dobu.mndobu

Эрүүгийн хариуцлагад татах ёстой Б.Мөнхтамирыг дэвшүүлчихээр яах юм

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-19

Эрүүгийн хариуцлагад татах ёстой Б.Мөнхтамирыг дэвшүүлчихээр яах юм

Шинээр томилогдоод буй дэд сайд нарыг хэн нь хэн бэ гэдгийг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад бид Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтын Дэд сайдаар томилогдож буй Б.Мөнхтамирыг онцолж байна.

Засгийн газраас өчигдөрхөн л МИАТ-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирт хариуцлага тооцон, ажлаас нь халах шийдвэрийг танилцуулаад сүржигнэж байсан бол өнөөдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Дэд сайдаар томилчихож байгаа нь эрүүл ажиллагаа мөн үү. Нэг гараараа түлхэж, нөгөө гараараа татаж байгаа нь ард олныг хуурч байгаа жүжиг байх. Шуудхан хэлэхэд өнөөх л “Хулгайтай тэмцэнэ” хэмээсэн Ерөнхий сайдын албан тушаал, томилгооны “хулгай” гэж хэлэхээс өөр аргагүй. Ийн хэлүүлэх томилгоо олон. 

Учир нь Б.Мөнхтамирын хувьд МИАТ-ийн захирлаар ажиллаж байхдаа хоёр ширхэг “Боинг 787 900” онгоцыг түрээсээр авсан ч хөдөлгүүр нь эрсдэлтэй байсан. Үүнийг Б.Мөнхтамир мэдэж байсан төдийгүй олон улсад анхааруулгатай байж. МИАТ-ийн инженер техникийн ажилтнууд үзлэг шалгалт хийн, хоёр онгоцны хөдөлгүүр эрсдэлтэй гэдгийг дуулгасан ч захирлууд нь түрээсийн гэрээг хийж шууд тээвэрт явуулсан. Тиймээс онгоцнуудын хөдөлгүүр 2024 оны сүүлээр ашиглах боломжгүй болж зогсолт хийсэн ч бас нууцалсан. Улмаар онгоцнууд 2025 онд хагас жил орчим зогсож, хөдөлгүүрийг солих зардал, мөн онгоц зогссон хугацааны түрээс болон олох ёстой ашиг зэрэг олон тэрбум төгрөгийн алдагдлыг хүлээсэн ч худал мэдээлэл өгч нууцалсаар өнөөдөрт хүргэсэн хүн. 

Үүний гол эзэн нь мэдээж захирал асан Б.Мөнхтамир. Энэ бол маш ноцтой асуудал. МИАТ-ийн захирлаас буулгаад зогсохгүй эрүүгийн хариуцлагад татах ёстой гэмт хэрэг баймаар. Магадгүй олон улсын хэмжээнд авч үзэх ноцтой асуудал мөн үү гэвэл мөн. Гэтэл манай ихэс дээдэс хариуцлага тооцох нь бүү хэл дэвшүүлэн, Дэд сайдын суудалд аваачаад залчихлаа.  

Б.Мөнхтамирын МИАТ-д үүсгэсэн асуудал олон байгаа ч хамгийн ноцтойг нь дээр дурдлаа. Яахав энэ мэт зүйл бий. Тухайлбал, Иргэний нисэхийн үндэсний төвд ажилладаггүй байж хий цалин авдаг 30 гаруй хүн байгаа төдийгүй мэргэжлийн бус удирдлагын баг бүрдүүлэн, цалинг нь 10 гаруй сая төгрөгөөр тогтоож, чөлөөлөхдөө тэтгэмж олгуулжээ. Мөн нисэхийн аюулгүйн техник үйлчилгээ үзүүлэх зориулалтын гурван ширхэг шинэ автомашиныг жолоочийн хамт авсан ч хаана үйлчилгээнд явуулдаг нь тодорхойгүй байдаг гээд асуудал цааш хөвөрнө. 

Б.Мөнхтамирын энэ мэт “хулгай”-н асуудлыг өршөөж болох ч онгоцны хөдөлгүүр олон улсад анхааруулгатай байхад нууж тээвэрт явуулж байгааг яагаад ч анхаарахгүй өнгөрөөж болохгүй гэдгийг дахин дахин сануулъя. Юун Дэд сайд вэ. 

Нөгөө талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар гэж ямар нөхөр энэ салбарыг хэрхэн авч явж байгааг та бүхэн харж байгаа. Гэтэл дээр нь Б.Мөнхтамир гэж нөхөр очихоор энэ салбарын хувь заяа хаашаа эргэх вэ. Одоогийн байдлаар Б.Батбаатар сайд нь төсвийн олон зуун сая төгрөг гадаад томилолтод зарцуулсан хэмээн шуугиан дэгдээсэн. Мөн ойрын нөхөд нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн АТГ-т шалгуулахаар өгөөд байна. 

Ингээд Б.Батбаатар Б.Мөнхтамир хоёр ганзага нийлэхээр энэ салбараас гэрэл гэгээ хүсэхийн ч хэрэггүй. Ядахад Дэд сайд байгаль орчин, уур амьсгалын чиглэлд ямар ч ойлголт үгүй. Мэргэжил, ажилласан салбар тэс хөндлөн. Гагцхүү Улаанбаатарын утаа амьсгалж, энэ орны агаар “ууж” амьдарч байгаа нь үнэн байх. 
Тэрбээр ШУТИС-ийн Компьютерын техник, Менежментийн сургуулийг Мэдээллийн системийн менежмент мэргэжлээр, Виржиниа Олон Улсын Их сургуулийг Бизнесийн удирдлага, Олон улсын санхүү мэргэжлээр тус тус төгссөн тэс хөндлөн нөхөр. Гэтэл тэс хөндлөн нөхөр маань уур амьсгалын өөрчлөлтийг зогсоож, Улаанбаатарыг цэвэр агаараар амьсгалуулах юм байх.  

Ажлын туршлагын хувьд гэвэл АНУ-ын “Эй Эс И” компанид туслах менежер, “Оюу Толгой” компанид мэргэжилтэн, нэгжийн дарга, “МИАТ”-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, дэд захирал, “МИАТ”-ийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажилласан хурган дарга, төлгөн намчин. Өөр юу ч байхгүй. 

Үргэлжлэл бий..
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.