dobu.mndobu

Оскарын шагналт жүжигчин Michelle Yeoh Холливудын алдрын гудамжинд нэрээ бичүүлэхээр болжээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-12

Оскарын шагналт жүжигчин Michelle Yeoh Холливудын алдрын гудамжинд нэрээ бичүүлэхээр болжээ

Оскарын шагналт жүжигчин Мишель Йео хоёрдугаар сарын 28-нд Лос Анжелес хотын түүхт Холливудын алдрын гудамжинд өөрийн нэр бүхий одыг хүлээж авна. Түүний од 2836 дахь од болон гялалзана.

Алдрын гудамжны продюсер Ана Мартинез хэвлэлийн мэдэгдэлдээ “Мишельгийн ер бусын авьяас чадвар, дэгжин байдал, шинэлэг карьер нь зугаа цэнгэлийн салбарт мартагдашгүй ул мөр үлдээсэн. Түүний од нь дэлхий даяарх үзэгчдийг урамшуулсаар байгаа уран бүтээлийг нь хүндэтгэж буй хэрэг” хэмээн онцолжээ.

Ёслолын арга хэмжээнд Америкийн найруулагч Жон М. Чу болон Тайванийн нэрт найруулагч Анг Ли нар оролцох юм. Арга хэмжээг жүжигчинтэй олон жил хамтран ажилласан Эмми шагналт энтертайнмент сэтгүүлч Женелл Райли хөтлөн явуулна.

Мишель Йео 2023 онд “Everything Everywhere All at Once” (Бүх зүйл хаа сайгүй бүгд нэг дор) киноны дүрээрээ Оскарын “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагнал хүртсэн анхны Ази жүжигчин болсон. Тэрээр мөн Оскарын шагнал хүртсэн анхны Малайз эмэгтэйгээр түүхэнд бичигдсэн юм. Уг дүр нь түүнд Алтан бөмбөрцөг болон Кино жүжигчдийн холбооны шагналуудыг авчирсан бөгөөд кино тухайн үедээ A24 студийн хамгийн өндөр орлоготой бүтээл болсон.

Тэрээр 1990-ээд онд Хонконгийн тулаант кинонуудаар дамжуулан олны танил болж, улмаар “Crazy Rich Asians” зэрэг олон улсын хит бүтээлүүдэд тоглон дэлхий дахинд нэр хүндээ бататгасан. Сүүлийн жилүүдэд “Wicked” болон түүний үргэлжлэл “Wicked: For Good” кинонд Мадам Морриблийн дүрийг бүтээсэн нь үзэгчдийн анхаарлыг татаж байна.

Дэлгэцийн уран бүтээлээс гадна Йео 2022 онд Time сэтгүүлээс “Оны шилдэг хүн”-ээр нэрлэгдэж, 2016 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Сайн санааны элчээр томилогдон байгаль орчны асуудлаар идэвхтэй ажиллаж байгаа юм.

Түүний удахгүй нээлтээ хийх бүтээлүүдийн дунд Шон Бейкерийн найруулсан, iPhone утсаар бүтээсэн “Сандивара” богино хэмжээний драмын кино багтаж байгаа бөгөөд уг бүтээл 2026 оны хоёрдугаар сарын 13-нд болох 76 дахь Берлиний олон улсын кино наадамд нээлтээ хийхээр төлөвлөжээ. Мөн “Рубикийн шоо” кинонд тоглосноороо тэрээр арван гаруй жилийн дараа хятад хэл дээрх кино урлагт эргэн ирж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.