0

Энэ сарын 24-ний өдөр 16 настай охин болон 32 настай эмэгтэйн амийг хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн шүүх хурал болж түүнд бүх насаар нь хорих ял оноосон. Харин хэргийн газар хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарын хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм. Тэгвэл шүүхийн уг шийдвэрт 16 настай талийгаач охины ар гэрийнхэн гомдолтой байгаагаа илэрхийлээд буй.
Үүнтэй холбогдуулан талийгаач охины ээж Г.Отгонтуяа өөрийн цахим хуудаснаа "Аливаа хэрэг болсон газрыг хамгаалалтад авч хэргийн газар байлцсан улсуудыг тусгаарлан мэдүүлэг авдаг нь мөрдөх албаны наад захын хийх үйлдэл байдаг байх аа. Гэтэл хээв нэг хэргийн газар Э.Ган-Эрдэнийн ээж Ариунтуяа, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ болон нэр бүхий мөрдөгч нар хэргийн талаар ярилцаж, Э.Ган-Эрдэнэ Э.Номин-Эрдэнэ нарт зааварлаж, санаа өгч буй мэт бичлэгийг энэ сарын 19-ний өдөр олон нийтийн сүлжээнд тавьсан. Анхнаасаа л мөрдөх алба хохирогч гэж үзэх итгэл үнэмшил бүхий тохиролцсон үйлдлүүдийг миний бие эсэргүүцэж шүүх хурал болохоос хоёр хоногийн өмнө хуулийн зохих байгууллагуудад гомдол гаргасан билээ. Миний гомдлын дагуу, Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг шалгах хэлтсээс өнөөдөр намайг дуудаж тайлбар авлаа. Зөрүүлээд надаас миний цахим хуудсанд дэлгэсэн нэг зургийн талаар бас мэдүүлэг авлаа. Маш сонирхол татаж байна.
Танил тал, мөнгө гэж хүчтэй юмаа. Өмнөх хохирогчоос хойш 11 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж гэмт хэрэгтнийг илрүүлсэн бол, мөн цагаадаад байгаа Э.Н нь тэр алуурчинтай байх хугацаандаа алуурчны хэлсэн үгийг хуулийн байгууллагад мэдэгдэж иргэний үүргээ биелүүлсэн бол миний охин өнөөдөр амьд байх байлаа. Энэ мэт маш олон ярих зүйл байгаа. Алдаа гаргасан зарим төрийн албан хаагчдын бурууг засахын тулд миний бурхан болсон охиныг минь ядаж бүү гүтгээч. Намайг харагддаг шигээ хүн биш ч гэнэ үү. Юу ч гэж болно. Би алдаа оноотойгоо амьдарч л байгаа жирийн нэгэн иргэн болохоос, баян таксины жолооч бишээ" хэмээжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.