0

Хаврын чуулган хөшгөө нээхтэй дөрөө харшуулан улс төрд олон үйл явдал өрнөнө. Маргаан дагуулсан хууль тогтоомжууд хэлэлцэхээс гадна сөрөг хүчнээс Засгийн газрыг заналхийлж, ханцуйдаа гар зангидсан хэвээрээ байгаа.
Анх Дэд сайдуудыг хэл ам дагуулан томилж байхад АН-ын дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзаж, Дэд сайдын томилгоог цуцлах шаардлага тавьсан төдийгүй хэрэв биелүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барина гэдгээ мэдэгдэж байсан цагаас хойш бас чиг хугацаа өнгөрчихөж. Харин эх сурвалжийн хэлж байгаагаар АН Хаврын чуулган эхлэхээр Засгийн газрыг огцруулах ажиллагаа өрнүүлэх заналхийлэл нь хэвээрээ байгаа аж.
Тиймээс Засгийн газраас Төрийн данхар бүтцийг цомхотгоно. Муу ажиллаж байгаа Дэд сайдуудыг явуулна гэх зэргээр байр сууриа илэрхийлээд эхэлжээ. Үүгээр ч зогсохгүй Засгийн газар УИХ дахь намын бүлгүүдтэй хамтраад Төрийн данхар бүтцийг хумьж цомхон чадварлаг болгох, чиг үүрэг нь давхардсан албан тушаалыг нэгтгэх, АН-ын бүлгийн шаардлагыг хэлэлцэж, Төрийн албан хаагчдын чиг үүргийг оновчлох, хариуцлага, бүтээмжийг нэмэгдүүлэх хууль боловсруулах Ажлын хэсэг байгуулж, С.Бямбацогт сайд ахлахаар болжээ. Хаврын чуулган эхлэхээр сөрөг хүчнээс ирж магадгүй цохилтод хариу арга хэмжээ авч байгаа бололтой. Өөрөөр хэлбэл Засгийн газраас “Хориг арга хэмжээ” авч байна гэсэн үг.
Яахав, Ерөнхий сайд Г.Занданшатар “Дэд сайдуудыг томилсны дараа “Томилогдох өдрөөс чинь Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж байна. Салбар салбартаа сайн ажиллаж юу чадахаа харуул” гэж үүрэг өгсөн. Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Сайн ажиллаж байгаа Дэд сайд нар үлдэж, муу ажиллаж байгаа нь явна” гэдгийг ч хэлсэн.
Г.Занданшатарын Засгийн газар Төрийн өмчид компани, үйлдвэрийн газруудад ажиллаж байсан Бүтээмжийн болон Хяналтын менежерүүдийн орон тоог байхгүй болгож, 58 үндэсний хороог 29 болгон, яам, агентлаг, газрын дарга нарын тоог 400-аар цөөлсөн гэх статистик хэлж байна лээ. Засгийн газрын энэхүү “Хориг арга хэмжээ” бодитоор өрнөхгүй бол сөрөг хүчин яахаас ч буцахгүй. Тиймээс Дэд сайдуудаас суудал нь өнцөгдсөн нөхдийг явуулах нь гарцаагүй. Тэгвэл Засгийн газрын “Хориг арга хэмжээ”-нд хэн хэн гэх Дэд сайдууд орох вэ гэх асуудал бий.
Олон нийтийн зүгээс хэлж байгаагаар бол Дэд сайдуудын хувьд жигдхэн л ажиллаж байгаа бололтой. Мэдээллээс анзаарч байхад салбар салбарынхаа чиглэлээр газар дээр нь ажиллахаас эхлээд зүгээр суухгүй байгаа нь харагдана.
Гэхдээ Засгийн газрын түвшинд “Хориг арга хэмжээ” авч байгаа учраас хараандаа авчихсан сайдуудыг нэрлэж байна лээ. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав, Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын Дэд сайд Г.Дашням, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайд С.Энхболд, Боловсролын дэд сайд Д.Гантулга, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү, Зам, тээврийн Дэд сайд Г.Ганболд нар засгийн “хар жагсаалт”-д орчихсон байгааг эх сурвалж дуулгасан.
Мэдээж хэрэг, энэ Засгийн газарт чамгүй үүргээ гүйцэтгэн ажиллаж байгаа сайдууд байгааг үгүйсгэхгүй. Үүнээс Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийн хувьд хөдөлгөөнтэй поп ч сайдтай юм, дагаад хөдлөхөөс өөр аргагүй байдаг болов уу. Нөгөө талаар сайд нь ч ихээхэн үүрэг өгдөг учраас яах аргагүй сайн ажиллаж байна. Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамбын хувьд салбартаа хариуцлагатай алба хашиж байсан туршлагатайгаас гадна чамгүй хөдөлмөрч нэгэн гэдгийг харуулж чадах аж. Мөн Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин салбараа мэднэ. Тэгээд ч залуу хүний хийе бүтээе гэсэн халуун зүтгэлээр ажиллаж байгааг салбарынхан дуулгаж байна. Ямартай Засгийн газраас гарцаагүй “Хориг арга хэмжээ” авна. Авна гэдгээ ч Хэрэг эрхлэх газрын дарга нь мэдэгдэнэ лээ.
С.Данзан
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.