dobu.mndobu

Нам дамжиж зүдэрсээр Дэдийн суудалд заларсан С.Энхболд  

0

НийтлэлчAdmin

Огноо2025-12-20

Нам дамжиж зүдэрсээр Дэдийн суудалд заларсан С.Энхболд  

Шинээр томилгоод буй дэд сайд нарыг хэн нь хэн бэ гэдгийг уншигч та бүхэндээ цувралаар хүргэе. Энэ удаад бид Хот байгуулалт, оронсууцжуулалтын Дэд сайдаар томилогдож байгаа С.Энхболдыг онцлов.

Зуугийн талыг лавхан алхахаар улс төрд насаараа горилогчид орох байх газраа олж яддаг бололтой. Ёстой л муу нүхний тарвага шиг сандарна. Тэдний нэг бол Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын Дэд сайдаар томилогдсон С.Энхболд. Тэрбээр хувийн хэвшилд бизнес эргүүлж, олсон мөнгөнөөсөө АН-д бага сага зарцуулсан байх. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн хүртэл байсан санагдана. Ид насандаа АН-д зүтгээд цаадуул нь өөд нар харуулаагүй. С.Энхболдын хэтэвч цаад шуналын хүүдийнүүдэд нимгэдээд байгаа л даа. Тиймээс ёстой л муу нүхний тарвага шиг болж, ИЗНН-ыг бараадан, намын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатарын орон тооны Зөвлөх болоод авсан.
Зөвлөх болсон даруйд Дэд сайдын суудалд морилж байна гэдэг иймхэн карьертай өдий насны эрд том боломж. ИЗНН, Б.Батбаатарт бол С.Энхболдын хэтэвч зузаадах уу гэхээс нимгэдэхгүй л дээ. Насаараа гудамжинд явсан өлмөн зэлмэн намд бол тэр “Алтан уул” шиг л харагдаж байгаа.
Ямар сайндаа ИЗНН-ын дарга Б.Батбаатар “ИЗНН-ын Цасны баярыг санхүүжүүлж, биднийг уулзуулсан С.Энхболддоо баярлалаа” гэх утга бүхий үгээр цахим орчинд уулга алдахав дээ. Энэ утгаараа С.Энхболд маш зөв нам, маш зөв байрлал сонгосон гэхэд болно. Тэгээд ч ИЗНН-ын дарга Б.Батбаатартай эртний найзууд, хэтэвч нэг гэсэн мэдээлэл байдаг. Б.Батбаатар ч өөрөө нэгэн цагт АН-д данстай муу нүхний тарвага явсан учраас зовлон нэг юм даа. Хоёулаа л нам нам дамжиж зүдэрсэн эр хүмүүс одоо бол замын дунд нэгнээ хаяхгүй биз. 
Гэхдээ С.Энхболд ИЗНН-д зарцуулсан өчүүхэн мөнгөө Б.Батбаатарын баруун суганд хавчуулагдан, гадаадын томилолт бүрд нь явж байгаад төрөөс авчихна. Бас зальтай эр. Төрөөс ч юу байхав. Татвар төлөгч бидний мөнгөнөөс хумсалж байгаа хэрэг. Харин С.Энхболдын гадаад томилолтод багтдаг явдалд ИЗНН-ынхан ихээхэн ундууцдаг юм билээ. Тэр тусмаа Дэд сайд болоход нь чулуугаар шидээд хөөхдөө тулсан сураг бий. ИЗНН-ыг УИХ-д бүү хэл хаа ч сураггүй байхад итгэл үнэмшлээрээ зүтгэсэн нөхөд юу юу ч үгүй сууна. Гэтэл АН-д чамлагдсан нөхөр намынх нь тооноор орж ирээд дээш заларчихаар хэн ч дургүйцнэ.
Ганцхан Цасны баярт мөнгө хаяад Дэд сайдын суудал авна гэдэг алтан боломж. Энэ бол зуугийн талыг лавхан алхсан С.Энхболдод боломжоос гадна ирэх 2028 оны сонгууль хүртэл хэдэн баяр санхүүжүүлэхэд намын жагсаалтад дээгүүр эрэмбэ эдэлнэ гэсэн үг. Бодоход үүнийгээ ч тооцоолж очоо биз. Ядахад л дуртай тойргоо сонгоно доо. ИЗНН-ын жагсаалтад С.Замира, Нара нар багтаад орж байхад эр хүний дотор УИХ-ын дугуй танхим 126 гишүүнтэйгээ багтаж л таараа.  
Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэвэл Дэд сайдын гэх суудлыг ямар зорилгоор ашигладаг вэ гэхээр “дамжин өнгөрүүлэх бааз” мэтээр ашиглаж ирсэн. Өөр юу ч үгүй. Нөгөө талд нь тэнд дандаа С.Энхболд шиг горилогчид очдог гэдгийг хэлэх гэсэн хэрэг. Түүнээс бус С.Энхболд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд юу хийхэв дээ. Мэргэжил нь ч өөр, ажлын туршлага нь ч өөр хүн. Тухайлбал, Санхүү, эдийн засгийн их сургуулийг Эдийн засагч, МУИС-ийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн. Хот байгуулалт, барилга орон сууцнаас тэс хөндлөн гэлээ ч энэ салбарт бизнес хийсэн туршлагатай юм билээ. 
Юутай ч С.Энхболд нам дамжин нисэн буусаар ИЗНН-ын индэр дээрээс эцсийн сумаа тавилаа. Гэхдээ улс төр хаашаа ч эргэж мэднэ. Б.Батбаатар нь дураараа загнаж байж засгаас ч хөөгдөж болно. Г.Занданшатарын Засгийн газар ч унаж мэднэ. Сонгууль боллоо ч хууль хаашаа эргэх вэ гээд улс төр таах аргагүй. Ийм л олон асуудал түүнийг тосон уулзана.  

Үргэлжлэл бий…


 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.