0

Ихэс ахас маань уул уурхай, цахилгаан станцуудад очиж аюулгүй ажиллагааны хувцас өмсөн, үүрэгдэхээс өөр юу ч алга. Уг нь анхаарах зүйл олон бий. Асар их хөрөнгө зарж эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүд царцаж байна. Ажил нь эхлээд олон жил болж байгаа ч улстөрчдийн “зодоон”-оос үүдэн, хугацаа алдах, төсөвт өртөг нь хэд дахин нэмэгдэх, төслийн хөрөнгийг буруу зарцуулах, идэж уух, УИХ-ын гишүүд, сайд дарга нар өөрсдийнхөө хүнээр төсөл удирдуулах гэж уралцах гэх мэт олон шалтгаанаас үүдэж төслүүд царцаж гацдаг. Тухайлбал, хөнгөн үйлдвэрийн чиглэлд төслүүд эхлүүлсэн ч олон жил гацаанд байгааг юуны өмнө анхаарах ёстой. Энэ төслүүд зөвхөн өчигдөр, өнөөдөр ч биш маш олон жилийн өмнө эхэлсэн ч төсөвт өртөг нь өсөөд л байдаг, баригдаж дуусдаггүй хэвээрээ байна. Дурдвал Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэлийн аж үйлдвэрийн парк гэхэд 17 жил, Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр зургаан жил гээд улс төр болон бусад зүйлээс шалтгаалан олон жил гацаж, гацах тусам төсөвт өртөг нь нэмэгдэж байгаа юм. Эмээлтэд анх 182 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байсан бол 2025 оны байдлаар 734,5 тэрбум, Дарханд анх 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байсан бол өнөөдөр 516 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай болсон байх жишээтэй. Тэгэхээр төсөл гацаасан эздийг тодруулж, хариуцлага тооцъё.
ДАРХАНЫ АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ГАЦААСАН ГЭХ Ц.ДАВААСҮРЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ
Дарханы арьс ширний цогцолбор барихаар шав тавиад таван жил, төсөв нь гацаад гурван жилийн нүүр үзлээ. Уг цогцолборыг барихад ямар нэг асуудал байхгүй ч улстөрчдийн дундын зодоон, төлөвлөж чадаагүйн улмаас ийнхүү хойшлоод байгаа гэхэд болно. Тухайлбал, 2020 онд эхлүүлсэн төслийн удирдагчаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.Гансүхийг 2021 оны аравдугаар сарын 15-ны өдөр томилуулж, ТЭЗҮ-д тусгасан өртөг нь 159 сая евро хэмээн оруулж ирэхдээ 103 сая еврод нь Засгийн газрыг баталгаа гаргаж өгөхийг хүссэн байдаг. Харин Сангийн сайд Б.Жавхлан “Боломжгүй, байгуулагдаад нэг жил болж байгаа компанид монголын ард түмний хөрөнгөөр баталгаажсан, Засгийн газрын баталгаа гаргаж өгдөггүй” хэмээснээс маргаан дэгдэж байсныг санаж байгаа байх. Яагаад гэхээр тухайн үед төсөвт өртгийг нэмэхийн тулд цогцолборыг анх 10 сая арьс шир боловсруулахаар тооцож байсан бол 4,4 сая болтлоо буурсан хэрнээ хөрөнгө оруулалт нь 2-3 дахин нэмэгдсэн байдаг. Үүнийг боловсруулах тоног төхөөрөмж нь 13-14 сая ам.доллар гэсэн судалгаа байсан. Мөн бог малын арьс шир боловсруулахад 3-4 сая ам.доллар. Дэд бүтцийг нь ойролцоогоор 40 тэрбум төгрөгөөр хийсэн гэж тайлан тавьж, эдгээрийг нийлүүлэхэд хамгийн ихдээ 60 сая ам.долларын бүтээн байгуулалтын ажил байсан ч ийнхүү гацсан. Уг нь төслийг улс төрийн гацаагүй хэрэгжүүлээд эхлэхээр жилдээ үнэгүйдэж байгаа 15 сая арьс ширийг боловсруулж, экспортын бүтээгдэхүүн болгоод гадагшаа гаргах юм. Гэтэл Ц.Даваасүрэн мэтийн хувь улстөрчдийн эрх ашгаас үүдэн төсөл хойшилсон гэж үзэх хүн олон байна. Уг төсөл нь Хөгжлийн банкнаас 18.3 тэрбум төгрөгийн зээл авсан. Тэгвэл 2024 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар хүү алдангитайгаа 34.6 тэрбум төгрөгт хүрсэн. Тиймээс үүнийг удаа дараа авч хэлэлцсэний эцэст Дархан арьс ширний цогцолборын хэрэгжүүлж байсан төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтаас боломжтой хэсгийг шилжүүлэн авч, үргэлжлүүлэн гүйцээж ажиллах талаар яриа хэлцэл хийж шийдвэрлэхийг чиглэл болгож байсан ч тус компани аудитын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, төслийн 180 га талбайн га тутмыг 1.0 тэрбум төгрөгөөр үнэлж эзэмшлийн эрхээ шилжүүлэх зэрэг хүлээн зөвшөөрөх боломжгүй санал тавьсан тул хэлцэл зогсжээ. Одоо энэ алданги, хүү хэд болсон гэх мэт олон асуудал бий. Өнгөрөгч 2024 оны нэгдүгээр сарын байдлаар уг төсөлд нийт 516 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэдгийг салбар яамнаас мэдээлсэн. Уг нь 2021 онд 60 орчим сая ам.доллар буюу 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж байсан бол дөрвөн жилийн дараа гэхэд хугацаа алдаснаас үүдэн, 516 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай болсон байх жишээтэй. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн, сайд Б.Жавхлан чуулганы хуралдаан дээр товчхондоо “Ц.Даваасүрэн өөрийнхөө менежерийг төслийн удирдагчаар тавьчихаад хөрөнгө оруулалт нэмж шаардаад гацаагаад байна” гэж хэлж байсан. Түүний хэлснээр үүний хариуцлагыг Ц.Даваасүрэн хүлээж таарна.
ЗУРГААН ЕРӨНХИЙ САЙДЫН НҮҮР ҮЗЭЖ, 17 ЖИЛ ГАЦСАН ЭМЭЭЛТ ТӨСЛИЙН ЦААНА ЯМАР ШАЛТГААН БАЙНА
Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэл, аж үйлдвэрийн паркийн үйлдвэрийн газрыг байгуулаад 12 жил болж байна. Паркийн ажил бол эхлээд 17 жил болчихсон. Уг нь төлөвлөгөөний дагуу 2016 онд 182 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ. Үүнээс хашаа барихад 1.6 тэрбум, усан хангамж татахад 30 тэрбум, ус цэвэршүүлэх байгууламжийг Европын сэргээн босголтын банкны 30 сая еврогийн хөрөнгө оруулалтаар, инженерийн шугам сүлжээг Чингис бондын үлдэгдэл 75 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөж, тухайн онд бүрэн дуусгана гэж ам өчиг өгч байсан цагаас хойш 11 жил өнгөрчихлөө. Ийнхүү 2009 онд эхэлж байсан төсөл 2022 онд нийслэлд шилжүүлж, 2023 онд Дэлхийн банкны санхүүжилтээр ТЭЗҮ хийгдсэн. Нийт 539 га талбайд хэрэгжих энэ төслийн эхний үе шатанд 160 га-д 8.0 сая ширхэг арьс, ширний боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах бэлтгэлийг хангаж эхэлсэн гэдэг ч нүдэнд харагдах бодит ажил болсонгүй. Ийнхүү 10 гаруй жилийн өмнө 182 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байсан төсөлд 2025 оны байдлаар 734,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэдгийг салбар яамнаас дуулгасан. Энэ нь мөн л хугацаа алдсанаас үүдэж, хөрөнгө оруулалтын хэмжээ гурван дахин илүү өссөн байна. Тэгэхээр энэхүү төсөл Сү.Батболдын Засгийн газрын үед цаасан дээр амь орж, улмаар хөдөлсөн гэхэд болно. Үүний дараа Н.Алтанхуягийн Засгийн газрын үед огтхон хөдлөөгүй. Уг нь “Чингис” бондын мөнгө ороод ирчихсэн баян л байсан үе. Харин Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед сүрхий удирдагч томилоод хөл болсон ч багахан мөнгийг нь үрэн таран хийсэн. Үүний дараа Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, өдгөө Г.Занданшатар сайдын нүүрийг үзээд байгаа ч гацаа гардаггүй энэ төсөл чухам хаанаа ямар шалтгаанаар гацаж байгааг тодруулах шаардлага байна.
С.Данзан
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.