dobu.mndobu

С.Амарсайханы цүнх баригчдаас салаач ээ, Х.Ганхуяг сайд аа

0

НийтлэлчAdmin

Огноо2026-01-05

С.Амарсайханы цүнх баригчдаас салаач ээ, Х.Ганхуяг сайд аа

Засгийн газраас Төрийн өмчит компанийн захирлыг алдагдалтай ажиллаж, хууль зөрчсөн хэмээн ажлаас нь чөлөөлж байгаа ч Дэд сайдын суудалд залан “шагнах”, эсвэл танил тал, нутаг ус бараадсан томилгоонууд хийж л байна. Харин Засгийн газар, танхимын түвшинд бол танхимын бодлого сөрсөн С.Амарсайханыг Шадар сайдаас буулгаж, Х.Ганхуягийг, Ерөнхий сайдынхаа “лүндэн”-г үл ойшоосон Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөлж, Б.Энхбаярыг томилсон. Г.Занданшатарын хувьд танхимаа бужигнуулаагүй сайн талтай. Засгийн газраас болон сайд нарын эхлүүлсэн төсөл хөтөлбөр, бодлого шийдвэр, төрийн залгамж чанарыг хадгалж үлдэхийг зорьсон нь сайн хэрэг.  

Харин суудлаа өгсөн сайд нарт харьяалах агентлаг, газрын дарга нар ажилласаар байгаа нь эргээд шинээр томилогдсон сайд нарын ирээдүйн улс төрд яавч эерэг нөлөөлөл үзүүлдэггүй түүхтэй юм. Тухайлбал, өөрийнхөө ажиллаж байгаа танхимын эсрэг бодлого явуулж байсан Шадар сайд асан С.Амарсайханд харьяалах агентлаг, газрын дарга нар ёстой л ажил хийсэн дүр эсгэж сууна. 

Нэрийг нь дурдаад яахав, нэг газрын алба хаагчид “Манай байгууллагын дарга С.Амарсайхан сайдыг бууснаас хойш ажлаа хийхээ больсон. Бодоход удахгүй халагдана гэж боддог байх. Эс бол шинэ сайдаа эсэргүүцэж байж болох юм” хэмээж байна. Арга ч үгүй, С.Амарсайханы улс төрийн үйл ажиллагаа, сонгуульд эртнээсээ хүчин зүтгэж, ахан дүүс шахам болсон нөхдүүд Шадар сайдад харьяалах агентлаг, газрын даргаар томилогдсон. Томилогдсон ч юу байхав. С.Амарсайханы шагнал учраас тэд явсан ч, суусан ч яахав гээд сууж байна.

Тэгэхээр Засгийн газар нэг гараараа хариуцлага тооцож чөлөөлчхөөд нөгөө гараараа дэвшүүлэн шагнаж байхаар бодлого сөрсөн С.Амарсайханы үнэнч цүнх баригчдыг ажлаас нь чөлөөлж, өөрийнхөө улс төрд хэрэг болохуйц залуусаа томилооч. Мэдлэгтэй чадвартай, туршлагатай залуус олон бий. 

С.Амарсайханы цүнх баригчдыг агентлаг, газрын дарга байлгалаа гээд Таны төлөө сонгуульд гүйхгүй, Ерөнхий сайд аа. С.Амарсайханыхаа төлөө л гүйнэ. Ерөнхий сайд Танд энэ мэт зүйлээс болж сонгуульд бүдэрсэн гашуун туршлага халуунаараа байгааг сануулъя. Таны улс төрийн туршлага, эрдэм, чадварыг хүндэлдэг чадвартай залуус байгааг санахад илүүдэх юун. 

Шадар сайд Х.Ганхуягийн хувьд ч Баянгол дүүрэгт Таны төлөө зүтгэсэн залуусаа өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд томилох хэрэгтэй. Өөрийнхөө харьяалж буй агентлаг, газрын дарга нарыг чөлөөлж, хүрээллээ бэхжүүлэхгүй бол С.Амарсайханы туршуулуудыг албан тушаалд байлгалаа гээд Таны төлөө явахгүй. Энэ бол хамгийн наад захын улс төр. Үүнийг хийж чадахгүй бол улс төрд байна гэж санахын ч хэрэггүй. Та нар бусдын туршуулууд, бусдын цүнх баригчдыг эвийлж байж өөрсдөө сонгуульд бүдэрдэг шүү. 

Шадар сайдын харьяалах хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Стандартчилал, хэмжил зүйн газар, Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар буюу одоогоор Монополын эсрэг газар, Гадаадын иргэн харьяатын газар, Худалдан авах ажиллагааны газар, Чөлөөт бүс гэх агентлаг, газрууд хамаардаг. 

Мэдээж хэрэг, эдгээр агентлаг, газруудад бүгдээрээ С.Амарсайханы тавиул байхгүй. Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ, Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, Худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул нар лавтай түүнд хамраана. Тэдгээр дундаас Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ бол С.Амарсайханыг хэн ч биш байхаас нь өнөөдрийг хүртэл дагасан цүнх баригчдын нэг. Тиймдээ ч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар дамжуулан, Үндэсний итгэмжлэлийн төвийн даргаар томилсон нь өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 

Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа тал дундаа орох гэж байна. Чухам Засгийн газрын насанд ямар хэмжээ үлдсэн эсэхийг мэдэхгүй юм. Ямартай ч парламентын бүрэн эрхийн хугацаанд хүрч насална гэвэл чамгүй хугацаа үлдэж. Өөрсдийнхөө төлөө зүтгэсэн, зүтгэхээр зэхэж байгаа нөхдөд боломж олгох нь тэдэнд бус та нарын ирээдүйн улс төрд л тус болно. 

Тэгээд ч Засгийн газар ямар хугацаанд унахгүй наслах нь чухал биш. Нэг жил ч бай, хоёр сар ч бай хамаа алга. Өөрсдийнхөө төлөө ажилладаг нөхдөө агентлаг, газарт томилох нь юу юунаас чухал. Түүнээс бус С.Амарсайханы цүнх баригчдын толгойг илээд та амжилт олохгүй. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.