0

Нам нь Засгийн газраас яваад хагас жил болж байхад АН-аас томилогдсон “Барилгын хөгжлийн төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Т.Пүрэвхатан гэх эмэгтэй төрхөмдөө буцаагүй л байна. МАН-ын төлөө бүхий л амьдрал, итгэл үнэмшлээ зориулсан нөхөд гудамжинд ажилгүй л явна. Тэгэхэд өрсөлдөгчөөсөө нэг эмэгтэй залчхаад шүтэх нь халаг байгаагийн учир юу вэ. Энэ мэт хүмүүсээ хурдхан шиг явуулж та бүхнийг өндөр сэнтийд байлгах гэж зүтгэж ирсэн нэг ч гэсэн хүнээ томилооч ээ, МАН-ын дарга, сайд нар аа.
Хамгийн сүүлд АН-аас томилогдсон менежерүүдийг төрхөмд нь буцаасан ч Т.Пүрэвхатан Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар ажилласаар байгааг ойлгох юм алга. МАН-ын “Бэр” болчхоогүй бол төрхөмдөө буцмаар юм. Ингэхэд Т.Пүрэвхатанд ах намынхан чухам ямар өртэй юм бэ.
Бодоход Барилгын хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газар нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны харьяа газар байх. Тэгэхээр Э.Бат-Амгалан гэх сайданцар энэ агентлагаа АН-ын туршуулаас салгаж авч өөрийн тань сонгуульд зүтгэж байсан мэдлэг чадвартай залуусаа томилооч. Ихэнх нь гудамжинд явна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт ч үүнд анхаарал хандуулаач. Т.Пүрэвхатан төрд алба хашиж байснаас гадна АН-ын Дэд даргаас эхлээд нам дотор улс төрийн олон алба залгуулахад нь “Женко” Х.Баттулга өргөж түшсэн гэдэг. Энэ утгаараа Х.Баттулга ч АН-ын данстай эмэгтэйг МАН-ын сүлжээнд газрын даргаар байлгаад байж болох уу. Эсвэл Э.Бат-Амгалан Т.Пүрэвхатантай түрийвч нэг байна уу. Тэр бизнесмен хүн. Түүний Шинэ хужирт компани нь “Найрамдал” зуслангийн хажууд Натур мед гэх сэргээн засах сувиллын эмнэлэг ажиллуулдаг, өөрөө ч газрын наймаанд оролцдог гэх мэдээлэл бий.
Тодотговол, тэрбээр Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан Н.Батсүх, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан С.Бямбадорж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга асан Б.Амаржаргал нартай хуйвалдан, 2015 онд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Их цуурайтын аманд хууль бусаар 103 хүний нэр дээр газар олгож, хариуд нь БНХАУ-ын иргэн Лин Суй Лин гэгчээс их хэмжээний авлига авсныг АТГ-аас илрүүлж, улмаар тэд шүүхээс 1-3 жилийн ял сонссон. Ноцтой нь, Н.Батсүх нь Т.Пүрэвхатангаар зуучлуулан БНХАУ-ын иргэн Лин Суй Лин гэгчээс авлига авснаа хүлээж, анхан шатны шүүхээс гурван жилийн ял сонсож, давж заалдаад нэг жилийн хорих ял болгуулсан. Харин авлига зуучилсан гэх Т.Пүрэвхатан ялгүй мултарсан мэдээлэл байдаг.
Мөн Т.Пүрэвхатангийн нөхөр Б.Ууганбаяр нь 2019 онд Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ ашиглан “Найрамдал” зуслангийн газраас эхнэр Т.Пүрэвхатангийнхаа “Шинэ хужирт” компанид газар олгуулсан хэрэгт холбогдож, ажлаа өгсөн. Дээрх асуудалтай холбогдуулан, түүнд холбогдуулан нээсэн 16 дугаар хавтаст хэрэг гэж байгааг эх сурвалж хэлнэ лээ.
“Баян хүн гурван төрд нүүртэй” гэдэг. Тэр өнөөдөр МАН засаглаж байхад АН-ын нэр дээр төрд алба хашаад байгаа хэрэг биш. Аль тэртээ 2002-2008 онд МАН засаглаж байхад Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт, мөн 2008-2012 онд МАН, АН хамтран засаглаж байхад Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт, 2012-2013 онд АН засаглаж байхад нийслэлийн Өмчийн харилцааны газар Ахлах мэргэжилтэн, 2013-2014 онд Ашигт малтмалын газар Ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бол МАН засаглаж байх 2017 онд Эрчим хүчний зохицуулах хороонд Хуулийн хэлтсийн даргаар, өдгөө МАН засаглаж байхад Барилгын хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байна.
Тэгэхээр МАН-ын дарга, сайд нараа Т.Пүрэвхатан хэмээх АН-ын гишүүн төдийгүй АН-ын бодлогын хэмжээнд удирдах алба залгуулж байгаа эмэгтэйг явуулж, нэг ч гэсэн хүнээ томилооч. Бүрэн эрхийн чинь хугацаа тал дундаа орчихлоо.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.