0

Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн ажилчид ажил хаяхаар болжээ.
Учир нь тус компани ажилчдынхаа ээлжийн амралтын мөнгийг олгоогүй аж. Үүнтэй холбоотойгоор тус компанийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооноос захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Ганбаатарт албан бичиг хүргүүлсэн боловч хариу тайлбар огт өгөөгүй байна. Иймд ажилчид нь ажил хаяхаар шийджээ. Энэ тухайгаа мөн удирдлагадаа албан бичгээр мэдэгдсэн байгаа юм.
Албан бичигт "Цемент шохой ТӨХК-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороо өнгөрөгч нэгдүгээр сарын 28-нд ажилчдын ээлжийн амралтын мөнгө олгогдохгүй, хугацаа хоцорч тухайн ажилчид хохирч байгаа талаар А/43 тоот албан бичгийг хүргүүлсэн боловч нийт ажилтны төлөөлөл бүхий Үйлдвэрчний эвлэлийн хороо, ажилчдыг үл хүндэтгэж хариу тайлбар ирүүлээгүй бөгөөд нэгдүгээр сарын ээлжийн амралтын мөнгө одоог хүртэл олгогдоогүй байна.
Иймд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 147-р зүйл, 148-р зүйлийн 1, 2, 3 заалтын дагуу хөдөлмөрийн хамтын маргаан зарлах болсныг мэдэгдэж байна" гэжээ.
Сануулахад, Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн ажилчид өмнө нь ганц удаа ажил хаялт зарлаж байсан бөгөөд тэр нь 1990-ээд оны үед байсан юм. Ийн түүхэндээ хоёр дахь удаагаа ажил хаяж байна.

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.