dobu.mndobu

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын малчин С.Эрдэнэдагва гэргий Б.Баярмаагийн өрх гэр бүл “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” боллоо

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-12

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын малчин С.Эрдэнэдагва гэргий Б.Баярмаагийн өрх гэр бүл “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” боллоо

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Баянцогт багийн малчин Сосорын Эрдэнэдагва, Баатардагвын Баярмаа нар “Улсын аварга малчин” болж, шагналыг нь УИХ-Ын гишүүн Ц.Идэрбат гардуулан өглөө.

Аймгийн аварга адуучин, алдарт уяач Сосор, Улсын аварга малчин Баатардагва гуайн үргэлжлэл болсон малчин заяаны эзэд, шинэхэн аваргууд маань 30 гаруй жил МАА-н салбарт хөдөлмөрлөжээ.

Тухайлбал, Баянцогт багийн малчин Сосорын Эрдэнэдагва 1993 оноос эхлэн төрөлх сум, багтаа мал маллаж, нутаг орныхоо мал сүргийг өсгөн үржүүлэх, ашиг шимийг нэмэгдүүлэх үйлсэд тууштай зүтгэж иржээ. Олон жилийн хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж 2012 онд “Аймгийн аварга малчин” цол хүртсэн бол 2023 онд “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулжээ.

С.Эрдэнэдагва нь уламжлалт мал маллах арга ухааныг орчин үеийн менежменттэй хослуулан, мал сүргийнхээ чанар, тоо толгойг тогтвортой өсгөж, залуу малчдад туршлагаасаа харамгүй хуваалцдаг хөдөлмөрч нэгэн юм. Тэрбээр өвөлжөөндөө 4 улирлын тохилог байшин барьсан бөгөөд өвөл хаврын хариг цагт урт хөлийн малаа хашаалах дулаан хашаа саравч барьж, төлөө бүрэн бүтэн авч байна.
Эднийх 2025 оны жилийн эцсийн байдлаар 1,540 толгой мал тоолуулжээ. Нийт малд хээлтэгчийн эзлэх хувь 42.3–57.9 хувьд хүрч, сүргийн бүтцийг оновчтой хадгалж байна. Мөн 100 эхээс 100–112 төл бойжуулдаг гэнэ.

Сүүлийн 3 жилд нийгмийн хариуцлагын хүрээнд 2 өрхөд 482 толгой малыг малжуулалтаар олгосон нь нийт малын 11.5 хувийг эзэлж байна. Үүнээс гадна 325 толгой малыг үржилд худалдан борлуулж, 1264 толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан нь аж ахуйгаа зах зээлийн эргэлттэй, үр ашигтай эрхэлж байгааг илтгэж байна.
Малын эрсдэлийг бууруулах чиглэлээр 320 толгой малыг 800.0 мянган төгрөгөөр даатгуулсан бөгөөд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зорилгоор 207 тонн өвсийг өөрийн хүчээр бэлтгэжээ.

Шинэхэн улсын аварга малчдадаа халуун баяр хүргэе!

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.