0

“Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг арванхоёрдугаар сарын 08-12-ны өдрүүдэд хийх гэж буй билээ.
Уг сонсголд Ерөнхий сайд асан С.Баяр оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр "Ийм "зарлан дуудах" утасны Viber апп-аар ирэв. Гурван өдрийн гурван зарлан дуудах ирүүлж. Эхний өдрийнх нь “Жавхлант”, “Шивээ толгой” (Онтрёгийн) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбоотой асуудал" хэлэлцэх гэнэ. Дараагийн хоёр өдрийн "зарлан" нь Оюутолгой ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар" хэлэлцэх сонсгол юм байх. Би бээр төрөө хүндэлдэг иргэн мөн хэдий ч, эл сонсголд очихгүй.
Очихгүй байхын учир нь,
1.Дээрх хоёр асуудлыг (Хайгуулын лицензтэй байсан Онтрё-гийн талбай, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар гэх мэт) миний удирдаж байсан Засгийн газар хэлэлцэж байгаагүй. Иймээс энэ талаар түр хороонд өгөх мэдээлэл надад алга.
2."Гайт" 34 хувьд ногдох санхүүжилтийн зээл, түүний хүүгийн талаар Монгол Улсын Засгийн газар нь Рио Тинто компанитай хэлэлцээр хийж буй. Ийм үед энэ сэдвээр нээлттэй сонсгол хийж, монголын талын байр суурийн талаар ил задгай ярих нь сөрөг нөлөө үзүүлнэ.
3.Оюу толгой нь эдийн засаг-бизнесийн том төсөл байхын зэрэгцээ хэмжээ, чиглэл, ач холбогдол зэргээрээ гурав дахь хөршийн ХО, манай улсын аюулгүй байдал, хөгжилтэй шууд холбоотой тул үүнийг олон зуун хүн оролцсон нээлттэй сонсголоор бус, огт өөр бүрэлдэхүүн, агуулга, хэлбэрээр хаалттай хэлэлцэх нь манай улсын язгуур эрх ашигт илүү нийцнэ гэж үзэж буй.
УИХ-ын зарим улстөрчид ямар арга хэмжээ хийх нь тэдний ухамсар, эрхийн асуудал. Тэр арга хэмжээнд нь очих эсэх нь иргэн миний ухамсар, эрхийн асуудал. Болгооно уу" хэмээн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн байна.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.