0

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар АТГ-т хандаж, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 320 хүүхдийн сургуулийн барилгын тухай албан хүсэлт хүргүүлсэн байна.
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн барилга нь модон хийцлэлтэй 1970 онд ашиглалтад орсон. Сургуулийн барилгын хана туурга нь өгөршин муудаж мөөгөнцөртөж багш, сурагчдын суралцах орчин нөхцөлийг хангахгүй болж, эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулахуйц нөхцөл байдал үүссэн байдаг. 2012 онд Эрүүл зүйн бичил амь судлалын шинжилгээний дүгнэлт, Эрүүл ахуйн халдвар судлалын шинжилгээний дүгнэлт, 2014 онд Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагааг зогсоох тухай дүгнэлт тус тус гарсан боловч сурагчдын хичээл номыг тасалдуулахгүйн тулд тус сургуулийн барилгад одоог хүртэл хичээл орсоор байгаа юм.
Чандмань-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчид, эцэг эхчүүдийн тавьсан хүсэлтийн дагуу 2018 онд Улсын төсөвт 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн сургуулийн барилгыг шинээр барихаар тусгагдсан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар тус сургуулийн барилгын ажлын тендерийг зарлаж 3,114.0 сая төгрөгийн үнийн санал өгсөн "Зос трейд" ХХК шалгарч, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам "Зос трейд" ХХК-ийн захирал Д.Энхтуяатай гэрээ байгуулсан байна. Үүний дараа Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 14 дүгээр тэмдэглэлийн 1.1-т заасны дагуу үнийн дүнд тохируулга хийж төсөвт өртгийг 3,576.0 сая төгрөг болгон нэмэгдүүлж, гэрээний хугацааг сунгаж дахин гэрээ байгуулсан.
Улмаар 2021 онд Барилга хөгжлийн төвийн Магадлалын ерөнхий дүгнэлтэд үндэслэн улсын төсөвт 1,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нэмэгдүүлэн тусгуулж, төсөвт өртгийг 4,576.6 сая төгрөг болгон Боловсрол, шинжлэх ухааны яамтай нэмэлт гэрээ байгуулсан байна.Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/121 тоот тушаалаар Чандмань-Өндөр сумын 320 хүүхдийн сургуулийн барилгын захиалагчийн эрхийг Боловсролын ерөнхий газарт шилжүүлсэн бөгөөд 2023 онд Улсын Их Хурлын 88-р тогтоолын дагуу материалын үнийн зөрүү бодож төсөвт өртгийг 4,914.1 сая төгрөг болгон нэмэгдүүлж Боловсролын ерөнхий газартай нэмэлт гэрээ байгуулсан.
2024 оны Барилгын хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлтэд үндэслэж тус барилгын төсөвт өртгийг 1,8 тэрбум төгрөгөөр дахин нэмэгдүүлж 6,776.8 сая төгрөгөөр нэмэлт гэрээг Боловсролын ерөнхий газартай дахин байгуулжээ.Энэхүү 320 хүүхдийн сургуулийн барилгын төсөвт өртөг 4 удаа нийт 3,662.8 сая төгрөгөөр нэмэгдсэн боловч 6 жилийн хугацаанд барилгын ажлын гүйцэтгэл хангалтгүй, одоог хүртэл сургуулийн барилга ашиглалтад ороогүйгээс багш, сурагчдын эрүүл, аюулгүй орчинд сурч хөдөлмөрлөх эрх ноцтойгоор зөрчигдөж байна.
"Зос трейд" ХХК нь Боловсролын ерөнхий газартай байгуулсан гэрээгээр 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус сургуулийн барилгыг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн юм. Гэвч өнөөдрийг хүртэл тус сургуулийн барилга 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.
Тиймээс УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваад хандаж, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 320 хүүхдийн сургуулийн барилгын ажлын явцыг удаашруулж, удаа дараа төсөвт өртгийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг үр дүнгүй, зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй "Зос трейд" ХХК-ийн үйлдэлд эрх бүхий холбогдох албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нөлөөлсөн байж болзошгүй асуудлыг шалгаж өгнө үү гэсэн хүсэлт хүргүүлээд байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.