0

Монгол телевизийн “Та битгий сувгаа солиорой” нэвтрүүлгийн хөтлөгч асан Ч.Сайханбилэг “Рио Тин То”-гийн монгол талын бүлэглэлийн захиалга, Ц.Элбэгдоржийн дэглэлтээр алс тив, далайн чанадаас Ерөнхийлөгч асан Х.Баттулгын тухай нэвтрүүлгийг өргөн олон монголчууддаа зориулан илгээсэн нь учир мэдэх хүмүүсийн инээд уурыг зэрэг барав. Олонход таалагдсан байх магадлалтай. Нэвтрүүлгийн зорилго ч тийм бололтой.
Хөтлөгч маань оргож яваа оргодол гэхэд костюм, зангиа болчихсон сүрхий сууж байгаад Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дөрвөн цаг муулав ш дээ. Хэрвээ Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүл олон нийтийн дэмжлэг авахааргүй болов. Ерөөсөө “Женко”-д зориулсан нэвтрүүлэг үзлээ. Цаад агуулга нь “Рио Тин То”-гийн монголын талын бүлэглэлийн захиалга бололтой. Нэг мөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хажуу пивоны мухлагт суулгаж байхаар ил гаргаад хамт суулгачихсан бол “алах” байлаа. Даанч дүр дутав. Бусдаар өөлөх зүйлгүй санаагаа гүйцээсэн сайхан нэвтрүүлэг болжээ гэх үү дээ.
Ганц дургүй хүргэсэн зүйл гэвэл тэр бүхий л насаараа Төрийн өндөр дээд албанд ажиллаж, тэр тусмаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүртэл ажиллаж байсан хүн. Гэтэл Монгол Улсынхаа шүүх хүчний байгууллагыг үгүйсгэж байна. Үндсэн хууль, Төрт ёсоо үгүйсгэж байна. Хууль тогтоох дээд байгууллагаа үгүйсгэж байна. Гүйцэтгэх засаглалаа үгүйсгэж байна. Бүх цаг үеийн шүү. Гагцхүү Ц.Элбэгдорж тэр хоёр л сайн хүмүүс бололтой. Үнэнийг хэлэхэд үүнийг сонссон хүн юун түүнийг өрөвдөх ихээхэн бухимдаж “буудчихмаар” санагдсан байх.
Харин захиалгын гэхэд нэвтрүүлгийн нэг амин сүнс нь өөрийгөө өрөвдүүлэх тактик олон нийтэд нэлээд “ажиллаж” байгаа нь цахим орчинд харагдана лээ. Тэрбээр “Аав маань хоёр ч удаа ирж золгоод явсан. Энэ жил 88 настай, ахиж ирж чадахгүй, настай хүн олон цаг нисэх хэцүү” хэмээн хэлээд “Намайг очихоор онгоцны буудал дээр гав зүүнэ. Тэгээд хоолны хордлогоор алчих байх, амь хайран” гэх.
Мөн “Найз нартайгаа уулзаад, нутгийнхаа очъё гэсэн газруудаар очиж байна гэж шөнөжин зүүдэлж сэрээд өглөө нь өнөөх байдгийнхаа баруун хаяанд л байна. Намайг очвол онгоцны буудлаас шууд баривчлах, цаашлаад амьд үлдэх эсэх нь ч эргэлзээтэй ийм нөхцөлд би яаж нутаг буцах юм бэ” хэмээн уйлагнах. Үүний зэрэгцээ “Төрийн тэргүүн намайг Төрийн нэрээр баривчилж, шоронд хатааж ална хэмээн заналхийлсэн. Надад амь хайран байна” хэмээн толгой сэгсрэх. Сүүлдээ
Нутаг хэзээ явах вэ гэж надаас битгий асуу л даа
Нуурлаад хурчихсан нулимс асгарчих гээд хэцүү юм
Нуугдаад бүгчихсэн гуниг задарчих гээд хэцүү юм” шүлэг хүртэл уншиж аргаа барав. Тэр чигээрээ өрөвдүүлэх тактик, зэрэгцээд нэвтрүүлгийн гол баатар “Женко”-г харлуулах арга ядсан агуулга бүхий үг өгүүлбэр давтах нь бас л илүүц.
Үнэнийг хэлэхэд заналхийлээд байгаа гэх Х.Баттулгад өнөөдөр хүнд гав зүүлгэх нь бүү хэл өөрөө гав зүүхдээ тулчихсан, ямар ч эрх мэдэлгүй нэгэн байхад дахин дахин Х.Баттулга гээд давтаад байгаагийн цаана том л эрх ашиг байна. Бүр арга ядав бололтой, “Х.Баттулга надад олон зүүгээр хатгуулсан хүүхэлдэйн зураг явуулж заналхийлсэн” хэмээв. Х.Баттулга муу ч гэлээ Ч.Сайханбилэгт зүү шивсэн хүүхэлдэйн зураг явуулах жижиг гар биш. Утсаар залгаад “Аятайхан байгаарай” гэхээ мэднэ. Болохгүй бол “Ална шүү” гээд хэлчихэж чадна.
Тэгэхээр Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Х.Баттулга ч нохой нь нохой, гэхдээ Монгол нохой” гэж зүгээр ч нэг хэлээгүй юм гэж бодлоо. Харин энд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг муулахгүй байгаа нь “Рио”-гийн захиалга, Ц.Элбэгдоржийн дэглэлт гэдгээ улам баталчих гээд хэцүү байх шиг байна лээ. Үнэнийг хэлэхэд тухайн үед “Рио Тин То”-гийн захиалгыг Н.Алтанхуяг зөвшөөрөхгүй байсан учраас Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг унагаах ажиллагааг гардан зохион байгуулж, улмаар Ч.Сайханбилэгт засаг авч өгч байгаад хүслээ гүйцэлдүүлсний шанд л чи эх орондоо ирэх нүүргүй алс тэртээ тарчилж, өрөвдүүлэх тактик хэрэглэж суугаа нь худлаа юм уу. Тэрбээр Ерөнхий сайдаар хоёр хүрэхгүй жил ажиллахдаа
Нэгдүгээрт, “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-д эзэмшилд байх 49 хувийг бүлэглэлийн гарт өгсөн. Өгөхдөө Засгийн газар, УИХ-ын чуулганы хуралдаанаар оруулаагүй. Яг сонгуулийн үймээн дэгдэж байх зургаадугаар сарын 17-ны өдөр хэргээр шийдвэр гаргасан, хэнд ч ойлгомжтой. Гэтэл бараг өөрөө мэдээгүй байхад нь “Сахал” Б.Эрдэнэбилэг ОХУ-д очоод аваад ирэх юм гэнэ.
Үндсэн хуультай, бүрэн эрхт улсын стратегийн ганц үйлдвэрийн эзэмшил хувийг Засгийн газар, УИХ-ынх нь ямар ч оролцоогүй нэг иргэн очоод их гүрнээс аваад ирэх юм гэнэ, хэн итгэх юм. Улс гүрнээ, Төрөө доош нь хийсэн хэрэг биз дээ. Тусгаар тогтнолоо хүртэл үгүйсгэсэн хэрэг болж таарна.
Хоёрдугаарт, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг Монгол Улсад ашиггүйгээр авлигын өндөр түвшинд хийсэн, өнөөдөр Монгол Улс Оюутолгойн зээлийн хүүд өдөрт 10 тэрбум төгрөг төлөөд явж байна. Муу нэртэй ч ихэс дээдэс маань энэ бүхнийх нь алдааг засах гэж үйлээ үзэж, ард түмэн Танаас болон хохирсоор хэдэн оныг үдлээ. Үнэхээр толгойг нь авсан ч багадах хэрэг өдүүлсэн нөхөр ийнхүү алс тэртээ тивээс өөрийгөө “Энхийн цагаан тагтаа” болгох гэж ядаж суугаа нь өрөвдмөөр аж. Нэвтрүүлэг дуусав, цэг.
С.Данзан
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.