0

Манай “dobu.mn” сайт УИХ-ын 126 гишүүнийг А-Я хүртэл нэрсийн дарааллаар сонгогч олонд хүргэж эхлээд байгааг та бүхэн мэднэ. Энэ удаад Завхан, Говь-Алтай, Ховд, Увс аймаг буюу 2024 оны УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойргоос 67,597 сонгогчийн саналаар УИХ-ын гишүүн болж, олноо “Нарансэвстэйн” хэмээн алдаршиж яваа О.Амгаланбаатар эрхмийн тухай хүргэж байна.
О.Амгаланбаатар гишүүнийг харахаар хүлэг сульдаасан Алтайн хөх салхинд морин дэл дээр нал нал шогшиж яваа харимал зааны дүрээр сэтгэлд буух нь хачирхалтай. Эсвэл ерээд онд аймгийн шуудан алсаас тосон зогсоо социализмын үлдэгдэл атамануудын дүрээр санаанд буух нь бүр ч зовлонтой. Ерөөсөө л УИХ-ын гишүүний дүрээр бууж өгөхгүй байв. Харин сүүлийн үед Нарансэвстэй боомт, Талын мэлстийн алт гэхээр шуудхан л УИХ-ын гишүүн гэж уншигдаж байна лээ. Аливаа зүйл учиртай л даа.
Яагаад гэхээр түүний улс төрд орж ирсэн зорилго нь Нарансэвстэйн боомтыг нээх байсан гэж хэлж болохоор олон жил зүтгэж байгаа хүн. Зөвхөн энэ туйлын хүсэлдээ хөтлөгдөөд парламентад ороод ирсэн юм биш биз.
Гэхдээ тус боомтыг нээх нь хоёр талтай л асуудал. Тайлбарлаж байгаагаас харвал үнэхээр баруун таван аймагт томоохон боломж нээж өгч байгаа нь үнэн. Мөн босоо тэнхлэгийн транзит тээврийг зөвхөн Замын-Үүдээс Алтанбулаг руу чиглүүлж байгаа цөөн тооны хүний эрх ашиг ч хөндөгдөж байгаа учраас Нарансэвстэйн боомтыг нээхийг зориуд эсэргүүцдэг нь ч бас үнэн. Энэ утгаараа баруун аймагт хил гаалийн гарц нээж өгөх гэсэн О.Амгаланбаатарын туйлын зөв.
Нөгөө талаар Нарансэвстэйн боомтыг нээхийн тулд Их говийн дархан цаазат газрын А бүсээс зурвас газрыг чөлөөлөх, чөлөөлсөн хэсэгт Талын мэлстийн 300 тонн нөөцтэй алтны орд байгаа нь ихээхэн хардлага төрүүлдэг. Өөрөөр хэлбэл, боомт нээх нэрээр 300 тонн алтыг улсын тусгай хамгаалалтаас гаргаж байгаад ухах бүлэглэлийн ашиг сонирхлыг О.Амгаланбаатар гүйцэлдүүлэхээр зүтгэж байна гэх хардлага байгааг бас шууд үгүйсгэх аргагүй. Энэ утгаараа буруу.
Уг нь энд О.Амгаланбаатар гишүүний тухай өгүүлэх гэсэн ч боомт болоод явчихлаа. Яагаад гэхээр ийн уншигдаж, үүгээр танигдсан улстөрч юм уу даа. Түүний албан ёсны намтар https://www.parliament.mn/ сайтад бол алга. Намтраасаа ичдэг юм уу, эсвэл тийм зөнгөр эр үү, мэдэх юм алга.
Ямартай ч тэр Говь-Алтай аймгийн Бигэр сумын унаган хүүхэд. Аймгийнхаа нэгдүгээр арван жилийн сургууль, ХААИС-ийг төгссөн гэдэг. Тэнд чухам юу сурч хэрхэн төгссөн тухай мэдэхгүй ч тухайн үеийн оюутнууд ХААИС-ийн атаман байсан гэдгээр сайтар мэдэх юм билээ. Ер нь харваас юунаас ч бэргэхээргүй бүр нэг зодоончийн шинжийг түүнээс анзаарч болно. Сайн анзаарвал шүү дээ. Ярьж байгаагаас харвал хуушуур, пивоны мөнгөөр тасрахгүй хэмжээнд атаман байсан бололтой юм билээ. Иймээс л “Аймгийн шуудан тосон зогсоо соц үеийн атаман” шиг харагдаад байж л дээ. Ийнхүү ХААИС-ийн атаман маань сургуулиа төгсөөд Гаалийн байгууллагад орж ажилласан. Гааль бол түүний унаган мэргэжил, ажил. Тиймдээ ч боомт, гааль нь мөнгөний үүр уурхай, амьдрал ахуйд тустай гэдгийг яс махандаа мэдэрсэн учраас Нарансэвстэйн боомтыг нээхээр олон жил хөөцөлдсөн болов уу гэж бодогддог. Энэ тал дээр О.Амгаланбаатар гишүүний хувьд буруутгах аргагүй олон зүйл бий.
Гэтэл хамгийн ашиг орлоготой Гашуунсухайт боомтод ажиллаж байсан нөхөр гэнэт Говь-Алтай аймгийн АН-ын даргаар сонгогдон, 2012 оны сонгуульд намаа авч орсон ч ялагдал хүлээсэн. Дахин 2014 онд өрсөлдөөн болсноор аймгийн Засаг дарга болчихсон. Тухайн үед АН УИХ-ын сонгуульд ялалт байгуулчихсан байв даа. Аймгийн АН-ыг авч, хоёр удаа Засаг даргаар өрсөлдөж, хоёр удаа УИХ-д өрсөлдсөн гэхээр “Таргийн таван ямаатай нөхөр” лав биш. Яагаад гэхээр тэр хэдэн тэрбумаар хэмжигдэх мөнгөний зодоонд удаа дараа ороод байна шүү дээ. Хамгийн наад зах нь аймгийн нам санхүүжүүлнэ гэдэг тийм ч амар асуудал биш. Тэгэхээр энэ мөнгө хаанаас гарах вэ гэдэг асуудал зүй ёсоор урган гарна. Юутай ч “Ergelt.mn” сайтаас эрхлэн гаргасан “126” номонд “Бургастайн боомтоор найман камаз машин бохир ноолуур гаргасан гэх хэрэг байдаг ч намдсан” тухай өгүүлснээс харвал энэ мэтийг зүгээр ч нэг эрсдэл хүлээгээд гаргах гэж үзээгүй байх. Огт бизнесгүй гээд байгаагийн цаад шалтгаан ч билүү.
Яах аргагүй нэг зүйл гэвэл Хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв өгөх ёстой учраас тэр бол байна. Түүнээс харвал Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж 1.510.820 төгрөг, 355,000,000 төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй, 100,000,000 төгрөгийн орон сууцтай, 130,000,000 төгрөгийн тээврийн хэрэгсэлтэй, нийт орлого 163,337,420 төгрөг, өөрийн орлого 141,977,420 төгрөг, гэр бүлийн орлого 21,360,000 хэмээн мэдүүлжээ. Үүнд өчүүхэн мэдүүлсэн ч хөндлөнгөөс ажаад байвал хөрөнгөлөг л дуулдана.
Улс төрийн талаасаа бол тун ч тогтворгүй байх магадлалтай харагддаг. Уг нь АН-ын нөхдүүд бүгд л нэг фракцад данстай байдаг. Харин О.Амгаланбаатарт тодорхой фракц гэж байхгүй хаа хамаагүй босож сууж явдаг нэгэн бололтой юм.
“Аймгаа хөгжүүлнэ” хэмээх халхавчтай гаалийн ажлаа хаяад аймгийн АН-ын даргаар очиж байгаа хүн эрх биш гарын ая даах хөрөнгөтэй болсон нь өнөөх гаалийн буян байхаас өөр яахав. “Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй” хэмээх уриаг дандаа биш юм гэхэд эсрэгээр нь цөөн хэрэглэчихсэн байхад л болчихно. Тэрбумаар тоологдох зардал ордог сонгуульд нэг өвдөглөж, нэг ялсан хүн байнга аймгийн төсөв идээд байсан гэж бодохгүй байна. Харин гаалиас хурааж хумсалсан хөрөнгө нь улс төр хийхэд хангалттай хүрсэн байх хэмээн хардах хүн олон бий. Хүний хэтэвч рүү өнгийх нь тийм ч таатай ажил биш.
Нэг талаас нь харвал яах аргагүй монгол эр хүн. Аймгийн заан цолтой, овооны наадамд бол гурван даваатай эр. Бас болоогүй ээ, Төрийн баяр наадамд алаг үрээ айрагдуулчихсан их эр. Зүгээр ч нэг цагаан гартан Төрийн баяр наадамд морь айрагдуулчихаагүй юм билээ. Түүний аав Очирбат нь сумандаа Морин спорт, уяачдын холбоог байгуулж явсан Аймгийн алдарт уяач хүн юм билээ. Тэгэхээр эрх биш хурдан морины сүүл боож яваагүй ч унаж явсан байх. Ядахад салхинд нь орсон байлгүй.
Энэ мэт нь ч нөлөөлдөг үү, аймгийн Засаг дарга байхдаа үе үе цочмог цочмог шийдвэр гаргана. Тухайлбал, 2023 онд А/198 дугаар захирамж гарган, тавдугаар сарын 1-ний өдрөөс албан бичиг, захирамжлалын баримт бичгийг хос бичгээр үйлдэхийг үүрэгдэж байсан том толгой. Төр хос бичигт шилжлээ гэж үүрэгдээгүй байхад баруун хязгаар алтайчуудыг алмайруулж явсан нөхөр. Хэдэн жилийн өмнө дайны хөл үймээнээс дайжсан ОХУ-аас, тэр тусмаа монгол туургатнуудаас олон иргэн Монгол Улсыг зорьж ирсэн.
Энэ нөхцөл байдалд Монгол Улсын төр тодорхой шийдэл гаргаж чадахгүй, хоёр улсыг харилцааг тооцоолж суухад мань эр ОХУ-аас ирсэн иргэдэд хандан, дүрвэж ирсэн Буриад, Ойрд, Халимаг, Тува зэрэг элэг нэгт монгол үндэстнүүдийг Алтай нутагтаа урьж, орос иргэдийг нэг сар үнэгүй байраар хангана, монгол хэл сургана, Монголын хууль эрх зүйг таниулах сургалт хийнэ, бусад улс руу гарахад нь дэмжлэг үзүүлнэ, ажлын байр, бизнесийн санал зөвлөмж өгч ажиллахаа мэдэгдэн, хадмал орчуулга тавьсан нь шуугиан тарьж байв. Ерөнхийдөө төрийн өмнөөс цочмог цочмог шийдвэр гаргачихдаг “Том” Засаг дарга байв. Бас нэг шийдвэрүүдийнх нь нэг бол ганц бие залуусын чуулга уулзалтыг Дөргөн нуурын хөвөөнд зохион байгуулж эхлээд чамгүй хугацаа өнгөрлөө. Хожим сонсоход Дөргөн нуурын хөвөөнөөс бие сэтгэл нийлж, дээвэр нэгтгэн, өрх айл олноор нэмэгдсэн гэгээн мэдээ байгааг дуулгах учиртай.
Энэ ч утгаараа тэр парламентын гишүүн болсон даруйд зоримогхон Нарансэвстэйн боомтыг нээх ажиллагааг улам бүр идэвхжүүлж, УИХ-ын Байнгын хорооны хаалганд дөхүүлж явсан эр. Шинэ тутам гишүүд хэзээ л ийм зоримог хөдөлж байлаа даа. Тэгэхээр энэ нөхөр ихээхэн зоримог байх, эсвэл асар том эрх ашиг бий байх. Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байх 2023 онд БНХАУ-ын иргэн Лиу Пингийг өөрийнхөө орон тооны бус зөвлөхөөр томилсон тушаал гаргаж байсан зэргээс үзвэл боомт бол түүний туйлын мөрөөдөл. Үнэндээ баруун аймгуудын иргэдээс лавлахад “Нарансэвстэйг л нээчихвэл ...” гэсэн туйлын хүсэлтэй байдаг юм билээ. Тэгэхээр иргэдээс сонгогдсон гишүүн иргэдийнхээ хүслийг биелүүлэхээр улайрч байна гэж ойлгохоос өөр аргагүй. Энэ бол яах аргагүй “харимал зааны төрмөл хүсэл” гэж болно. Хэрэв О.Амгаланбаатар Нарансэвстэйн боомтыг нээж “холыг нь ойртуулж” өгвөл Говь-Алтай, Завхан, Увс, Ховдынхон уулгалан дэмжих биз ээ.
С.Ууганбаяр
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.