0

Индонез улс 16-аас доош насны хүүхдүүдийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон зарим алдартай онлайн платформ ашиглахаас хориглох шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь хүүхдүүдийг цахим орчны хүчирхийлэл, сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилготой юм.
Тус улсын Харилцаа холбоо, дижитал хэргийн сайд Меутья Хафидын мэдэгдсэнээр гуравдугаар сарын 28-наас эхлэн “өндөр эрсдэлтэй” гэж үзсэн платформууд дээр 16-аас доош насны хэрэглэгчдийн бүртгэлийг идэвхгүй болгоно. Үүнд YouTube, TikTok, Facebook, Instagram, Threads, X, Bigo Live болон Roblox зэрэг платформууд багтаж байна.
Засгийн газрын мэдээлснээр хүүхдүүд цахим орчинд порнограф контент, кибер дээрэлхэлт, онлайн залилан, мөн сошиал медиа донтолт зэрэг олон эрсдэлтэй тулгарч байна. Тиймээс эцэг эхчүүд технологийн томоохон компаниудтай ганцаараа тэмцэх шаардлагагүй болгохын тулд төрөөс зохицуулалт хийж байгаа гэж тайлбарлажээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн 2023 оны судалгаагаар Индонезийн судалгаанд оролцсон 510 хүүхдийн тал хувь нь олон нийтийн сүлжээнд насанд хүрэгчдийн бичлэг, дуу дүрстэй тулгарсан гэж мэдээлсэн байна.
Зарим эцэг эхчүүд уг шийдвэрийг дэмжиж байгаа бол зарим өсвөр үеийнхэн илүү уян хатан арга хэрэгтэй гэж үзэж байна. Жишээлбэл, 17 настай сурагч Мэтт Жозеф сошиал медиа залуучуудын зугаа цэнгэл, мэдээллийн гол эх сурвалж учраас бүрэн хориглохын оронд илүү ухаалаг зохицуулалт хийх ёстой гэж хэлжээ.
Мөн бодлогын судалгааны ELSAM байгууллагын шинжээч Нурул Изми хүүхдийг хамгаалах бодлого нь зөвхөн насны хязгаарлалт төдийгүй хүүхдэд чиглэсэн зар сурталчилгаа, аюулгүй байдлын стандарт зэрэг өргөн хүрээний арга хэмжээг хамрах ёстой гэж онцолсон байна. Түүнчлэн нас баталгаажуулах систем нь хүүхдүүдийн хувийн мэдээллийг хамгаалах зарчимд нийцэх ёстойг анхааруулжээ.
Индонезийн энэхүү шийдвэр нь Австрали улс сошиал медиа платформуудыг 16-аас доош насны хэрэглэгчдийг бүртгүүлэхийг хориглосон бодлого хэрэгжүүлсний дараа гарч байна. Үүнтэй төстэй бодлогыг Испани болон Их Британи зэрэг улсууд мөн судалж эхэлжээ.
Эх сурвалж: BBC
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.