dobu.mndobu

Б.Даваадалай хэний дэмжлэгээр Эрдэнэс Монголыг “амлаж” авав

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-17

Б.Даваадалай хэний дэмжлэгээр Эрдэнэс Монголыг “амлаж” авав

Эрдэнэс Монгол компанийн захирал С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр дэвшүүлэн зайлуулж байгаатай холбогдуулан, тус компанийн захирал болох хүсэлтэй олон нөхөд байна. Тэгвэл Ерөнхий сайдын Ахлах зөвлөх Б.Даваадалай уул уурхайн 31 компаниас татаас авдаг Эрдэнэс Монгол хэмээх чинээлэг айлыг “амлаж” авчихаад “өрж” суугаа сураг бий. 

Б.Даваадалай урьд өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан, Баянхонгор аймгийн уугуул хүн учраас Ерөнхий сайдтай холбон тайлбарлаж байгааг шууд утгаар нь үгүйсгэх аргагүй. Гэтэл үүнийг бататгах мэт “Лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ өнгөрөгч сард тус компанийн байранд очиж “түйвээсэн”. Энэ үеэр тэр “Эрдэнэс Монгол компанийг татан буулгавал 270 тэрбум төгрөг хэмнэж, эмч багш нарын цалинг нэмэх боломжтой. Үргүй зардал их байна” гэх зэргээр үймүүлсэн нь санаандгүй хэрэг биш болов уу. 

Тиймдээ ч Ерөнхий сайд Г.Занданшатар нутгийн дүү, өөрийнхөө Ахлах зөвлөхөө Эрдэнэс Монгол компанийн захирлаар томилуулах юм байна. Б.Даваадалайн өөрийнх нь ч сонирхол байх. Харин томилуулахын тулд шалтгаан хэрэгтэй учраас мөн нэг нутгийн “Лайвчин” Д.Мөнх-Эрдэнийг аль нэг талаас нь хэргээр Эрдэнэс Монголруу “томилж” бужигнуулсан гэх хардлага олны дунд тэнүүчлэх болов. Үнэнийг хэлэхэд эсэргүүцэх хэцүү, байх хэцүү л хардлага юм. 

Ер нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөх нэртэй даржин явснаас хийх ажилгүй, бусдаас татаас авч суудаг хөрөнгөлөг компанийн захирал явах нь юу юунаас илүү учраас хэн ч гэсэн ийм боломжийг алдахгүйг хүснэ. 

Б.Даваадалай нь өнгөрөгч 2024 оны сонгуулиар Хангайн бүс буюу УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт Ерөнхийлөгчийн дэмжлэгээр нэр дэвшээд 51,686 хүний санал авсан ч унасан. Тухайн сонгуульд сайд, дарга нарын нөмөрт явсан Б.Даваадалай байтугай УИХ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар 53,649 хүний саналаар, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн 53,485 хүний саналаар, Д.Тогтохсүрэн 51,867 хүний саналаар тус тус өвдөг шороодсон юм шүү. Ийнхүү сонгуульд унасан Б.Даваадалайг мөн сонгуульд унасан Г.Занданшатар нь Ерөнхий сайд болсон даруйд Ахлах зөвлөхөөрөө авсан. Өөрөөр хэлбэл сонгуульд хамтдаа өвдөглөсөн хоёр нөхөр бие биедээ саймширсан хэрэг. Харин өдгөө Эрдэнэс Монголын захирлаар томилох сураг байгаа нь хэтийдсэн хэрэг биз ээ.  

Б.Даваадалайн хувьд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Банкны эдийн засгийн мэргэжлээр, АНУ-д Колумбын их сургуульд Эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан мэргэжлийн эдийн засагч юм. Ажлын туршлагын хувьд Монгол банкны Мөнгөний бодлого, судалгааны газарт эдийн засагч, Дэлхийн банкны төв оффисын Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн багт зөвлөх, Дэлхийн банканд эдийн засагч, Сангийн сайдын зөвлөхөөр тус тус ажилласан хүн.

Эдийн засагчийн хувьд бол шаардлага хангана. Гэвч Эрдэнэс Монгол бол уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн өмчит компаниудыг нэгдлийн зарчмаар ажиллуулах, нэгдлийн бүрэлдэхүүн компаниудыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, менежментээр ханган ажиллах үүрэг хүлээсэн байгууллага. 

Энэ талаас нь харахаар сайд, дарга нарын бөөрөнд наалдаж явсан нэг эдийн засагч гэхээсээ илүүтэй уул уурхайн чиглэлд мэргэшсэн менежер энэ айлд хэрэгтэй. Тэгэхээр Б.Даваадалай тэс хөндлөн байгууллага сонирхож байхаар нугынхаа бөөрөнд наалдаад явсан нь гэмгүй болов уу. Тэгээд ч улс төрийн болон нутаг нугын томилгоог болихгүй бол урагшлахгүй болсон гэдгийг ажил амьдрал дээр батлан харуулсаар байна.  


 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.