0

Монголын радиогийн "Таван Эрдэнэ" нэвтрүүлгийн нэрэмжит 48 дахь удаагийн ‘Алтан унага’-ны эзнээр Дундговь аймгийн Адаацаг сумын Ар урт багийн малчин Бандийн Ганзориг тодорлоо.
Тэрбээр 1990 оноос хойш аав, ээжийнхээ зааварчлагаагаар мал маллах ухаанд суралцжээ. Тэднийх жил бүр унагаа бүрэн бойжуулж авсанаас зөвхөн сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 375 унага хүлээн авчээ. Адууныхаа үржлийг сайжруулахын тулд нутгийн цэвэр азаргаар, Галшарын хурдан азаргаар, Өндөр шилийн гүр азаргаар адуун сүргээ хураалгасан байна.
Түүнчлэн аймгаасаа жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цагаан идээний үзэсгэлэн худалдаанд оролцохдоо олон жил сайхан айраг үйлдвэрлэгч өрхөөр шалгарчээ.
Б.Ганзоригийнх малын хашаа хороо гурав, гүн өрмийн худаг нэгийг бий болгосноос гадна 100 га талбайд бэлчээр хашиж мал маллах ая тухтай нөхцлийг бүрдүүлэн амьдарч байна. Малаа зах зээлийн эргэлтэнд оруулахаас гадна цөөн малтай нутгийнхаа дөрвөн өрхийг дэмжин 450 орчим бод, бог мал хандивлажээ.
Үүнээс гадна 2000 онд МЗХ-ны тэргүүний малчин залуу алтан медаль, 16 наснаасаа хурдан морь уяж, 2003 онд сумын алдарт уяач, 2020 онд мянгат малчин, сумын сайн малчин, 2025 онд аймгийн аварга малчин зэрэг цол хүртжээ. Харин аав нь 2009 онд улсын сайн малчин цол хүртэж байсан удам дамжсан малчин юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.