Сэлэнгэ аймгийн Түшиг суманд газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын начин, Гавьяат механикжуулагч С.Баатар захиралтай "Бооцын тариа" ХХК "Улсын аварга тариаланч хамт олон" боллоо.
Тус компани 1999 оноос хойш Түшиг суманд үйл ажиллагаа явуулж, газар тариалангийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулж ирсэн туршлагатай хамт олон юм. “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн босгон дээр ийнхүү 5 дахь удаагаа улсын аваргаар шалгарсан билээ.
"Бооцын тариа" ХХК жил бүр 2000 га талбайд улаанбуудай тариалан, га-гаас 18ц ургац авч, Монгол Улсын дотоодын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байна. Хөрсний үржил шимийг хамгаалах, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмжийг тогтвортой өсгөх бодлогыг тууштай хэрэгжүүлсний үр дүнд ургацын чанар, өгөөжийг жилээс жилд ахиулж иржээ.
Түүнчлэн эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр Халимаг үүлдрийн үхэр өсгөн үржүүлж, нутгийн 10 гаруй иргэнийг байнгын ажлын байраар ханган, иргэдийн орлого, амьжиргааг нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг үзүүлж байна.
"Бооцын тариа” ХХК-ийн хамт олонд цаашдын ажил үйлсэд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.