0

Шинээр томилогдоод буй дэд сайд нарыг хэн нь хэн бэ гэдгийг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад бид Аж үйлдвэр, эрдэс баялгийн Дэд сайдаар томилогдож буй Б.Энхтүвшинг онцолж байна.
Энэ нэг Баянхонгороос бадар барьсан нөхөр нийслэлд “цагаачилж” болж өгвөл албан тушаалд оччих санаатай дарга, сайдын үүд сахиж явсаар хүсэл нь биелж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн Дэд сайдаар томилогдлоо. Энэ бол Б.Энхтүвшин.
Уг нь Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгч байж юугаа ч хийж доншуучилж явдаг юм. Нутгийн өөрөө удирдах байгууллагад баянхонгорчуудыг төлөөлж байж хаа хамаагүй илүү харж билүү долоож явах нь илүүц хэрэг. Бодоход нутгийн Ерөнхий сайд нь хийх ажилгүй орон нутгийн Төлөөлөгчийг суга татсан нь энэ байх. Ингэхэд Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан МАН-ын Нарийн бичгийн дарга болно лээ. Энэ янзаараа аймгийн Тамгын газар эзгүйрэх юм биш үү.
Энэ ч яахав, эрсдэлтэй зүйл нь гэвэл Монгол Улсын стратегийн гол салбар болох Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам шүү. Нэн чухал энэ салбар одоо ямар сайдтай байгаа билээ. Нэг нийгэм судлалын багш оччихоод самарч байна ш дээ. Юун тэр уул уурхай, аж үйлдвэрийн бодлого вэ, шатахуун түлшээ ч татаж авч чадахгүй мунгинаж байхад Дэд сайдаар нь нэг Татварын байцаагч хүрээд очихоор дуусна биз.
Нийгмийн багш татварын байцаагч хоёр нийлээд аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарыг жинхэнэ утгаар нь самарна, яана даа. Сайд Г.Дамдиннямдаа татварын өр тавьчихгүй бол Б.Энхтүвшин тэнд юугаа хийхэв дээ.
Тэрбээр 1992 оноос хойш 2017 он хүртэл тасралтгүй Татварын байцаагчаар ажилласан хүн. Үүнээс хойш хувийн хэвшилд, “Буянт богд трейд” компаниар дамжуулан бизнес эргүүлж, Төлөөлөгчөөр сонгогдон, ажилласан хүн. Уул уурхай, аж үйлдвэрийн чиглэлд түй ч ойлголт байхгүй. МАН, Ерөнхий сайд Г.Занданшатарын энэ мэт томилгоо өнөө эс гэхэд маргааш толгойг нь цусадна.
Ер нь бол УИХ-д суучих ихээхэн том санаатай гэдгийг бүхий л ажиллагаа нь харуулдаг. Нутагтаа бол хөөрхөн ил гарахыг хүснэ. Онцгой Комиссын мэргэжлийн ангид мэндчилгээ дэвшүүлж, 25 литр дархлаа дэмжих чацаргана хандивлачихна. Үүнийгээ зүгээр ч нэг өгчихгүй, өөрийнхөө зураг бүхий мэндчилгээтэй илгээнэ. "Их говийн тэмээд" тэмээчдийн нэвтрүүлэг нэрээр өөрийгөө баахан пиардчихна. ”Хүрээ хөг" шашин, урлагийн их цэнгүүн зохион байгуулж, Улаанбаатараас дуучид авчраад өөрийгөө магтуулчихна. Яах аргагүй л парламентын дугуй танхим мөрөөдөж яваа эрийн хийх ажил. Үүнээс гадна Баянхонгор аймгийн Шагайн холбооны тэргүүнээр ажиллана гэх мэтээр үзэж өгнө. Одоо харин нэг шат ахиж, Дэд сайд боллоо. Салбарт нь үлдэх хор хохирол нь их байх даа.
Баянхонгороос бадар барьж эрдэс баялгийн салбарыг самрахаар очиж байгаа Б.Энхтүвшин унаган Баянхонгор нутгийнх. Мэргэжлийн хувьд бол “бөөстсөн” гэхэд болно. Завхан аймгийн Хөгжлийн технологийн коллеж, МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Тагнуулын ерөнхий газрын дээд сургууль, Удирдлагын академийг хоёр өөр мэргэжлээр тус тус төгссөн супер нөхөр.
Одоо тэр Дэд сайдын суудал дээрээс ирэх 2024 оны сонгуулийн нэр дэвших мандат горилж суугаа нөхөр. Өөрөөр энэ салбарт түүнд хийх ажил ч гэж юу байхав. Ийм л нэг Татварын байцаагч Аж үйлдвэр, эрдэс баялгийн Дэд сайдаар очиж, Нийгмийн багштай ганзага нийлээд стратегийн гол салбар зангидна гэхээр Ерөнхий сайд Г.Занданшатарын эдийн засгийг өргөнө тэтгэнэ гэсэн бодлого юу болох вэ. Монгол Улс уул уурхайн салбараас эдийн засгийнхаа эргэлтийг бий болгож, түүгээр амь зуудаг биз дээ. Одоо өнгөрсөн.
Үргэлжлэл бий...
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.