dobu.mndobu

“Лхагвын тойм”-ыг тоймлoсон бодол

0

НийтлэлчAdmin

Огноо2026-03-26

“Лхагвын тойм”-ыг тоймлoсон бодол

Төрийн өндөр дээд алба хашиж байсан аснууд голдуу нөхөд “Лхагвын тойм” нэвтрүүлэгт ээлж дараалан нэгнээ “дүүжилж” орхиод өөрсдөө “Энхийн цагаан тагтаа” болон дэвэх боллоо. Сүүлдээ америк тивээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тэнгис далай давуулан, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нарыг зэрэг “дүүжлэв”. 

Саяхан Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг “Лхагвын тойм”-д “дүүжлэх”-дээ давхар сайд асан Т.Аюурсайханыг “дүүжил”-чихэв. Гэтэл өчигдөр гав дөнгөө тайлаад удаагүй байгаа сайд асан Т.Аюурсайхан Л.Оюун-Эрдэнийг “дүүжил”-чихээд яваад өгөв. 

Зүй нь бол энэ мэт асуудлаа Монгол Улсын хууль, хяналтын байгууллагад очиж тайлбарлах, мэдүүлэх ёстой. Гэтэл ихэс ахас маань хууль, хяналтын байгууллага руу биш “Лхагвын тойм”, сэтгүүлч Л.Лхагвадоржид очиж мэдүүлэг өгөх болжээ. Гэхдээ “Лхагвын тойм” бидний мэдэхгүй тэдний булхай луйврыг олны индэр дээр гаргаж тавьж байгаа нь сайхан хэрэг. Одоо Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг авчирч хэн нэгнийг “дүүжлүүлэх” юм сан. Мань эр ч арваар нь “дүүжлэх” байх. Гэхдээ гол хүн нь Л.Оюун-Эрдэнэ байж таарна.  

Их айлд хоригдсон нөхдөд ямар ч буруу байдаггүй юм гэсэн. Тэд “би ямар ч хэрэг хийгээгүй” гэдэг юм гэнэ лээ. Манай ихэс дээдэс ийм л замаар явж байна. Тэдэнд ерөөсөө хийсэн хэрэг алга. Гагцхүү нэг нь нөгөөгөө чирч аваачаад хорьчихож байна. Ч.Сайханбилэгийг Х.Баттулга ял тулгасан, хорьсон. Тиймээс арга буюу хилээр гараад олон жил болчхож. Нутаг усаа санаад, ажил төрөлгүй, мөнгөгүй сүйд болж байгаа юм байх. Үгүй дээ, “Дубайн гэрээ”-ний буянаар “Рио Тин То”-гоор тэжээлгээд өндөр зардалтай Америкт тансаг амьдарч байгаа хүн. Өөрөөр хэлбэл газрын хэвлий дэх баялаг эзэмшигч ард түмний буянаар. 

Гэтэл Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ очоод надад ямар ч буруу байхгүй, бүгд намайг гүтгэсэн гээд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг “дүүжил”-чихээд цав цагаан жигүүр дэлгэн одов. Ер нь бол Монгол Улсын хууль, хяналтын байгууллагаас буруутгаад байгаа зүйл байхгүй Б.Энхбаяр гэх хүн л гүтгээд байгаа аж. Эцэст нь одоо сул гишүүн болсон лайв хийнэ. Тиймээс найз нартаа төхөөрөмж авч гэж хэлсэн гэнэ. Найз нараасаа лайв хийх төхөөрөмж авч өг гэж гуйхдаа хүртэл туйлдан, энэ улсын төлөө зүтгэсэн юм байх. 

Үгүй дээ, дээрэмдэж авсан “Гэрэгэ” тауэрын 15 давхраас хаашаа явахаа төлөвлөж байгаад Оюутолгойгоос авсан 20 сая ам.доллароосоо чимхийг аваад дөрвөн тэрбум төгрөгөөр авсан аяллын машиндаа суугаад агаарын сайханд зугаалж яваа эр. Ийм л нөхдүүд нэг нэгнээ хэвлэл мэдээллээр яллаж сууна. 

Монгол Улсад цагдаа, тагнуул, прокурор, шүүх гээд бүхий л алба байдаг сан, тэд хаачаа вэ гэж өөрөөсөө асуух хүртэл хүмүүсийн ой тойнд хүрч байна гэдэг сайн нэвтрүүлэг байж таарна. Нөгөө талд Монгол Улсын шүүх энэ хөөрхийсийг хэлмэгдүүлэн яллаад байдаг юм уу, эсвэл улс төрийн захиалга байдаг юм уу хэмээн бодохын сацуу олон нийт хууль, хяналтын байгууллагад итгэх итгэл алдарч байгааг нуух юун. Энд сэтгүүл зүйг буруутгаад байгаа хэрэг биш. Гагцхүү өндөр дээдэс маань ийн сэтгэгдэл нэгэнт төрүүлэхээр санаанд багтамгүй зүйл ярьдаг. Тэдний ярьж байгаа идсэн уусан мөнгөний тоо гэхэд л цалингаасаа өөр мөнгө тоолж үзээгүй шахам мань мэтийн төсөөлөлд ч буухгүй. 

Нөгөө талд Төрийн өндөр дээд алба хашиж, аль аль нь хууль хүчний байгууллагын толгойг томилж, шударга Төр ярьж явсан эрхмүүд маань олны индэр дээр гарч ирээд хууль, хяналтын байгууллагаа гамгүй буруутгана. Өөрсдөө бий болгосон бүтэц л энд ажиллаж байгаа биз дээ. Үүний зэрэгцээ мөр зэрэгцэн их улс төрд явж байсан нөхдөө хүний адаг, хөхүүрийн бөглөө болгож, санаанд багтамгүй их мөнгө идэж уусан хэмээн ярихаар олон нийтийн Төрд итгэх итгэл алдарч байна. 

Эцэст нь хэлэхэд Монгол Улсын хууль, хяналтын байгууллагад сэтгүүл зүйн арми маш олон ажлыг хийж өгч, шүгэл үлээж байхад ажлаа хий л гэж хэлмээр. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга гээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж, Төрийн нууц хэлэлцэж байсан эрхмүүд олны индэрт барин тавин ярьж байгаа нь хөдөлшгүй баримт гэж бодно. Үүний мөрөөр орж шалгаад буруутайг буруутгаж, буруугүйг цагаатгаж, гүтгэснийг нь шийтгэхэд л болчихно.

С.Данзан 
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.