dobu.mndobu

Н.Алтанхуягийг Хөгжлийн банкнаас салгаж ойлгох аргагүй

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-06

Н.Алтанхуягийг Хөгжлийн банкнаас салгаж ойлгох аргагүй

Н.Алтанхуяг Хөгжлийн банкны хэргээр шүүгдэж, өнгөрсөн онд цагаадсан. Гэвч түүнд хамаарах хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрт дөрвөн прокурор эсэргүүцэл бичсэнээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан энэ сарын 10-ны өдөр товлогдсон. Н.Алтанхуяг гишүүн өөрөө “Хөгжлийн банкны хэрэг надад ямар ч хамаагүй. Энд зогсож байгаадаа дургүй хүрч байна. Тэр Ц.Элбэгдорж Ч.Сайханбилэг хоёрыгоо авчраач ээ” гэдэг. Гэтэл Н.Алтанхуяг дөнгөж байгуулсан банкыг Ерөнхий сайд болоод хүлээж авсан байдаг. Тэгэхээр энэ тухай баримтуудыг хүргэх хэрэгтэй байх.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАНГИЙН МЭДЭЭЛЛЭЭС... 

Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээллээс харахад өдгөө Хөгжлийн банкны 3.2 их наяд төгрөгийн 1.8 их наяд нь чанаргүй зээл хэмээсэн. Үүний 1.5 их наядыг Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа гаргасан баримт дэлгэсэн. Тодотговол, 2012 оны арванхоёрдугаар сард Засгийн газрын 175 дугаар тогтоол гаргаж, бондын зарцуулалтын шийдвэр гаргаж байх Бодлогын зөвлөл гээчийг байгуулан, өөрөө даргаар нь ажиллажээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд эрх мэдлийнхээ хүрээнд ямар ч асуудалгүй хүссэн үедээ зээл гаргаж өгөх боломжийг өөртөө олгосон.  

ХӨГЖЛИЙН БАНКНЫ АСУУДАЛД Н.АЛТАНХУЯГ ХАМГИЙН ИХ ХАМААРНА 

Хөгжлийн банкны өнөөдрийн дампуурлын эх суурийг тавьсан хүмүүсийн нэг учраас Н.Алтанхуягийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгахаас эхлэх ёстой байсан юм. Бүр эх үүсвэрээс нь дурдъя. Ерөнхий сайдаар С.Батболд ажиллаж байх үедээ Монгол Улсын Хөгжлийн банкыг байгуулж, тус банк нь БНСУ-ын Хөгжлийн банктай хамтран ажиллах гэрээг 2011 оны наймдугаар сарын 30-нд байгуулсан. Улмаар хамтрагчид таван мэргэжилтнээ өөрийн зардлаар Монгол руу илгээж байжээ. Энэ талын мэргэшсэн туршлагатай баг манай улсын Хөгжлийн банкыг босгож өгөхөөр ирж байна гэсэн үг. Тиймээс банкны Гүйцэтгэх захирлаар Ким Жанг Жин томилсон байдаг. Ийнхүү анх удаа 2011 оны арваннэгдүгээр сарын 30-д 20.0 сая ам.долларын бондыг хаалттай хэлбэрээр босгосон нь амжилттай болсон. Мөн 2012 оны гуравдугаар сард 580.0 сая ам.долларын, 5.75 хувийн хүүтэй бондыг олон улсын зах зээлд амжилттай гаргажээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан “Фортуна” Н.Батбаяр нарын мөнгөнд бялуурсан он цаг ийн эхэлсэн хэрэг. Монгол Улсын хөгжлийг санхүүжүүлэх зорилго дор байгуулагдсан банкны үйл ажиллагаа ч тун удалгүй доголдож ирсэн ч МАН, АН-гүй нууж явсаар өнөөдөрт ирсэн гэдгийг ч дуулгах хэрэгтэй. Н.Алтанхуягт Ерөнхий сайдын хувиар мөнгө хэрэгтэй байсан. Гэтэл Хөгжлийн банк гэж мөнгөний хүүдий байдаг ч хоёр улсын гэрээний дагуу орж ирсэн хэдэн солонгосчууд садаа болж байсан хэрэг. Тэгэхээр нь Н.Алтанхуяг “Хөгжлийн банкны үйл ажиллагаа жигдэрсэн, одоо алзахгүй” хэмээн дөвчигнөж, 2013 оны тавдугаар сарын 25-нд Солонгостой байгуулсан гэрээг цуцлав. Тухайн үеийн эрх баригчид Хөгжлийн банкыг хэтэвчээ болгох гэхээр солонгосчууд хэтэрхий номын загнаж, саад болсон учраас ийнхүү “хөөж туусан” нь тодорхой. Энэхүү гэрээг цуцлан, өнөөх алдарт “Чингис” бондоо босгоод авснаар банкны дампуурлын суурь тавигдсан. Учир нь тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын бөөлж байж авчирсан гэх 1.5 тэрбум ам.долларыг юунд зарцуулах төлөвлөгөө, тооцоо боловсруулаагүй учраас самарч эхэлсэн. Бондын мөнгийг ямар ч зорилгогүй, ямар ч төсөл төлөвлөгөө, бодлогогүй оруулж ирсэн. Тиймээс аймгуудыг хатуу хучилттай замаар холбох, Улаанбаатар хотын уулзвар замыг засаж сэлбэх, шинээр нэмэгдүүлэх нэрээр нэг зураг төслийг бага зэрэг өөрчилж, түүнийг үндэслэл болгон зээл олгосон байдаг. Иймээс эрх мэдэлтнүүдэд нөлөөлж байгаа бүхэн “Чингис” бондын мөнгөнд гар дүрж байснаас тодорхой бүтээн байгуулалт томоохон төсөлд ч энэ мөнгө ороогүй гэдгийг өнөөдрийн нөхцөл байдал хэлээд өгнө.

Э.БАТ-ҮҮЛ Ч ХОЛБОГДОНО

Э.Бат-Үүл “Ганнам” дүүрэг байгуулах тухай үлгэр зохиож, гудамж талбай засах нэрээр чамгүй мөнгө авсан ч зээлийн эргэн төлөлт битүү хатуу хэвээр үлдсэн. Үүнээс муу хэлүүлж байгаа ч үлдэж байгаа зүйл гэвэл “МАК цемент”, “Мон цемент” хоёр л байна. Өөр юу ч байхгүй. Өргөн зузаанаас нь идсэн эвдэрхий хэдэн замыг хэлэхэд хэцүү. Ийнхүү зураг төсөлгүй, эргэн төлөгдөх эсэх нь тодорхойгүй зүйлд мөнгөө гаргачихсан учраас “Чин­гис” бондын хүүнд сар бүр зургаан сая ам.доллар хий дэмий төлж, олон сар болсон гэх баримт ч байгаа. Ийм л бодлогогүй алхамаас Хөгжлийн банк тойрсон дампуурал, эмх замбараагүй ажил өрнөж эхэл­сэн гэдгийг бултаараа мэдэх биз ээ. Н.Алтанхуягийн үед ажиллаж байсан эрхмүүд бүгд л энэ банкнаас хишиг хүртэж эцэст нь бүгдээрээ л их бага хэмжээгээр шүүхийн хаалга татсан ч мөнгө авсан шигээ шийтгэл үүрсэнгүй.

ЦААД ЭЗДИЙГ ШАЛГА

Хөгжлийн банкны тухайн үеийн захирал асан Н.Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарын олон хүн шүүхийн хаалга татсан. Өнөөдөр ямар ч гэм зэмгүй явж байна. Өөрөөр хэлбэл, авсантайгаа дүйх ял зэм хүлээсэнгүй. Н.Алтанхуяг нар Хөгжлийн банкыг тонож дээрэмдээд ёроолдож байхад Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдав даа. Шинэхэн Ерөнхий сайд Эдийн засгийн хөгжлийн яамыг татан буулгаад оронд нь Аж Үйлдвэрийн яамыг Д.Эрдэнэбат сайдтайгаар байгуулав. Бонд ч босгов. Өдгөө сүүл хавчин зугтаад байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд байх 49 хувийг авахаас эхлээд алдарт Дубайн гэрээ гээд олон цуутай ажиллагааг хүн бүхэн мэднэ. Уулын баяжуулах үйлдвэрийн ОХУ дахь хувийг авахын тулд Хөгжлийн банкнаас ихээхэн хэмжээний зээл авсан нь төлөгдөөгүй шүүхийн шатанд явна. Үүнийг ч сайтар шалгах хэрэгтэй. Татвар төлөгчид хохирч, мөнгө идсэн нөхөд хожоод явж байна.

Хөгжлийн банкны асуудлыг босгож, чанаргүй зээлдэгчдийг зарлан шалгаж эхэлсэн цагаас хойш 77 тэрбум төгрөг төлөгдсөн гэдгийг 2024 онд нэг мэдээллээд алга болсон. албаныхан мэдээлсэн. Гэвч өнөөдөр шийдлээ олж, олон улсын хэмжээнд Монгол Улсын зээлжих зэрэглэл хэвийн байна гэхэд хэцүү болсон. Одоогийн байдлаар 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлтэй, 841 тэрбум төгрөгийн асуудлыг шүүхэд өгчихсөн, дийлэнх нь барьцаа хөрөнгөгүйгээр гарсан. Зарим нь зориулалтын бусаар зарцуулагдсан гээд бүтэлтэй асуудал ер алга. Нэгэнт нөхцөл байдал мухардаж байгаа цагт өнөөх л татвар төлөгчдийн мөнгөөр уг асуудлыг цэгцлэхээс өөр арга зам харагдахгүй болжээ. Үүнээс өөрөөр эрх баригчдын “Дахин сэргэлтийн бод­лого” хэрэгжих ямар ч боломжгүй юм. Хөгжлийн банкны үйл ажиллагааны дагуу авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг ч ул сууриар нь авч үзэх шаардлага бий. Өнөөдрийн байдлаар “Эрэл”, “Монгол Драй Милк”, “Капитал”, “Хөтөл”, “Кью Эс Си” гэх зэрэг чанаргүй зээлдэгчийг мөнгөн дүнгээр тэргүүлж байгаа компаниудыг л зарлаад байна. Үүнээс гадна зээлээ төлөөд явж байгаа “МАК”, Мон полимет” зэрэг ком­паниудыг ч цоллож байна. Уг нь эдгээрээс гадна маш ул суурьтай авч үзэх асуудал олон бий. Сүүлдээ нам хоорондын зодоон, хувь улстөрчдийн өрсөлдөгчөө хэмлэх, бусдыг намнах арга хэрэгсэл болж хувирлаа. Асуудлыг ул сууриар нь авч үзэхийн тулд банк байгуу­лагдсан цагаас эхлээд бондын мөнгийг хэн хэрхэн оруулж ирээд ямар замаар тарааж, яаж зарцуулснаас эхлэх ёстой.

МАН ЗАСАГЛАХ ҮЕДЭЭ 40, АН 11 ЗЭЭЛ АВЧЭЭ 

Энд хэн нэгнийг онцлоод байгаа хэрэг биш. Үе үеийн Засгийн газар л бонд босгож байсан. Гагцхүү зээлээ хуулийн дагуу авч, хуулийн дагуу төлж барагдуулсан эсэхэд л хамаг учир бий. Тодотговол, Хөгжлийн банкыг байгуулсны дараа 2012 онд Сү.Батболдын Засгийн газар 600 сая ам.долларын “Евро” бонд босгосноор эхэлж байв. Ингээд 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар 1,5 тэрбум ам.долларын “Чингис” бонд, 2013 од 30 тэрбум иений “Самурай” бонд, 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар нэг тэрбум юань буюу 160 сая ам.долларын “Дим Сам” бонд, 2016 онд 500 сая ам.долларын “Мазаалай” бонд тус босгосноор АН төрийн эрхээ алдсан. Харин 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар 600 сая ам.долларын “Хуралдай” бонд, 800 сая ам.долларын “Гэрэгэ” бонд тус тус босгож байсан бол 2018 онд Хөгжлийн банкны 500 сая ам.долларын бонд, 2019 онд ипотекийн зах зээл дээр ажилладаг “МИК ОССК” буюу МИК-ийн 250 сая ам.долларын бонд, 2020 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар 600 сая ам.долларын “Номад” бондыг тус босгосон байна. Одоогийн байдлаар Хөгжлийн банкнаас 51 эрсдэлтэй зээлийг зарлаад байгаагаас МАН засаглах үед 40, АН засаглах үед тавьсан 11 зээл багтаж байна. Хөгжлийн банкны түүх, өнгөрөгч 10 гаруй жилийн нөхцөл байдлаас харахад энэ үед эрх мэдэл бүхий алба хашиж байсан нөхдийг бүгдийг нь шалгах хэрэгтэй. Одоо ч босгож байна.

С.Данзан

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.