0

Бид өмнөх өдрийн хуудсаараа “Бүтээмжийн менежер гэх хэрэггүй нөхдөө явуулаач, Засгийн газраа” нэртэй АН-аас Төрийн өмчит компаниудад томилогдсон Бүтээмжийн менежерүүдийг дурдсан. Энэ удаад Засгийн газрын хатавчинд амь зууж байгаа ХҮН намаас томилогдсон Бүтээмжийн менежерүүдийн тухай хүргэж байна. Засгийн хатавч гэхээсээ илүүтэй МАН-ын халаасны нам ч гэж болох ХҮН намаас 27 хүн томилогдон ажиллаж байгаа нь хэтийдсэн тоо юм. АН-аас 25, МАН-аас бас бий гэхээр 80 шахам Бүтээмжийн менежер нэртэй мэргэжлийн бус нөхөд сул цалин аваад сууж байна гэсэн үг.
Тэдний цалин 5-6 сая төгрөг гэхээр төсвөөс чамгүй л мөнгө зарцуулдаг нь харагдана. Энд мөн адил, хаа хамаагүй эмч уул уурхайн салбарт, багш нөхөр төмөр замын менежментийг сайжруулахаар томилогдсон нь харагдана. Ингэхдээ өнөөх л уул уурхайн 31 компаниас татаас аваад хийх ажилгүй сууж байдаг “Эрдэнэс Монгол” компанид гэхэд МАН, АН, ХҮН намаас гурван менежер байгаа. “Эрдэнэс Монгол” өөрөө ямар ч үүрэггүй уул уурхайн компаниудаас татаас авч суудаг компани, дээр нь Бүтээмжийн менежер гэх ямар ч хэрэггүй нөхдийг цалинжуулдаг. Төрийн өмчит гэх ганцхан компани дээр нөхцөл байдал ийм байхад төсөв хэмнэх тухай яриад яах юм.
ХҮН намаас ч Бүтээмжийн менежер гэх нөхөд нь мэргэжлийн бус томилогдож очсон салбартаа ажиллах нь бүү хэл мэдэх ч үгүй байгааг дуулгана лээ. Тухайлбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт Д.Баярбилэг гэх Компьютерын ухаан, мэдээллийн системийн мэргэжилтэй, хувийн хэвшилд чиглэлээрээ ажиллаж байсан нөхөр очсон. Хөтөл цемент шохойны үйлдвэрт Мөрдөн байцаах албанд дадлагажигчаар ажлынхаа гарааг эхлүүлж, АТГ хүртэл ажилласан мөрдөгч Ш.Бархасбадь гэх нөхрийг томилчихсон. Стратегийн чухал гэж болохуйц цемент шохойны үйлдвэрт Мөрдөн байцаагч ямар хэрэгтэй юм. Ёстой л “Эсгий хийх газар нохой хэрэггүй” гэдэг болно биз дээ.
Уг нь Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газрын бүтцэд дээрх орон тоог нэмээгүй тул төсөвт дарамт ирэхгүй. Зарлага орлогоо өөрсдөө тооцоод явдаг аж ахуй нэгжүүд дээр нэмэгдэж байгаа орон тоо” гэдэг хариулт хэлж байсан. Гэвч хэдийгээр аж ахуйн нэгжээс гарч байгаа ч энэ нь Төрийн өмчит компани учраас төсвөөс гарч байгаатай ялгаа юу байна. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр анх менежерүүд томилж байхад “Хяналтын болон бүтээмжийн менежерүүдийн томилгоо бол улс төрийн авлига” хэмээж байв. Ингээд МАН-ын халаасны ХҮН-аас томилогдсон бүтээмжийн менежер гэх нөхдийг танилцуулъя.


Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.