dobu.mndobu

Дэмжиж байгаа нь ч ич, дэмжүүлж байгаа З.Төмөртөмөө ч ич

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-18

Дэмжиж байгаа нь ч ич, дэмжүүлж байгаа З.Төмөртөмөө ч ич

Соёл урлагийн их сургууль төгссөн З.Төмөртөмөө гэх нэг энтертайнмент нөхөр нутгийн ахын нөмөр нөөлгөөр НИТХ-ын дарга болохоор “зодоглож” зогсоно гэнэ. Нутаг нугын элэг татсан харилцаа байж болно, ах дүүгийн амин харилцаа ч байж болно, ойлгоно. Гэхдээ энэ чинь 1.6 сая хүн амтай нийслэлчүүдийг Төрд төлөөлж байгаа Нутгийн өөрөө удирдах байгууллага. Дэндүү ахадна, чамд. Тэгэхээр дэмжиж байгаа нь ч, дэмжүүлж байгаа нь ч ичих хэрэгтэй. 

Хамгийн наад зах нь энэ энтертайнмент нөхөр аварга том тоотой нийслэлийн төсвийг батлахад яах юм. Хэдэн мэддэг Төлөөлөгчдийнхөө аманд гүйгээд орчихно биз дээ. Цаадуул нь юу ч мэдэхгүй нөхрийг ёстой зажлаад өгнө. Ямар нэг нийслэлийн эрх зүйн орчны тухай хэлэлцэхэд яах юм. Хэдэн хуульчдынхаа өвөрт гүйгээд орчихно. Хууль, эрх зүйн ямар ч мэдлэггүй нөхрийг зоргоороо мунхруулчихна. 

СУИС бол Монгол Улсад соёл урлагийн ажилтан, жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин бэлддэг сургууль. Тиймээс тэнд эдийн засаг, тоо заахгүй, менежмент, зах зээлийн харилцаа заахгүй, зам гүүр, барилга байгууламж заахгүй, хууль, эрх зүйн тухай бүр ч заахгүй. Тэнд жүжигчний уран чадвар, хөгжмийн нот, бүжгийн хөдөлгөөн л заана. Ийм хүнийг өргөж дэмжиж байгаа сайд, дарга нар ядахад энэ улс орноо, нийслэлээ бодооч гэж аминчлан гуймаар байна. 

Нөгөө талаас түүнд ажилласан туршлага байхгүй. Нутгийн ахын элгэнд эвхэрч,  нийслэлийн дарга нарын бөөрөнд бөөцийлүүлж явснаас өөрцгүй. Түүний голлон ажилласан салбар нь “Их Монгол” радиогоос эхлэн хэвлэл мэдээллийн газрууд нэрлэгдэнэ. Энэ салбараасаа чирч гулдруулан, УИХ-ын Тамгын газарт гишүүний зөвлөх, УИХ-ын Ажлын албаны гишүүний зөвлөх, УИХ-ын даргын зөвлөх, ШӨХТГ-ын даргын зөвлөх гэх мэт томдсон дээл шиг алба залгуулж ирсэн. Цаадуул нь энэ энтертайнмент нөхрөөр чухам юугаа зөвлүүлдэг байсныг мэдэх юм алга. Ёстой л энгэртээ нааж, элгэндээ л тэвэрч халамжилсан байх. Өөр яах юм, юу ч мэдэхгүй чадахгүй юм чинь. 

Эндээсээ НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, орлогч, Улаанбаатар орон сууцжуулалтын захирал гээд суг суг явсан. Одоо болно. НИТХ гэдэг дэндүү томдоно, чамд. Өөрийнхөө хэмжээг мэдэж явах нь аминд өлзийтэй гэдгийг захих байна. 

Өнгөрөгч жил НИТХ-ын даргаар А.Баярыг томилогдоход нийслэлчүүд чамлаж байв. Гэтэл А.Баяр нь З.Төмөртөмөөг бодоход төсөв баталчих хэмжээний бядтай, хууль зөрчөөд байхааргүй эрх зүйн мэдлэгтэй нөхөр аж. Ядахад л өргөсөн тангарагтаа үнэнч, ёс зүйтэй байхыг яс маханд нь ойлгуулж өгдөг Анагаах ухааны их сургууль төгссөн суурь мэргэжилтэй. Нэг хөөргөн, энтертайнмент нөхөр огт биш. А.Баяр үүгээр ч зогсохгүй Хартфорд их сургуулийг бизнесийн удирдлага, маркетинг мэргэжлээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөн, бизнесийн салбарт ажиллаж байсан “бузар лут амьтан” байгаа биз. Энэ хоёр нөхрийг харьцуулахад газар тэнгэр шиг ялгаа харагдана. 
Эх сурвалжийн хэлж байгаагаар түүнийг дэмжиж байгаа хүн нь улс орноо өөд нь татахаар хүчин зүтгэж байгаа нутгийнх нь сайд ах гэх юм. Гэтэл улсынх нь тал нь амьдардаг Нутгийн өөрөө удирдах байгууллагын даргаар ийм нөхрийг дэмжиж байгаа бол ёстой нийслэлчүүд Таны өөдөөс босох байх шүү. 


Их Мэдэгч

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.