0

АН-ын дотоод сонгууль хэл амтайхан шиг өндөрлөв. Тэр хэрээр Х.Баттулга, МоАХ хүчтэй байгаагаа харуулж, Дорноговь, Баянхонгор зэрэг аймгуудыг авч, ихэнх аймаг, дүүрэгт төлөөллөө явуулж, Үндэсний бодлогын хороонд хүчээ зузаалчихав.
Нэг сонин зүйл гэвэл хаа байсан Ховд аймгийн Ш.Адьшаа Баянзүрх дүүргийн АН-ын сонгуульд өрсөлдөж, Дорноговь аймагт Х.Баттулгын томилолт өвөртөлсөн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, “Нэт капитал”-ын Д.Алтангэрэл нар хүрээнээс очиж, нэг нь дарга, нөгөө нь Үндэсний бодлогын хорооны гишүүн болчихлоо. Энэ мэт нутаг хошуу дамнасан, хазаар гүйлгэж, хүн зөөсөн сонгууль болов.
Харин нэн сонирхолтой нь Говь-Алтай аймгийн АН-ын дарга, Засаг даргаар хоёр ч удаа томилогдон ажиллаж байсан УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Баянгол дүүргийн АН-ын дарга болчих юм. Говь-Алтай аймагтаа босоо гэж болох О.Амгаланбаатар чухам ямар учраас нийслэлийн дүүргийн намын дарга болж байгааг ойлгох юм алга. Ямар улс төрийн нүүдэл, тохироо гэхээрээ ийм үйл явдал өрнөж байгааг таах ч арга алга.
Гэтэл Баянгол дүүргийн “Хатан эх” болтлоо өргөмжлөгдсөн УИХ-ын гишүүн, сайд асан С.Одонтуяа Үндэсний бодлогын хорооны гишүүн ч болж чадахгүй өвдөг шороодож гээд сонирхолтой зүйл олон болов.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа хориод жилийн өмнөөс л Баянгол дүүргийн АН-тай холбогдож ирсэн хүн. Тэр 2012 онд УИХ-ын гишүүн, 2016 онд дүүргийн Засаг дарга, 2024 оноос УИХ-ын гишүүнээр ажиллах хэмжээнд тус дүүргээс санал авч байсан улстөрч. Гэтэл Үндэсний бодлогын хорооны өрсөлдөөнд долоон эмэгтэй өрсөлдөж С.Одонтуяа долоод уралдан, ялагджээ. Унаган гэж болох дүүргээсээ Үндэсний бодлогын хороонд орж чадахгүй унаж байгаа УИХ-ын гишүүний хувьд бол карьер нь нэгэнт дууссан гэсэн үг.
С.Данзан
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.