0

Сар шинийн баяр дөхөх тусам нийслэлчүүдийн баярын бэлтгэл аажмаар эхэлж байна. Эдгээр өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын санаачилгаар уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа “Их наяд” болон “Соёолж молл” худалдааны төвд иргэдийг хүлээн авч байна. Тус үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ноос хоёрдугаар сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн 1000 гаруй ЖДҮ эрхлэгч оролцож, 55 мянга орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг түрээсийн төлбөргүйгээр, үйлдвэрийн үнээр худалдан авагчдад санал болгож буйгаараа онцлогтой юм. “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа ийнхүү дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна.
Бид “Соёолж молл” худалдааны төвийн нэг давхарт байрлах үзэсгэлэн худалдааг зориход худалдан авагчдын хөл хөдөлгөөн тийм ч их биш байлаа. Гэхдээ “Манайхан баярын бэлтгэлээ цаг тулгаж хийдэг” гэх үг худалдаачдын дунд нийтлэг сонсогдоно. Лангуу бүрд сар шинийн ширээний идээ, үндэсний хувцас, гар урлалын бүтээгдэхүүн эгнэн өрөгджээ.

Сар шинийн баярын ширээний салшгүй нэг хэсэг болох хэвийн боов худалдаалж буй лангуунд бид очлоо. Тэнд хэвийн боов худалдаалж буй Д.Шагдарсүрэн “Манай “Өгөөмж архад” ХХК “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд гурав дахь жилдээ оролцож байна. Хэвийн боов маань 7000–8500 төгрөгийн үнэтэй.
Нэг ширхэг хэвийн боов 8500 төгрөг, 15 ширхэгтэй нь 127,500 төгрөг, 25 ширхэгтэй нь 212,500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Одоохондоо худалдан авалт таруухан байгаа ч сар шинийн баяр ойртох тусам борлуулалт нэмэгдэнэ гэж найдаж байна” хэмээн ярилаа.

Хажуугийн лангуунд эгчийнхээ ажилд нь туслан зогсож буй Т.Анарболд “Манай эгч хэвийн боовыг 20 гаруй жил хийж, үйлдвэрлэж байна. Энэ жил хэвийн боов 6000–6500 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Мөн хэвийн боовны дээд талд тавьдаг том еэвэн 30,000 төгрөг, гурван ширхэгтэй жижиг еэвэн 25,000 төгрөгийн үнэтэй байна. Худалдан авалт бага байгаа ч одоохондоо хүмүүсийн хөл хөдөлгөөн хараахан эхлээгүй байна” гэв.
Үзэсгэлэнгийн нөгөө хэсэгт үндэсний дээл, хувцас худалдаалж буй лангуунууд эгнэн байрлана. Сүүлийн жилүүдэд найман настай балчраас наян настай буурал хүртэл үндэсний дээл, хувцсаараа гоёж, Монгол брэндүүдийг сонгох хандлага нэмэгдсэнийг тод харж болно. Өнгө загвар, хийц дизайн, материалын хувьд улам орчин үеийн, тансаг шийдэлтэй болсон нь анхаарал татна.
Үндэсний дээл, хувцасны үнэ загвар, материалаасаа хамааран дараах байдалтай байна. Үүнд:

Эрэгтэй дээл:
.png)
3 эмжээртэй – 380,000 төгрөг
5 эмжээртэй – 450,000 төгрөг
Хүр хорхойн материалтай – 600,000 төгрөг
Хүүхдийн дээл, цамц – 45,000-120,000 төгрөг
Монгол цамц (хосоороо) – 200,000 төгрөг
Хэдий одоогоор худалдан авагчдын хөл хөдөлгөөн харьцангуй бага байгаа ч сар шинийн баяр ойртох тусам “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдааг зорих иргэдийн тоо нэмэгдэх төлөвтэй байна. Нэг дороос баярын ширээний идээ, үндэсний хувцас, гарын урлалын бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр авах боломж бүрдсэн нь иргэдийн хувьд томоохон давуу тал болж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.