dobu.mndobu

Монголын Төр Дипломтой уяач, баарны эзэн залахдаа уруудаагүй л юм сан

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-18

Монголын Төр Дипломтой уяач, баарны эзэн залахдаа уруудаагүй л юм сан

Шинээр томилгоод буй дэд сайд нарыг хэн нь хэн бэ гэдгийг уншигч та бүхэндээ цувралаар хүргэе. Энэ удаад бид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайдаар томилогдож байгаа Б.Нямжавыг онцлов.

Ерөнхий сайд багаа бүрдүүлж, хүчээ зузаатгах нь жам ёсны зүйл хэдий ч Монголын Төр Баарны эзэн Б.Нямжавт Дэд сайдын суудал өгч тал засахдаа уруудаагүй л юм сан. Үүнээс ч олон томилгоо Төр уруудаж байгааг харууллаа. 

Юуны өмнө нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Манлай уяач, явган бизнесмен Б.Нямжав Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайдаар томилогдож байгаа нь М.Энхболдын фракц улс төрд эргэн ирж байна гэсэн үг. Нөгөө талаар Г.Занданшатар Л.Оюун-Эрдэнэд гомдогсдыг эргүүлэн татаж хүчээ зузаатгаж байгааг сүүлийн үеийн хэд хэдэн томилгоо хэлж өглөө. Түүнийг хэдийгээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар ах нь томилсон ч М.Энхболд, Я.Содбаатар, Г.Занданшатар нарт үүнээс ч том эрх ашиг бий. Одоо “Ми” ахын хилийн чанадад зугтаасан ах дүү нар нь ч эргэн ирнэ, харж байгаарай. Өнөөдөр томилгоо тойрсон явган хэрүүл буцалж байгаа ч том агуулга нь энэ. 

Гэхдээ улс төрийн нөхцөл байдал хэдийгээр ийм байгаа ч Б.Нямжаваар Монголын Төр бүү хэл хүнс, хөдөө аж ахуйн салбар яах юм. Араб, Англиас адуу зөөлгөх л гээгүй бол ямар ч хэрэггүй. Түүнийг томилсон дарга нараас энэ тухай асуувал “Хөдөө малын дэргэд өссөн, морь уядаг” гэж хариулах байх л даа. 

Ядахад мөрөөрөө нэг дипломтой уяач бол яахав, цаадах нь Улаанбаатарын нүх сүв болгонд шунал тачаалаа үүрлүүлчихсэн явган бизнесмен. Арга ч үгүй зартай М.Энхболдыг хар багаасаа дагасан нөхөр өөрөөр яах юм. М.Энхболд ч улс төрд олон жил тогтвортой өндөрт байсан, энэ хэрээр ч Б.Нямжавын явган бизнес хүрээ хаяагаа тэлж байсан гэхэд болно. 

Тэрбээр нэг хэсэг нийслэлийн МАН үүрлэж байсан өдгөөгийн Динозаврын музейг бар, тоглоомын газар болгон, түрээслэгч нэртэй байв. Энэ үеэр “Үлэг гүрвэлийн төв музей” байгуулах тухай Засгийн газрын 2013 оны нэгдүгээр сарын 12-ны 11 дүгээр тогтоол гарснаар мань эрийн бизнес нурсан. Харин Төрийн өмчийг түрээслэгч нэртэй өмчилж байсан дипломтой уяач маань “Миний бар байрлаж байсан байрыг хураачихлаа, олох байсан ашгийг төр төлөх ёстой” хэмээн шүүхэд зарга үүсгэсэн байдаг. Энэ зарга шүүх дээр маш удаан явсан. 

Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд нэр дэвшихэд сайн дүү Б.Нямжав нь “Эм Жи Эл корпорац” компанийнхаа нэр дээр 10 тэрбум төгрөгийг хэдэн банкнаас хуваан зээлж “Сайн ах”-аа сонгуульд уясан. Гэвч “Сайн ах” нь түүний хурдан морьд биш учраас сонгуульд унасан. Морь хүн хоёр ч өөр, сонгууль, наадам хоёр ч өөр гэдгийг ч ухаараагүй цаг үе нь таарсан байх.  

Бооцоо тавьсан Б.Нямжав банкны зээлийг төлөхөөс өөр аргагүйд хүрч, “Эм Жи Эл корпорац” компани Худалдаа хөгжлийн тэргүүтэй банкуудад 10 гаруй тэрбум төгрөг төлөх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж эхэлсэн. Үүнтэй дөрөө харшуулан, Б.Нямжавын Үлэг гүрвэлийн музейгээс хөөгдсөн маргаан шүүх дээр гацчихсан хэвээрээ цаг үетэй давхцаж байв. М.Энхболд өөрт нь туслаад өрөнд орчихсон сайн дүүдээ туслах мэргэн арга сэдсэн байж таарна. Удаан хугацаанд шүүх дээр гацаж байсан иргэн Б.Нямжавын “Олох байсан ашгийг төр төлөх ёстой” гэх нэхэмжлэлийг Дээд шүүхийн иргэний танхимаар хэлэлцээд Б.Нямжавын талд гэнэт шийдвэр гаргачихсан. Тиймээс шүүхийн шийдвэрийн дагуу эхний ээлжийн таван тэрбум төгрөгөө Төрөөс авчихсан эр. Том агуулгаар нь харвал МАН сонгуульд босгосон мөнгөө ийм замаар олж авдгийг харж болно. Одоо бодоход Б.Нямжавт төлөх ёстой өр нь дуусаагүй болоод Дэд сайдын суудал өгсөн биз. Цаадах явган бизнсемен нь хэд нугалаад авахаа ч тооцчихсон байгаа.  

Түүний шиншлээгүй барилга байшин, булан тохой Улаанбаатарт цөөхөн гэх. Барилгачдын талбай орчимд байх Доргио бар, Хүүхдийн 100, Сөүл плазагийн Чоко бар, Тусгаар тогтнолын ордны зүүн жигүүрийн хоёр давхар гээд яривал олон. Гэхдээ энд том агуулга ярьж байгаа учраас энэ мэт явган зүйлийг хойш тавьсан хэрэг. Одоо яах вэ. Б.Нямжав Дэд сайдын суудлаар дамжин, ирэх 2028 оны сонгуульд М.Энхболд ахтайгаа хөтлөлцөөд Төвийн бүс рүү ухасхийх төлөвлөгөөний дагуу ажиллана. Хүнс, хөдөө аж ахуйн талбараас сонгуулийн мөнгөө ч босгоно, явган бизнесээ ч томчуудын талбарт дөхүүлж томруулна. Бид ийм л Төртэй, Төрдөө ийм л ургийн төлөөлөлтэй гэдгийг дээрх ганцхан схем л харуулж байна.   

Үргэлжлэл бий...

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.