийж яваа юм. Мөн Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн Бүтээмжийн менежерээр И.Мөнхжаргал гэх Хөнгөн үйлдвэрийн хоолны технологич мэргэжилтэй нөхөр оччихсон тууж байх. Хүнд үйлдвэрийн салбарт хоолны салбарын нөхөр яах гэж яваа юм. Уулын баяжуулах үйлдвэрт И.Мөнхжаргал шиг менежер бүү хэл тогооч ч хэрэггүй.
Түүнчлэн Монголын төмөр зам Төрийн өмчит компанийн Бүтээмжийн менежерээр П.Нүрзэд гэх багш нөхрийг томилчихсон. Олон жилийн түүхтэй мэргэжлийн хамт олонд П.Нүрзэд шиг менежер бүү хэл жижүүр сахиул ч хэрэггүй шүү дээ. Ингээд цааш харахаар НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг гэх хуульч Багануурын нүүрсний уурхайд, Э.Цэцэгсайхан гэх эмч “Эрчист Монгол”-д гэх зэргээр тэс өөр салбарын нөхдийг тэс өөр салбарт нь Бүтээмжийн менежер гээд томилчихсон.
Салбар салбарынхан Бүтээмжийн менежерүүдийн талаар ийн ярьж байна. Тэд “Бүтээмжийн менежер гэх орон тоон дээр ирсэн нөхөд ажил хийе гэхээр мэдэхгүй, ажлыг нь гадарлаад оролцох гэхээр бид нар хариуцлагаас бэргээд оролцуулдаггүй, хөөж туугаад явуулъя гэхээр Засгийн газрын томилгоотой ирчихсэн хүмүүс яах ч аргагүй цалин аваад зүгээр сууж байна. Үүнийг болиулах хэрэгтэй” хэмээнэ.
Улс төрийн нөхцөл байдлаас үүдэн, орон тоо ч гаргаж болно, сум суурин ч байгуулж болно. Гагцхүү уул уурхайн салбарт нь уул уурхайн мэргэжлийн хүнээ, зам тээврийн салбарт нь мэргэжлийн хүнээ томилох хэрэгтэй биз дээ. Энэ мэт ямар ч хэрэггүйгээс гадна утга учиргүй орон тоог маш хурдан байхгүй болгож, хэмнэх гээд байгаа төсөв дээрээ дусаа л даа, Засгийн газраа. “Далайд дусал нэмэр” гэдэг биз дээ. Эсвэл АН-ыг ахиад засагт урих гээд найр тавиад байгаа юм уу. АН-ыг Засгийн газарт урьж тал таслаа ч гэсэн ийм орон тоон дээр ийм томилгоо хийнэ гэж юу байхав. Ингээд АН-аас томилогдсон Бүтээмжийн менежерүүдийг танилцуулж байна.

Их Мэдэгч
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.