dobu.mndobu

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болох хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-02-27

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болох хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байна

Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байгаа талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр өнөөдөр /2026.02.27/ мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын ард түмний илэрхийлэгчийн хувьд төр ард түмний итгэлцлийг бэхжүүлэх, эв нэгдлийг хангах Үндсэн хуульд заасан үндсэн чиг үүрэгтэй байдаг. Энэхүү чиг үүргийн хүрээнд иргэд олон нийтийн парламент дахь оролцоог нэмэгдүүлэх, сайжруулах үүднээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар болж байна. Монгол Улс парламентын засаглалтай орон. Тэгэхээр парламентын дархлаа, нэр хүнд өөрөө манай улсын язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд онцгой ач холбогдолтой гэж Ерөнхийлөгч үздэг. УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагын асуудал, иргэд сонгогчдын итгэл өөрөө парламентын дархлааны цөм бүрдэл хэсгүүд юм. Сүүлийн үед нэн ялангуяа УИХ-ын гишүүд хулгай, авилга, албан тушаалын хэргүүдэд холбогдож, ёс зүйн ноцтой зөрчлүүд гаргадаг ч УИХ-ын гишүүний дархан эрхийн цаана халхавчилж, нуугдаж хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулж байгаад иргэд шүүмжлэлтэй байна. Тэгэхээр энэ асуудлыг нэн яаралтай засаж залруулахыг ард иргэд өдөр бүр биднээс шаардсаар байна. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татах тухай заасан байдаг. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэхүү Үндсэн хуулийн заалт хэрэгжих эрх зүйн орчин нь амьдралд биеллээ олж чадаагүй байдаг. Тиймээс Ерөнхийлөгч төрийн эрх барих дээд байгууллагад сахилга хариуцлага, ёс зүйн өндөр хэмжээнд байх ёстой гэж үзэн Үндсэн хуулийн энэхүү заалт хэрэгжих гол зангилаа нь болсон хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьж байна гэж ойлгож болно. Уг хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах дараах үндэслэлийг тусгалаа. Үүнд:

-Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлнэ.

-Өргөсөн тангаргаасаа няцаж ноцтой зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, мөн УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр эгүүлэн татдаг болгоно.

-Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол уг гишүүнийг эгүүлэн татах үндэслэл тусгагдсан.

-Парламентад суудалтай улс төрийн намын хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал түүнийг эгүүлэн татах үндэслэлийг тусгалаа.

-Дээрх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлэх, ардчилсан парламентын засгаа хамгаалах, парламентад ард иргэдийн хяналтыг хэрэгжүүлэх, сахилга хариуцлага, ёс зүйг сахиулах, шударга ёсыг тогтоох зорилготой болохыг тодотгон хэлэхийг хүсэж байна. Цаашид энэхүү хуулийн төслийг Засгийн газраас санал авч нэн яаралтай горимоор УИХ-д өргөн барьж байна” гэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.