0

Иранд суурилуулсан Хятадын агаарын довтолгооноос хамгаалах системүүд АНУ болон Израилийн агаарын цохилтыг хааж чадаагүй нь Хятадын зэвсгийн системийн гүйцэтгэлд эргэлзээ төрүүлж байна. Хятад улс өөрийн боловсруулсан агаарын довтолгооноос хамгаалах системээ үл үзэгдэгч онгоцыг илрүүлэх чадвартай гэж сурталчилж байсан.
Иран Улс Орост үйлдвэрлэсэн агаарын довтолгооноос хамгаалах системээсээ гадна Хятадын дөрөв дэх үеийн хөдөлгөөнт радарын систем болох YLC-8B-ийг нийслэл Тегеран зэрэг газруудад байрлуулсан. Хятад улс анх 2016 оны Жухай агаарын шоунд YLC-8B-г танилцуулж, АНУ-ын F-22 , F-35 нууц сөнөөгч онгоцыг 250 км-ийн зайнаас илрүүлж чадна гэж тухайн үед мэдэгдэж байсан.
Иран мөн Хятадын шинэ алсын зайн ангиллын пуужин болох HQ-9B-г ажиллуулдаг. 250 км-ийн зайтай HQ-9B нь идэвхтэй радарын чиглүүлэлтийн систем болон хэт улаан туяаны хайгчаар тоноглогдсон тул электрон дайралтаас зайлсхийж, нууц онгоцыг илрүүлэх боломжийг олгодог. Хятад улс мөн АНУ-ын GPS системийг орлосон өөрийн Бейтоу хиймэл дагуулын навигацийн системийг Иранд нийлүүлсэн.
Гэсэн хэдий ч Иран нэг ч онгоцыг буудаж унагааж чадаагүй бол Израиль 200 гаруй сөнөөгч онгоцыг нисгэж, АНУ B2 үл үзэгдэх бөмбөгдөгч онгоц болон Tomahawk далавчит пуужингаар 1000 гаруй байг цохисон байна.
Иран Хятадын радар худалдаж авахад ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн боловч өнгөрсөн жилийн цөмийн байгууламжууд руу хийсэн дайралт болон энэ жилийн томоохон хэмжээний агаарын цохилтод үр дүнгүй болох нь харагдаж байна.
Мөн Венесуэл Хятадад үйлдвэрлэсэн JY-27A радаруудыг суурилуулсан боловч АНУ-ын энэ оны нэгдүгээр сард хийсэн цэргийн ажиллагаа буюу Ерөнхийлөгч Мадурог баривчлахаар илгээсэн цэргийн онгоцыг илрүүлж чадаагүй.
Жоржтаун Их Сургуулийн профессор Деннис Уайлдер Хонконгт төвтэй Өмнөд Хятадын Өглөөний Пост (SCMP) сонинд өгсөн ярилцлагадаа “Хятад улс дэвшилтэт технологи ашиглах тал дээр АНУ-аас 10 жилийн хоцорч байна” гэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.