dobu.mndobu

АНУ руу зорчих B1/B2 визийг монголчуудад $10,000-ын барьцаатай, 3 сарын хугацаатай олгодог боллоо

АНУ руу зорчих B1/B2 визийг монголчуудад $10,000-ын барьцаатай, 3 сарын хугацаатай олгодог боллоо

АНУ-ын Төрийн департамент шинэ журам хэрэгжүүлж, нийт 50 улсын иргэдийг АНУ-ын виз мэдүүлэхдээ барьцаа мөнгө төлөхийг шаардахаар болжээ.

Уг жагсаалтад өмнө нь Африкийн 38 улс багтаж байсан бол 12 улсыг шинээр нэмж оруулсан байгаа юм. Шинээр нэмэгдсэн орнуудад Камбож, Этиоп, Гүрж, Гренада, Лесото, Маврикий, Монгол, Мозамбик, Никарагуа, Папуа Шинэ Гвиней, Сейшел, Тунис багтжээ. 

Энэхүү журам нь бизнес болон аяллын (B1, B2) виз мэдүүлэгчдэд хамаарах бөгөөд дөрөвдүгээр сарын 2-ноос хэрэгжиж эхэлнэ. Гол зорилго нь визийн хугацаа хэтрүүлэн АНУ-д үлдэх тохиолдлыг бууруулах аж. Хэрэв виз авсан хүн хугацаандаа эх орондоо буцвал, эсвэл анхнаасаа аялал хийгээгүй бол барьцаа мөнгийг буцаан олгоно.

Энэ шийдвэрийн талаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас "Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа. 2026 оны 4-р сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 (бизнес/жуулчны) визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд 10,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) төлөх шаардлагатай болно.

Энэхүү шаардлага нь 2026 оны 4-р сарын 2-ны өдрөөс өмнө олгогдсон хүчинтэй визтэй иргэдэд хамаарахгүй. Визийн барьцааг ярилцлагаас өмнө урьдчилан төлөхгүй байхыг анхаарна уу. Урьдчилан төлөх нь виз олгох баталгаа болохгүй бөгөөд аливаа гуравдагч этгээдийн цахим хуудаснууд залилан байх эрсдэлтэй. Ярилцлагын өмнө төлбөр хийгдсэн тохиолдолд буцаан олгогдохгүй. Визийн нөхцөлийг бүрэн мөрдсөн тохиолдолд барьцаа мөнгийг холбогдох журмын дагуу буцаан олгоно" хэмээжээ. 

Визийн бондын хөтөлбөрт хамрагдсанаар, 

-Визийн шаардлага хангасан тохиолдолд ярилцлагын дараа консул танд pay.gov цахим хаягийн шууд холбоос болон төлбөр хийх заавар өгнө. 

-Барьцааг 30 хоногийн дотор төлнө.

-3 сар хүртэлх хугацаанд хүчинтэй, нэг удаагийн виз олгоно.

-АНУ-ын урьдчилан зөвшөөрөгдсөн хилийн шалган нэвтрүүлэх цэгээр орох шаардлагатай. 

-Визийн бүх нөхцөлийг мөрдөн (АНУ-д ажиллаагүй, хугацаандаа гарсан гэх мэт) эх орондоо буцаж ирсний дараа барьцааг автоматаар цуцалж, буцаан олгоно.

Сонирхуулахад, 2023 онд Монголоос АНУ руу тухайн жилдээ буцах визтэй 10,600 иргэн зорчсоноос 400 нь буюу 3.77 хувь нь визийн хугацаагаа хэтрүүлжээ. Харин 2024 онд 13,595 иргэнээс 2.73 хувь буюу 371 хүн хугацаа хэтрүүлсэн байна.

 

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.