0

Энэ өдрийн арга хэмжээнд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич А.Дулмаа, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, Технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, УИХ-ын гишүүн, академич Л.Рэгдэл тэргүүтэй зочид хүрэлцэн ирсэн юм.
Арга хэмжээг нээж Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр үг хэллээ. Тэрбээр “Дэлхий дахинд шинжлэх ухаан, технологи нь улс орны хөгжлийн хурдыг тодорхойлж, эдийн засгийн бүтцийг шинэчилж, хүний амьдралын чанарыг дээшлүүлж буй хамгийн хүчирхэг хөшүүрэг болж байна.
Энэхүү эрс хурдтай өөрчлөлтийн эрин үед Монгол Улс мэдлэгт суурилсан, технологи, инновацад тулгуурласан хөгжлийн замыг сонгож, шинжлэх ухааныг төрийн бодлогын тэргүүлэх чиглэл болгосон нь цаг үеэ олсон оновчтой шийдвэр юм.
Энэ цаг үед дэлхий дахинд шинжлэх ухааны парадигм эрчимтэй өөрчлөгдөж, салангид мэдлэгээс нэгдсэн нийлмэл систем рүү, нэг салбарын судалгаанаас салбар хоорондын болон салбар дамнасан нэгдмэл судалгаа руу, уламжлалт статистик боловсруулалтаас их өгөгдөл, хиймэл оюун ухаан руу, тогтвортой бүтэцээс динамик системийн хөгжил рүү шилжиж байна.
Ийм өөрчлөлтийн дунд Монгол Улс “шинжлэх ухааныг эдийн засагжуулах, эдийн засгийг шинжлэх ухаанжуулах” шинэ парадигмд суурилсан тогтолцооны шинэчлэл хийх зорилт тавьсан нь Монголын хөгжлийн ирээдүйг шинээр тодорхойлох стратегийн ач холбогдолтой шийдвэр юм.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт судалгаа, шинжилгээ, технологийн зардлыг ДНБ-ний 1 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн. Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д шинжлэх ухаан, технологийн дунд хугацааны зорилго, хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтүүдийг анх удаа тодорхой тусгаж, шинжлэх ухаан, технологи, инновацид суурилсан шинэ эдийн засгийг бүрдүүлэх зорилтыг уриалсан нь шинжлэх ухаанд итгэж буй төрийн бодит алхам юм. Энэ бол Монгол Улс эрдэм мэдлэгтээ тулгуурлан урагшлах улс төрийн итгэл, хөгжлийн философи, ирээдүйн стратеги гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.
Өнөө цагийн дэлхийд төрийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэл, дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчны хамгаалал гээд бүхий л салбарын шинэчлэлийн гол цөм нь шинжлэх ухаан, технологи болж байна. Монгол Улс дэвшилтэт технологийг зөв нутагшуулж, салбар бүрд үр нөлөөтэй ашиглаж чадвал илүү хурдтай хөгжих, илүү өрсөлдөх чадвартай улс болох бүрэн боломжтой. Энэ их өөрчлөлтийн гол хүч, манлайлагч нь Монголын эрдэмтэн, судлаачид юм.
Та бүхний чин сэтгэл, ухаан, нөр их хөдөлмөрөөр бүтэж буй шинэ санаа, туршилт судалгаа, нээлт, инновац бүр Монгол Улсын ирээдүйн хөгжлийн баталгаа, хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт билээ.
Шинжлэх ухааны үр дүн шүүгээнд биш, үйлдвэрлэл, бодит амьдралд нэвтэрч, эдийн засгийг тэлж, иргэдийн амьдралыг сайжруулах хүч болон хувирч чадвал бидний зорилго биелэх болно” хэмээн онцолсон билээ.
.png)
.png)
.png)

.png)
.png)
.png)

.png)
.png)

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.